Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, утаагаа бууруулахын тулд орон сууцын олон хороолол барих болсон. Гэвч чанар, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахдаа барилгын компаниуд тааруу, байнга хэл ам таталж байдаг билээ. Муугийн жишээ болж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичдэг тийм компани бол “Эко констракшн”. Тус компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, захирал С.Нямдавааг нь яллагдагчаар татсан талаар бид өмнө нь нэг бус удаа мэдээлсэн. Хан-Уул дүүргийн нутагт “Эко констракшн” компанийн барьж буй барилгад гарсан нэг бус осолтой холбогдуулж түүнийг болон тус компанийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарыг яллагдагчаар татаад байсан юм.
Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сарын 21-нд тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг тухайн үед хэвлэлд мэдээлж байв. Түүнээс сар гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд дээрх хорооны нутагт “Эко констракшн”-ы барьж буй “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчин О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэг гарсан билээ. Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн дээрх албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амийг хохироосон” гэсэн үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дууссан байна. Улмаар тус дүүргийн Прокурорын газарт дээрх хүмүүст холбогдох хэргийг хянаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй гэнэ. Гэхдээ “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар тооцоод байсан тогтоолоо хүчингүй болгосон гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Хүмүүсийн хардаж буйгаар “Эко констракшн”-ы С.Нямдаваа нь улс төрд нөлөө бүхий хүмүүс болон хууль сахиулах байгууллагын удирдлагатай ойр дотно нөхөрлөдөг, заримтай нь үндэсний спортын нэгэн холбоогоор нэгддэг нь ийнхүү хэргээс мултрахад нөлөөлсөн хэмээв. Гэхдээ шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтээр бол түүнийг яллах хангалттай баримт үгүй учраас яллагдагчид ашигтай байх зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд гарсан барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол, дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдгийг НМХГ-ынхан мэдээлж байсан.
Гэвч удаа дараа осол гаргаад буй тус компанийн холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж байсан нь цөөн. Харин уг компанийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.1-д заасан “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэснийг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн зааварт заасан “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын дотор Цахилгаан дамжуулах шугам сүлжээний газрын албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно” гэснийг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2-ын “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” заалтыг зөрчсөнөөс хүний амь хохирсон гэх зэрэг үндэслэлээр буруутгасан байна.
Уг нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.17 дахь хэсэгт “Краны сумны хөдөлгөөнт хэсэг 42 В-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын захын утаснаас газар хүртэл босоо хавтгайд 30 м-ээс ойр зайд ойртох тохиолдолд аюулгүй нөхцөлийг тодорхойлсон зөвшөөрөл-нарядыг хавсралтын дагуу бүрдүүлсний дараа ажиллуулна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед зөвшөөрөл-наряд олгох ба ажилчдад зааварчилга өгөх журмыг кран эзэмшигч, эсвэл ажил гүйцэтгэгчийн тушаалаар гүйцэтгэнэ. Ажил эхлэхийн өмнө кранчинд зөвшөөрөл-наряд олгоно. Кранчин замын хуудсанд бичигдсэн байсан ч, цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өөрийн дураар кран байрлуулахыг хориглоно. Кранаар цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллахдаа ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь кран байрлуулах газрыг тодорхойлох, зөвшөөрөл-нарядад тусгагдсан ажлын нөхцөлийн биелэлтийг хангуулах, кранчийн ээлжийн дэвтэрт ажил эхлэх зөвшөөрлийг бичих ажлуудыг гүйцэтгэнэ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд зөвхөн түүнийг ашиглагч байгууллагаас олгосон зөвшөөрөл-нарядаар ажиллана” хэмээн заасан байдаг аж. Харамсалтай нь кранч ч, “Эко констракшн” компанийн удирдлага ч хууль, дүрэм, журмыг үл ойшоосноос болгоомжгүйгээр хүний амийг хохироосон хэрэгт холбогдон бүгдээрээ шүүгдэгчийн ширээнд суухаар болоод байна. Тус компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа