ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлттэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг байна. 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэг байна. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум доллар зарцуулж байна.
Ямар нэгэн арга хэмжээ авахгүй тохиолдолд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Урьдчилан тооцоогоор сонсгол бууралт, дүлийрэлтийн тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрэхээр байна.
Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх нь өрх гэр, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.
ХҮҮХДИЙН ЧИХ ӨВДВӨЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Үрэвсэл чихний хаана үүссэнээр нь эмнэлгийн ойлголтоор гадна, дунд, дотор чихний үрэвсэл гэж нэрлэнэ. Чихээр хатгаж өвдөх булагтах нь нярай, хөхүүл, бага насны хүүхдэд тодорхой шинж тэмдэггүй гэнэт шүүс, идээ гоожих шинжээр эхэлнэ. Нярай хүүхдийн чихээр хатгаж өвдөх нь нусгай, ханиад томуу, улаан бурхан, ягаан эсэргэнэ, төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос, дунд чихний үрэвсэл үүснэ гэж үздэг. Хамар залгиурын хоорондоо харьцдаг хоолой буюу хөндийг Евстахийн хоолой гэж нэрлэдэг. Энэ хоолойг тайлбарласан эмчийн нэрээр ингэж нэрлэжээ. Нярай хүүхдэд энэ хоолой өргөн бөгөөд богинохон болно. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сул учир үрэвсэж өвдөх нь бий. Том хүн хамраа чимхэж байгаад дүлэхэд чих нь сийгэж дуугардаг. Ингэж сийгэж дугардаг хамар залгиурын хоорондоо харьцаатай хөндий агааржиж байх ёстой. Агааржилт нь муудвал чих өвдөнө.
0-6 насны хүүхдүүдийн чих өвдөх, чихнээс булаг гарах тохиолдол олон гардаг. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой. Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж, шөнө их уйлж, халуурдаг, харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ.
Хамгийн гол нь хүүхдийнхээ чихний булгийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх, хуурайшуулах аргыг сурах ёстой. Түүнчлэн хүүхдийн чих өвдсөн тохиолдолд эмчийн заасан эмчилгээг бүрэн хийж тав хоногийн дараа эмчдээ дахин үзүүлнэ. Эмчилгээ дутуу хийснээс чихний өвчин архагшдаг. Чихнээс булаг гоожоод 14 хоногоос удсан бол чихний архаг халдвар гэж үзэх бөгөөд цаашид хүүхдийн сонсгол сулрах аюултай.Хүүхдийн чихэнд чихээс хийхдээ ус шингээдэг цэвэр, хөвөн материал буюу нягт зөөлөн цаасан эдээр чихээс хий. Ямар нэг наалдамхай эд буюу хэврэг цаасан эд чихэнд задарч бутрах тул хэрэглэж болохгүй.
Хүүхдийн чихэнд чихээсийг нортол нь байлгана. Нойтон чихээсийг сугалж аваад оронд нь шинийг хийнэ.
Чихээсийг хуурай болтол дээрх үйлдлийг давтах ёстой байна.