“Дуэль” клубийн дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн туялзуур сэлмийн спорт Монголд хөгжсөн цагаас хичээллэсэн. Тэрбээр 2013 онд БНХАУ-ын Шанхайд зохион байгуулсан Азийн АШТ, Унгарын Будапештэд болсон ДАШТ-д хүнд сэлмийн төрөлд анх удаа оролцохдоо дэлхийн шилдэг сэлэмчдийн авьяас, ур чадварыг харж судалсан гэдэг. Дараа жил нь ОХУ-ын Казань хотод ДАШТ болоход багийнхантайгаа туршлага багагүй хуримтлуулж, техник, тактикт анхаарал хандуулах болжээ. Уг спорт өндөр хөгжсөн орнуудын сэлэмчдээс суралцах зүйл манай тамирчдад их байв. Монголын туялзуур сэлмийн холбоо хойд хөршийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Ровнягийг урьж, багш дасгалжуулагч, өсвөрийн тамирчин бэлтгэх зорилготой хоёр жил хамтран ажилласнаар ур чадвар нь өмнөхөөсөө ахижээ. Түүнээс гадна Японы Амори мужтай Токиогийн олимпын наадмын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж, тамирчидтай нь бэлтгэл хийсэн нь үр дүнд хүрсэн байна. Холбооныхоо шилдэг дасгалжуулагчаар 2018 онд шалгарсан түүний шавь нар өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр тэргүүлж “Шилдэг клуб” цомын эзэн болжээ.
-Туялзуур сэлмийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д амжилт гаргасан шавь нараа хараад баярлаж догдлов уу?
-“Дуэль” клубт 2015 оноос хичээллэсэн шавь нар маань тус тэмцээнд амжилттай оролцож, анх удаа том шагнал гардлаа. Би 2012 онд оюутан байхдаа туялзуур сэлмээр хичээллэсэн. Тэр үед бэлтгэл хийж, тэмцээнд оролцохын хажуугаар тамирчид бэлтгэн, дасгалжуулагчаар ажиллах нь эхэндээ амаргүй санагддаг байв. Одоо ажил гарт хэдийн орж, шавь нараа тэмцээнд хэрхэн бэлтгэж оролцуулах талаар мэддэг болсон. Цар тахлын улмаас тэмцээн зохион байгуулаагүй удсан тул тамирчид нэгнээ санаж, үгүйлсэн байна. Сэлмийн харших чимээ, тамирчдын сэтгэл хөдөлгөсөн үйл явдал хөглөж, урам өглөө. Туялзуур сэлмийн холбоо насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэ сарын 24-25-нд, 2022 оныхыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай холбоо тамирчдынхаа тэмцээнд гаргасан амжилтаар чансаа тогтоодог юм. Чансааг тэргүүлэх эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчныг сонгож, олон улсын тэмцээнд оролцох эрх олгодог. Гадаад болох томоохон тэмцээнүүдийг зуны улиралд зохион байгуулдаг. Насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх зургаа, ДАШТ долдугаар сард болно. Хүмүүсийг аялан, зугаалж байх үед сэлмийн тамирчид амрах завгүй хөдөлмөрлөдөг.
-Тэр үеийг бодвол олон тамирчинтай болжээ. Клуб байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Монголын туялзуур сэлмийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр 2014 онд Б.Батхүү бид хоёрт клуб үүсгэн байгуулж, тамирчид бэлдэхийг санал болгосон юм. Түүний санал таалагдаж, дуртай зөвшөөрөхөд холбооноос дэмжин, онооны самбар, тулааны зам, хувцас, бусад хэрэглэл материал гаргаж өгснөөр “Дуэль” клубээ байгуулж байлаа. Тэр үед бид сургуульд суралцахын зэрэгцээ зав гарган бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байв. Аливаа зүйлийг эхлэхэд амаргүй л байдаг. Бид зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж, клубээ өнөөгийн түвшинд хүргэсэн. Одоо тамирчдаа дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцуулахыг хичээж байна. Энэ спортод техник чухал тул шавь нартаа суурийг сайн тавьж өгөхийг анхаардаг.
-Унгарын Будапештэд болсон ДАШТ-д анх оролцсоныг тань санаж байна. Тэндээс олон зүйлийг харж, ойлгов уу?
-Би тэр жил БНХАУ-ын Шанхайд болсон Азийн АШТ-д анх оролцсон юм. Олон улсын тэмцээнд өрсөлдөж үзээгүй надад бусдаас харах, сурах зүйл их байв. Азиас Хятад, Япон, БНСУ-д сэлмийн спорт өндөр хөгжсөнийг тамирчдынх нь ур чадвараас харсан. Тэдэнтэй нэг хэсэгт орж, тулалдсан маань туршлага хуримтлуулахад их нөлөөлсөн. Тэндээс ирснийхээ дараа Унгарын Будапештийг зорьсон. Азийн АШТ-д надтай өрсөлдсөн тамирчид ДАШТ-д оролцохоор ирсэн байлаа. Олон улсын туялзуур сэлмийн холбоо тэмцээнийг хэрхэн өндөр түвшинд зохион байгуулдгийг, мөн тамирчдын харилцаа, биеэ авч явах соёл, дасгалжуулагчдынх нь бэлтгэсэн байдал, тэмцээн үзэхээр ирсэн үзэгчдийн уур амьсгал гээд олон зүйлийг хараад бахархсан. Миний хувьд 2013 он хилийн дээс алхаж нүд тайлсан, бусдаас туршлага судалж, суралцсан жил байлаа.
-Та 2014 онд амрах завгүй ажиллажээ. Хичээлдээ явах, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох, тамирчдаа дасгалжуулах гээд цаг хугацааг анзаарах сөхөөгүй урагшилсан байна.
-Тийм ээ, надад тэр үед амрах зав гараагүй. Би МУИС-д эдийн засаг маркетингийн чиглэлээр сурдаг байсан. Сурахын хажуугаар туялзуур сэлмээр хичээллэсэн. Улаанбаатарт туялзуур сэлмийн үйл ажиллагаа явуулдаг ганц клубт бэлтгэл хийдэг байв. Заримдаа өдөр хэрхэн өнгөрч байгааг анзаарах завгүй гүйнэ. Олон ажил амжуулахаар өглөө гараад, орой гэрийн бараа хардаг байсан ч хичээлээ таслахгүйг хичээнэ. Б.Батхүү найз минь Орхон аймгийн “Хангарьд” клубт туялзуур сэлмийн дасгалжуулагчаар ажилладаг. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөж, арван жилийн болон их сургуульд хамт сурсан. Би клубийнхээ маркетингийн асуудлыг хариуцдаг. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй ч алхам тутамд хэрэг болдог юм.
-ОХУ-ын Казань болсон ДАШТ-д хойд хөршийнхөн нутгийнхаа дэвжээнд ихэнх медалийг авсан санагдах юм.
-ОХУ туялзуур сэлмээр дэлхийд тэргүүлдэг орны нэг. Сэлмийн шигшээ багийн тамирчид нь өндөр ур чадвартай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл хийдэг. Тус хотод болсон тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй сэлэмчид багаараа оролцсон. Манай улсад энэ спорт 2009 оноос хөгжиж эхэлсэн. Гадаадынхан 15 жил хичээллэж, амжилт гаргадаг спортоор дөрвөн жил хичээллээд тэмцээнд оролцох асар ялгаатай. Өсвөр наснаасаа олон тэмцээнд оролцож арвин туршлага хуримтлуулсан тэднээс бид ур чадвар, техник, тактикаар дутуу байлаа. ДАШТ-д оролцох бүртээ ур чадвараа хөгжүүлэхийн тулд ямар зүйлд анхаарал хандуулахаа олж харна. Энэ нь нэг талаар ололт байв. Манайхан Казаниас ирэхдээ мэргэжлийн дасгалжуулагч урьж, текник сайн эзэмших хэрэгтэйг ойлгосон юм. Түүнээс хойш манай холбоо ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Александр Ровнягийг урьж, хамтран ажиллах санал тавьсан юм. Тэрбээр Монголд багш, дасгалжуулагч хийн, өсвөрийн тамирчин бэлтгэх гэрээтэй хоёр жил ажилласан.
-Хоёр жил бага хугацаа ч түүний удирдлагад бэлтгэл хийсний үр дүн гарсан биз?
-Түүний удирдлагад бэлтгэл хийсэн манайхны амжилт өмнөхөөсөө ахиж, 2017-2018 онд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-д оролцохдоо багаараа хэсгээсээ шалгарч, шилдэг 25-д үлдсэн. Бид түүнээс техникийн хэллэгүүдийг сурч, гадаадын тамирчид ямар арга барилаар тэмцээнд тулалдахыг харж, хоорондоо яриа өрнүүлдэг болсон. Орос багш биднийг Европын тамирчдын арга барилаар бэлтгэсэн. Тэрбээр 10 гаруй оронд урилгаар ажилласан туршлагатай дасгалжуулагч. 1996 онд Атлантагийн олимпын наадамд улсынхаа шигшээ багийг оролцуулахдаа алт, мөнгөн медальд хүргэсэн амжилттай. Шавь нараас нь алдартай тамирчид төрсөн. Тэдний нэг нь Олон улсын туялзуур сэлмийн холбооноос “XX зууны шилдэг сэлэмчин” шагнал хүртсэн. Шавь нар нь өдгөө Европын орнуудад шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Бид хэлсэн, заасан бүхнийг нь уйгагүй тэмдэглэж авсан маань архив болж үлдлээ. Би энэ хүний заасан арга барилаар тамирчдаа дасгалжуулдаг.
-Mанайхан Японы сэлэмчидтэй хамтарсан бэлтгэл хийсэн байх аа?
-Тийм ээ, манай холбоо Японы Амори мужтай Токиогийн олимп хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Александр Ровняг багш биднийг хамтарсан бэлтгэлд хамрагдахад хамт явсан. Монголын тамирчид тэнд гурван жил хагас сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Улс бүрийн туялзуур сэлмийн тамирчдаа бэлтгэх техник өөр. Япончуудынх ч бас ялгаатай. Тамирчид нь украин дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаадаг. Азийнхан европын тамирчинтай тулалдахаа онцлог, давуу байдлаа харуулдаг. Дасгалжуулагчид нь ч гэсэн Европчуудаас техник, тактикийг нь судлан, тамирчдаа ямар арга барилаар бэлдэхээ олж хардаг. Европын сэлэмчид биерхүү. Азиас Хятадын тамирчид бие ойролцоо тул эн тэнцүү тулалддаг. Тэмцээнд өндөр тамирчинтай намхан сэлэмчин тулалдах нэг их асуудал биш. Үүнийг зөрүүг Азийнхан техникийн дасгалуудаар тэнцүүлдэг юм.
-Токиогийн олимпын наадамд улсынх нь шигшээ багийн тамирчид багаараа түрүүлж аваргаар шалгарсан. Япончууд өмнө нь ийм өндөр амжилт гаргасан бил үү?
-Токиогийн олимпод Азийн тамирчид өндөр амжилт гаргасан. Япон, Хонконгийн тамирчдаас анх удаа олимпын аварга төрлөө. Хонконгийн тамирчин хөнгөн сэлмийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Тухайн улсын сэлмийн хөгжлийг хөнгөн сэлмийн төрөл тодорхойлдог гэж европчууд ярьдаг. Тэгэхээр энэ улсад сэлмийн спорт хэрхэн өндөр түвшинд хөгжсөнийг тамирчных нь амжилт харуулж байна. Япончууд багийн тэмцээнд хасагдах шатнаас шигшээ наймд тунаж, медалийн төлөө тулалдаж тэргүүлсэн. Өмнөх олимпын наадмаас Японы тамирчид хоёр мөнгөн медаль хүртсэн. БНСУ-ын сэлэмчид өмнөх амжилтаа энэ удаа ахиулаагүй ч гурван медальтай нутаг буцав. Миний хувьд олимпын туялзуур сэлмийн тэмцээнийг телевизээр шууд дамжуулахад үзэгчдэд тайлбартай хүргэсэн. Энэ удаа аваргаар шалгарсан Японы тамирчид намайг 2013 онд Шанхайд Азийн АШТ-д оролцоход багаараа өрсөлдсөн. Эх орондоо зохион байгуулсан олимпод тэр бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тэгвэл европчууд хүнд, хөнгөн сэлмийн төрөлд тооцоолоогүй хэдэн медалиа Азийнханд алдсан юм. Тухайлбал, ОХУ-ын тамирчид амжилт тааруухан гаргаж, нэг төрөлд нь алтан медаль хүртсэн. Франц, италчууд мөн л санасандаа хүртэл тулалдаагүй. Цар тахлын хөл хорио олон улсын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлсөн тал бий.
-Та хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов?
-2018 онд Германы Лайпциг хотод болсон ДАШТ-д Монголоос ганцаараа оролцсон. Спорт өндөр хөгжсөн орны тамирчид 40-50 хүний бүрэлдэхүүнтэй багтай ирдэг. Тамирчдынх нь арын албыг олон хүн амжуулдаг. Дасгалжуулагчаас гадна эмч, сэтгэлзүйч, бариач, менежер, гэрэл зурагчин, санхүүгийн асуудал болон онгоцны тасалбар, тээврийн асуудлыг нь шийддэг, сошиал медиаг нь хариуцаж ажилладаг хүмүүс бий. Нүсэр багтай ирж оролцдог тэднийг хараад “Манай улс тамирчдаа тэмцээнд хэзээ ингэж оролцуулдаг болох бол” гэдэг бодол өөрийн эрхгүй төрдөг юм.
-Узбекистаны Ташкентэд Токиогийн олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлмийн тэмцээнд оролцсон Б.Амарзаяаг хараад манайхан хичээвэл Парисын олимпод өрсөлдөх боломж байна гэх бодол төрсөн шүү.
-Токиогийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Ташкентэд өнгөрсөн хавар болоход тэрбээр чамлахааргүй амжилт гаргасан. Цар тахлын хөл хориотой байх үед холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар түүнийг оролцуулахын тулд маш сайн ажилласан. Б.Амарзаяа хэсгээсээ шалгарч, хасагдах шатны хоёр ч тэмцээнд ялж, медалийн төлөө тулалдахаар шалгарсан. Хагас шигшээгийн тулаанд ялагдаж, хүрэл медаль хүртсэн юм. Хэрвээ түрүүлсэн бол Токиогийн олимпод өрсөлдөх байв. Түүний амжилт бидэнд урам өгч, хойшдоо олимпын тэмцээнд оролцох боломж байгааг харуулсан.
-Монголчууд хүнд сэлмийн төрөлд оролцдог. Бие, сэтгэхүйн онцлогт нь илүү тохирдог юм болов уу?
-Туялзуур сэлэм олимпын наадмын тэмцээний төрөлд анх багтсан цагаас өнөөг хүртэл хөгжсөн. Тулааны спортын төрлүүдээс хамгийн эрсдэл багатай. 2014 онд дэлхийн аюулгүй спортын төрлүүдийг туялзуур сэлэм тэргүүлсэн. Тухайн тамирчнаас, хурд, хүч, ухаан, ур чадвар, техник, тактик, тооцоолон бодох овсгоо самбаа их шаарддаг. Баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулж, орон зайн мэдрэмжийг хөгжүүлэн нүдний харааг сайжруулдаг тул “Биеэр тоглодог шатар” хэмээдэг. Хүч, бяраас илүү хөлийн ажиллагаа, техник сайтай бол өрсөлдөгчөө ялдаг. Туялзуур сэлэм хүнд, хөнгөн, илд гэсэн гурван төрөлтэй. Монголын тамирчид хүнд сэлмийн төрлөөр хичээллэдэг. Сэлмийн спорт анх үүсэхдээ хүнд төрлөөр хөгжсөн. Хөнгөн, илд нь хэсэг хугацааны дараа нь төрөл болж нэмэгдсэн. Монголд ирэх жилээс илд сэлмийн төрөлд дасгалжуулагч, тамирчид бэлтгэхээр төлөвлөж байгаа. Хүнд сэлмийн төрөлд тулалддаг тамирчин өрсөлдөгчийнхөө биеийн бүх хэсэгт хүрэх боломжтой. Тэгвэл хөнгөн сэлэм нь зөвхөн бүсэлхийнээс дээш цээжин хэсэгт хатгах дүрэмтэй бол илд нь цээжин хэсэгт цавчиж, зөвхөн сэлмийнхээ үзүүрээр хүрч оноо авдаг.
-Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдийнхээ дуртай спортыг дэмжиж, сонирхож хичээллэдэг болсон байна.
-Монголд туялзуур сэлмийн Азийн АШТ-ийг зохион байгуулснаас хойш хүмүүс нэлээд сонирхох болсон. Багаасаа хичээллэж, амжилт гаргадаг тул хүүхдүүдийг зургаан настайд нь сонгож авах тохиромжтой. Өсвөр насныхны тэмцээнийг гэр бүлийхэн нь дэмжиж үзсээр байгаад үнэнч хөгжөөн дэмжигч нь болдог. Сэлэм бариад тулалдах нь монгол эрчүүдийг огшоодог тул их сонирхдог. Энэ спортын дэгжин, гоёмсог хувцас, хэрэглэлд татагдаж хичээллэсэн эцэг, эх сонирхогчдын ангилалд бий. Улаанбаатарт тав, орон нутагт гурван клуб үйл ажиллагаа явуулж, тамирчид бэлтгэж байна. Дорнод аймагт саяхан шинэ клуб нээлээ. Хувийн хэвшлийн сургуулиуд сурагчдынхаа хичээлийн хөтөлбөрт сэлмийн спортыг оруулсан. Би “En¬glish Mongolia”, “Сэлбэ” сургуулийн сурагчдад сэлмийн хичээл заадаг. Бид аймгуудийн Биеийн тамир, спорт хорооны удирдлагатай хамтран ажиллаж, клуб байгуулахаар зорьсон. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймагт төмөр зам түшиглэж хөгжүүлэхээр хичээж байна.