ЭМЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т амьсгал дэмжих, уушги орлуулах 11 аппарат нийлүүллээ. Тодруулбал, “Drager V600” маркийн долоон ширхэг амьсгалын, “Pulmo vista 500” брэндийн, уушги орлуулах дөрвөн аппарат хүлээлгэн өгөв. Тус аппаратууд нь амьсгалын хүнд хэлбэрийн болон уушгины дутагдал, хатгалгаа өвчний үед эрхтэн орлуулах эмчилгээг өндөр түвшинд үзүүлдэг, сүүлийн үеийн, эдэлгээ сайтай технологи аж. Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр тус эмнэлгийнхэн гуурсан хоолойн багтрааг эмчлэх 21 ширхэг тоног төхөөрөмжийн иж бүрдэл худалдан авч, үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна. Коронавирусээс сэргийлэх бэлэн байдлыг хангах хүрээнд УГТЭ нь эрчимт эмчилгээний 50, тусгаарлан эмчлэх 200 ор дэлгээд байгаа аж. Одоогоор тэд “Ковид-19”-ийн тусгаарлалт, эмчилгээ хийгээгүй ч цар тахлын үеийн эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй гэнэ. Тэр дундаа уушги, зүрх, судас, мэдрэл, тархины харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээ, хагалгааг улсын хэмжээнд тасралтгүй үзүүлсээр байна.