Долдугаар сарын 17-24-нд зохион байгуулсан, олон улсын математикийн 62 дугаар олимпиадаас алтан медаль хүртсэн А.Нямдаваатай ярилцлаа. Тэрбээр Монголын мэдээлэл зүй, физик, математикийн олимпиадын алт, мөнгөн медальтай бөгөөд “Сант” сургуулийг энэ жил төгссөн юм байна.
-Хэддүгээр ангиасаа тооны хичээл гүнзгийрүүлэн судалж эхэлсэн бэ. Мэдээлэл зүй, физикийн дотоодын болон олон улсын олимпиадад оролцож байжээ?
-Би 1-5 дугаар ангидаа “Соёмбо” бага сургуульд суралцсан. Нэгдүгээр ангиас л “Соёмбо”-ын багш нар маань тооны хичээлд сайн, амжилт гаргах боломжтой хүүхдүүдийг сонгон, дотоод, гадаадын уралдаанд бэлтгэж эхэлсэн. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад дөрөв, математикийнхад хоёр удаа оролцсон. Мөн улсынхаа физик, мэдээлэл зүйн олимпиадын алт, математикийн мөнгөн медальтай.
-Олон улсын математикийн олимпиадаас энэ жил алтан медаль авсан хоёр монгол хүүхдийн нэг нь болжээ. Тооны хичээлд дурлан, бодлогоо сайн бодож сурахад юу нөлөөлсөн бэ?
-“Соёмбо” сургуульд хамт сурч байсан Б.Мишээл (өнгөрсөн жил алтан медаль авсан) бид хоёр олон улсын математикийн олимпиадаас алтан медаль авснаас харахад бага сургуульд л бидэнд тооны хичээлийн суурийг сайн тавьж өгч. Тоо, бодлогыг би дотроо зураглал гарган, холбоосыг нь хөөж бодох дуртай. Зарим тэгшитгэлтэй “зууралдах” сонирхолгүй байдаг ч хариуг нь зөв олоход урамтай. Өөрөөр хэлбэл, тоо бодох үйл явц биш үр дүн нь надад сэтгэл ханамж төрүүлдэг.
-Сүүлийн хоёр жилд олон улсын олимпиадуудыг онлайнаар зохион байгуулжээ. Тэдгээрт хэрхэн оролцуулсан бэ?
-Ахлах ангийнхны математикийн олимпиадад улс бүрээс зургаан хүүхэд оролцдог. Онлайнаар зохион байгуулах үед бид камерын хяналттай нэг өрөөнд, хоорондоо зайтай сууцгаан тоогоо боддог. Энэ жил хоёр өдөр, өдөрт гурван бодлогыг таван цагт багтаан бодсон. Бидний бодолтыг Монголын математикийн олимпиадын хорооныхон орчуулж, хувилан, зохион байгуулагч улс руу илгээсэн. Хүүхдүүдийн бодсон арга, бодолтын талаарх тайлбар зэргийг ч орчуулж явуулсан гэсэн үг. Нэмж хэлэхэд, энэ удаагийн олимпиадад математикийн хичээлээр оролцогчдоос 12 хүүхэд алт, 20 гаруй нь мөнгө, хүрэл медаль авсан. Нийт 42 оноо авахаас БНХАУ-ын нэг оролцогч оноогоо бүрэн авсан гэсэн. Би 30 оноо авч, алтан медалийн болзол хангасан. Чадвартай хэдэн ч хүүхдийг шалгаруулж, медаль өгдөг нь олон улсын олимпиадын зарчим.
-Математикт аль улсын хүүхдүүд авьяастай вэ. Хүчтэй өрсөлдөгч гэвэл хаанахын оролцогчдыг хэлэх бол?
-Өндөр хөгжилтэй АНУ, БНСУ, БНХАУ-ын хүүхдүүд физик, мэдээлэл зүй, математикийн хичээлдээ сайн, олимпиадад амжилттай оролцдог. Манай орны хүүхдүүд ч сүүлийн үед сайжирч, олон улсаас медаль авах нь нэмэгдсэн.
-Өдөрт төдөн цаг, тийм даалгавар гүйцэтгэнэ гэж төлөвлөдөг үү. Аав, ээж, багш нар нь ямар шаардлага тавьдаг вэ. Тоо сайн бодоход төрөлхийн авьяас, уйгагүй зүтгэл хэрэгтэй байх?
-Аав, ээж намайг шахаж, ийм бодлогыг, тийм хугацаанд бод гэж ер хэлдэггүй. Би өөрийн тааваар бодож, хичээлээ хийдэг. Магадгүй намайг шахаж шаардаад эхэлбэл юу ч хийхгүй байж мэднэ. Гэхдээ нэг бодлогын учрыг олж, тэгшитгэлийн “ард гарах”-аар төвлөрөөд суувал хэдэн ч цаг зарцуулж чаддаг. Гадаад хүүхдүүдтэй бодлогынхоо талаар ярилцахад цагийн зөрүүнээс шалтгаалан шөнөжин унтахгүй байх тохиолдол ч бий. Тоо бодох, ер нь ямар ч ажлыг сайн хийж сурахад тууштай чанар л хэрэгтэй болов уу. Төрөлхийн авьяастай, эсвэл тухайн хичээлд дуртай, сонирхолтой байх, эсэх нь чухал биш байх. Олон улсын олимпиадуудад амжилттай оролцогчид эхний үедээ, бага ангидаа мэдлэг муутай л байсан шүү дээ. Тууштай хичээллэсээр тухайн хичээлдээ сайжирсан.
-Олон улсын олимпиадад оролцогчдоо Монголын математикийн олимпиадын хорооныхон бэлтгэдэг үү. Хаана хичээллэдэг вэ?
-Монголын математикийн олимпиадын хороо янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, олон улсын олимпиадад оролцох хүүхдүүдэд чиглэл, зөвлөмж өгдөг. Энэ жил, ийм төрлийн бодлого бодуулах магадлалтай гэх мэтээр бидэнд хэлж, заримыг нь бодох арга, аргачлалыг заадаг. Бусдаар бол хүүхдүүд бие даагаад бэлтгэлээ хийгээд явдаг. Гол төлөв англи хэлээр хэвлэгдсэн сургалтын материал, ном ашиглан боддог. Коронавирусийн улмаас сүүлийн хоёр жил танхимаар хичээллээгүй нь надад лав ашигтай байлаа. Би төвлөрч суун, тоогоо бодоход багагүй цаг зарцуулсан.
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн юм байна. Ямар мэргэжил сонгох вэ. Хаана суралцах юм?
-Би Сингапурын үндэсний их сур_гуулийн урилга авсан. Мэдээлэл зүйн чиглэлээр суралцахаар төлөвлөсөн. Компьютерын мэргэжилтэн болно.
-Яагаад компьютерын инженер болохоор шийдэв?
-Математик надад мэдээлэл зүй болон физикийн бодлого бодох суурь болсон байх. Тооны хичээлээ сонирхон, гүнзгийрүүлж судалсан нь тооцоолон бодох чадвараа дээшлүүлж, ялангуяа компьютерын программ хангамжийн чиглэлээр мэргэшихэд дөхөм болно. Ер нь урт хугацаанд, ямар ажлыг би залхахгүй хийж чадахаа бодолцон компьютерын мэргэжилтэн болохоор шийдээд байна.
-Олон улсын тэмцээнүүдэд цөөнгүй оролцож байжээ. Очиж байсан улсаас нь хамгийн их таалагдсан нь ямар орон бэ?
-Гуравдугаар ангиасаа л олон улсын олимпиад болон бусад тэмцээнд оролцохоор ийш, тийш явж эхэлсэн. Цөөнгүй улсад очиж байсан ч хамгийн их таалагдсан нь Тайвань, Тайланд.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Ямар спорт, ямар хамтлаг, хөгжим сонирхдог вэ?
-Багадаа шатрын клубт хамрагдан, шатар тоглодог байсныг эс тооцвол сонирхдог спорт байхгүй гэхэд болно. Чөлөөт цагаараа компьютер тоглоом тоглодог. Дуртай хамтлаг, дуучин, спортын алдартан ч бараг алга. Гэхдээ хамгийн их сонсдог нь АНУ-ын “I dont know how but they found me” хамтлаг юм байна.
-Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, Сингапур улс руу оюутан болоод явах нь. Олон орны оюутнуудын өмнө улсаа төлөөлнө гэж хэлж ч болно. Монгол хүний ийм чанар, тийм давуу талыг мэдрүүлнэ, хэн гэдгээ харуулна гэдэг ч юм уу бодол байна уу. Сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ?
-Сургуулиа төгссөний дараа хаана ажиллаж, амьдрахаа шийднэ. Монгол Улсын онцлог, давуу талыг харуулна гэдэг ч юм уу, монгол хүн ийм чадвартай, тийм мундаг гэж би сурталчилж чадна гэж үү. Зүгээр л өөрийнхөөрөө байж, биеэ зөв аваад явна. Ташрамд хэлэхэд, нэгдүгээр ангид орсон цагаас өдий хүртэл надад хичээл заасан, математик, физик, мэдээлэл зүйд амжилт гаргахад тусалсан бүх багш, Монголын математикийн олимпиадын хорооныхондоо баярлаж талархсанаа илэрхийлье.