“Нисдэг, хаздаг хар хорхой зусланд олширчээ. Оройн цагаар идэвхждэг учир бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд сэрэмжтэй байгаарай”. “Гэр хороолол гэлтгүй хотын төв хэсэгт хар хорхой ихэслээ. Шөнө орцны гэрэлд багширч байна”. “Нялх хүүхдийн минь өрөөнөөс том хорхойнууд гарч ирлээ. Орой салхивчаа нээлтгүй”. Хар хорхой нэртэй нэг “нөхөр” нийслэлчүүдийг сандаргах болсноор цахим сүлжээнд ийм мэдээлэл олшров. Дөрвөн настай хүүхдийн чих рүү хар хорхой орж, өндөглөсөн гэсэн мэдээлэл түгж, эцэг, эхчүүдийг түгшээгээд буй. Өнгөрсөн жилүүдийн өдийд ч хар хорхойн нүүдэлтэй холбоотой яг иймэрхүү мэдээлэл гарч байсан юм. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Гантигмаагаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Ярианы сэдэв болоод буй энэхүү шавж “хэн” гэдгийг хэлж өгөөч?
-Ойрын үед хот сууринд элбэгшиж, орон сууцанд ч үзэгдэх болсон хар өнгөтэй шавжийг шинжлэхэд үр тарианы жийгээ цох (harpalus brevicornis germar, 1824) болох нь тогтоогдсон. Энэ нь өргөн тархсан цох бөгөөд Монголд анх 1963 онд Богдхан уул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Бороогийн гол орчмоос илрүүлэн бүртгэсэн байдаг. Одоогийн байдлаар 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан байна. Манай оронд 3200 гаруй зүйлийн цох бий. Үүнээс хэчнээн нь хот орчимд нутагладгийг нарийвчлан тогтоосон судалгаа хомс.
-Энэ цох сүүлийн жилүүдэд олширсон шалтгаан нь юу вэ?
-Амьдрах орчин нь хумигдсантай холбоотой байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, хотжилт эрчимжиж, суурьшлын бүс тэлсний хэрээр амьдрах орчин нь хумигдаж, багахан газарт үй олноор суурьших нөхцөл бүрдсэн байх боломжтой.
-Сүрэглэн нүүдэллэдэг гэдэг нь ч эргэлзээтэй байх нь ээ?
-Энэ тухай тодорхой баримт одоогоор алга. Богдхан уулаас суурьшлын бүс рүү нүүсэн үү, эсвэл хотын хөрсөнд орогнож байтал амьдрах орчинд нь тэсвэрлэшгүй өөрчлөлт (хэт халалт гэх зэрэг) гараад, нүхнээсээ дайжсан уу гэх зэрэг олон асуулт бий боллоо. Үүнийг тодруулахад судалгааны тусгай арга зүй, багаж хэрэгсэл, цаг хугацаа, боловсон хүчин шаардлагатай. Манайх цөөн судлаачтай учраас Монголд бүртгэгдсэн 13 мянга гаруй зүйлийн шавж, тэр дундаа 78 овгийн 3200-гаад зүйл цохны амьдрах орчин, зан төрх, байгаль орчин, хүн, амьтанд учруулах нөлөөллийг нэгбүрчлэн судлах боломж үнэхээр хомс.
-Жийгээ цох хүний чих рүү орох “сонирхолтой” юу. Ер нь ямар аюултай вэ?
-Бороо хур ихсэж, халуун болоход цох олноор үзэгддэг. Энэ үед хүний чихэнд хорхой орсон тухай яриа гардаг. Хэлбэр хэмжээ, онцлогоосоо хамааран чих рүү орох боломжтой, хар хорхой гэж эндүүрэгддэг хэдэн зүйл цох, аалз, шоргоолж, хачиг, жоом зэрэг сээр нуруугүйтэн бий. Түүнээс биш хүний чих рүү ордог, үүрлэдэг онцлогтой шавж үгүй. Жийгээ цох гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд өндөглөх эрсдэлтэй учраас энэ үед ахуйн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Үүнээс өөр биологийн хор хөнөөл байхгүй.
Иргэд ийм, тийм амьтан олширлоо, устгая гэж шуугихаасаа илүүтэй тэдгээрийн онцлогийг танин мэдэж, хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Нобелийн шагнал хоёронтоо хүртсэн эрдэмтэн Мари Кюри “Энэ ертөнцөд айдас төрүүлэх зүйл юу ч үгүй. Зөвхөн танин мэдэх хэрэгтэй” гэсэн. Жийгээ гэлтгүй өөр олон төрөл, зүйлийн цох, шоргоолж, эрвээхэй, зөгий, бясаа, бөөс, ялаа зэрэг шавж бидний эргэн тойронд оршиж, экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг.