Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутолгой” компанийн нэхэмжлэлээр үүсгэсэн, Лондоны олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцлээ. Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн саналыг үндэслэн “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” компанийг маргааны оролцогч тал болгож, манай Засгийн газраас сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжив. Мөн Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад эрхийг нь олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Тодруулбал, “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудлыг сөрөг нэхэмжлэлд багтаах аж.
“Оюутолгой” компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж, холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож, төлөөгүй гэсэн МХЕГ-ын шийдвэртэй холбоотойгоор “Оюутолгой” компани Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Манай Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний дотор үүнд хариу тайлбар гаргах хуваарьтай байсан. Гэвч 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн, татварын шинэ акттай холбоотойгоор “Оюутолгой” компани нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар хариу тайлбар гаргах хугацааг энэ сарын 30 болгожээ. Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн дээрх хуулийн фирмтэй тогтмол харилцан, хариу тайлбарыг үндэслэлтэй, сайн гаргахаар бэлтгэж буй аж.