Хүн төрөлхтний сэдсэн нэгэн гайхамшиг бол яах аргагүй спорт. Орчин цагт спортын төрөл улам нэмэгдэж, өрсөлдөх талбар өргөжсөөр буй. Гэсэн ч алаг шир хөөдөг хөлбөмбөг шиг олон фанаттай нь үгүй гэхэд хилсдэхгүй. Энэ спортод тамирчдаас гадна хөгжөөн дэмжигчид албан бусаар өрсөлдөж, ана мана үзэлцдэг нь тэмцээнээс ч дутахгүй сонирхолтой байдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Фанатуудын өрсөлдөөн дэлхий дахинд үзэгдэл шахуу болсон эд. МЭӨ үед зугаацах зорилгоор сэдсэн нэгэн наадгай хожим хөлбөмбөг хэмээн нэрлэгдэж түмэн олныг нэгтгэж, бас талцуулдаг “шидийг” олжээ. Энэ бол спортын хүч юм. Тоглож буйгаасаа илүүтэй үздэг хэсгийнхэн нь догдолж, галзуурдаг эл спортын талаар, тэр дундаа “солиотой” фанатуудын тухай хачирхалтай баримтуудаас хүргэе.
- Англи “Будант Альбион” гэгдэх болсон нь цаг ууртай нь холбоотой. Харин хөлбөмбөгийн ертөнцөд “Будант Альбионы будлиан” гэсэн хошигнол байдаг гэнэ. Манан хөшилдөж, үзэгдэх орчин хэцүүдсэн үед тэмцээн будлиантах нь элбэг учраас тийнхүү хошигнодог аж. Шүүгчид ч, тамирчид ч юу хийж буйгаа ойлгоогүй жишээ олон байна.
Тухайлбал, Бэст Жорж нэгэн ярилцлагадаа “Би хэний хаалганд таван бөмбөг хийснээ үнэндээ сайн мэдэхгүй байсан. Ямартай ч тоглолтын туршид тэргүүлж явсан манай баг шувтаргын үед өрсөлдөгчтэйгөө оноо тэнцэж, 3:3 болсон байсан” хэмээжээ. Тэр тоглолт дуусахад талбайд багууд тус бүр 18 тамирчинтай үзэж тарсныг мэдсэн шүүгчдийн эрүү мултрах шахсан гэдэг. Энэ бол манан будангийн “тарьсан” будлиан.
- Английн хөгжөөн дэмжигчид жинхэнэ будлианы эзэн аж. Тэд үргэлж талцаж, нударга зөрүүлж, эд хогшил эвддэг нь жирийн үзэгдэл. Тус улсын нэгэн статистикт дурдсанаар хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн “галзуурлын” улмаас жил бүр дунджаар 40 сая фунт стерлингийн хохирол учирдаг гэнэ.
- Израильд хөлбөмбөгтэй холбоотой нэгэн хуулийн төслийг долоон жилийн хугацаанд 36 удаа хэлэлцсэн нь түүхэн “амжилт” аж. Бямба гаригт хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах тухай хуулийн эл төслийг өдгөө хүртэл шийдэж чадаагүй гэнэ.
- Хөлбөмбөгийн тэмцээн явуулахыг Афганистан, Камбож, Гренланд зэрэг зургаан улс хуулиараа хориглодог юм байна. Америкийн Юта мужийн хуулиар бол ийм төрлийн тэмцээнийг сүм хийдээс 2.4 км алс газарт зохион байгуулах ёстой.
- Дэлхийн хэмжээнд хөлбөмбөгийн тэмцээний үеэр үзэгчийн суудалд фанатуудын зүрх хаагдсан тохиолдол 220 бүртгэгджээ. Германы судлаачдын мэдээлснээр сүүлийн 20 жилийн хугацаанд 40 000 хүн хөлбөмбөг үзэж байгаад зүрхний шигдээс болж хорвоогоос хальсан гэнэ.
- Энэ спортын түүхэнд хамгийн урт хугацаанд болсон тоглолтоор Ирландын хоёр багийнх бүртгэгджээ. Тус улсын “Каллинаферси” болон “Керри” багийнхан 1981 оны наймдугаар сарын 1-3-ны хооронд үзэлцсэн гэнэ.
- 2005 онд болсон Английн цомын лигийн шувтаргын тоглолтыг түүхэнд хамгийн “шуугиантай” хэмээн тэмдэглэжээ. “Ливерпуль” багийн Риисе өөрийнхөө хаалганд гоол хийхэд хөгжөөн дэмжигчдийн уухайлан орилох чимээ шуугиан 130.7 децибелд хүрсэн учраас тэр. Эл “амжилтыг” Гиннес бүртгэсэн байна.
- Ботсван улсын үндэсний шигшээ хамгийн олон дасгалжуулагчийн нүүр үзсэн баг гэнэ. 28 жилийнхээ түүхэнд ганц ч удаа түрүү авч үзээгүй тус баг 50 гаруй дасгалжуулагчийн гар дамжжээ.
- Бразилд болсон нэгэн тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайд баахан шүхэрчид бууж, хөл, толгой нь олдохгүй юм болжээ. Салхинд туугдаж, буруу газарт буусан шүхэрчдийн нэг нь хаалгачийн толгой дээр бууж таарснаар хаалгандаа бөмбөг алдах гол шалтгаан болсон байна. Хамгийн хачирхалтай нь шүүүгчид эл бөмбөгийг тооцсон нь бөөн маргаан дэгдээжээ.
- 1969 оны арваннэгдүгээр сарын 3-нд Их Британид болсон тоглолтыг хамгийн сахилга батгүй, эмх замбараагүй хэмээн тэмдэглэжээ. Тотенхемийн залуучуудын “Суррей” болон Хантсын “Хау-ли” клубийн тамирчид цомын төлөө “араа шүдээ зэвсэглэн” үзэлцэж, бүдүүлэг авирлацгаажээ. Үүний улмаас зодоон болж, хэд хэдэн тоглогч эмнэлэгт хүргэгдэн, эцэстээ арбитрын шүүхэд хандахад хүрсэн байна. Шүүх хоёр багийн 22 тоглогчийг бүгдийг нь буруутган, шийтгэсэн гэнэ.
- Бразилд дан цагдаагийн алба хаагчдаас бүрдсэн хөлбөмбөгийн баг байсныг Дотоод хэргийн яамных нь шийдвэрээр татан буулгасан түүх байна. Учир нь тэр багийн тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэн хууль сахиулагч-хөгжөөн дэмжигчээр дүүрч, тэр хооронд танхайрагчид хотод дураараа дургиж, гэмт хэрэг өсөх болжээ.
- Польшийн Быдгощ хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нэгэн тэмцээнд өрсөлдсөн нэг багийн 11 гишүүн Осиньский гэдэг хүний 15-28 настай хөвгүүд байсан нь хамгийн найрсаг баг хэмээн түүхэнд бичигдсэн байна.
- Италийн Асти хотод зохион байгуулсан нөхөрсөг тэмцээний үеэр тус газрын “Маскио” хэмээх багийнхан ганц ч гоол хийгээгүй хэрнээ ёстой л од шүүрчээ. Багийн төвийн довтлогч нь эсрэг талынхаа хаалга руу бөмбөг өшиглөхдөө “байгаа” онолгүй газрын хөрсийг “хагалснаас” болж хөлөө гэмтээжээ.
Тэгтэл хөрсөн доороос бөмбөг шиг зүйл гарсан нь эртний хүний гавлын яс байсан гэнэ. Түүхэн үнэт олдвор “илрүүлснийхээ” төлөө “Маскио” багийнхан археологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн их хэмжээний мөнгөн урамшуулал хүртжээ. - Бразилын “Кальяри” клубийн хаалгач Пинейро өөрийн хаалганд хамгийн олон гоол хийсэн тоглогч юм байна. Зөвхөн ганц улирлын тоглолтын үеэр тэрбээр эсрэг багтаа 10 гоол “бэлэглэжээ”. Түүний 25 насны төрсөн өдрөөр багийнхан нь “Өрсөлдөгч эсрэг талд байдгийг санаж яв” гэсэн бичигтэй луужин бэлэглэсэн гэдэг.
- 1960-аад онд Италийн “Брешиа”, “Мантова” клубийн нөхөрсөг тоглолт эхлээд ердөө 38 секунд болоход анхны гоолыг “Брешиа”-гийн хамгаалагч Мацциа хийжээ. Түүний “амжилтыг” өөрийн хаалганд хамгийн богино хугацаанд хийсэн гоолоор бүртгэсэн байна.
- 1959 онд Германы Гельзенкирхен хотын аварга шалгаруулах тэмцээний нэгэн тоглолтод тамирчид “хэрэгслээ” андуурч гандболын бөмбөгөөр наадсан аж.
- Германы хөлбөмбөгч Ханс Мюллер ур чадвараасаа гадна хамгийн сахилга баттай, зөөлөн чихтэй тоглогч гэдгээрээ алдартай гэнэ. “Штутгарт” багтай 186 удаа тоглож, 65 гоол хийсэн тэр эр нэг удаа талбай дээр гэнэтхэн “уурлаж” шүүгчийг хоргоож хэрүүл өджээ. Мэдээж, үүнийхээ төлөө тоглолтоос хасагдаж, талбайгаас хөөгдөөд тэр даруйдаа хувцсаа солиод гарч гүйсэн гэнэ. Тэр өдөр мань эрийн хурим болох байсан ч клубийн эзэн нь чөлөө өгөөгүй учраас ийнхүү арга сэдсэн гэдгээ нэгэн ярилцлагадаа дурджээ.
- 1966 оны ДАШТ Англид болохоос гурван сарын өмнө буюу гуравдугаар сарын 20-нд ФИФА-гийн зөвшөөрлөөр аваргын цомыг Вестминстертэд зохион байгуулсан нэгэн арга хэмжээний үеэр сурталчилгаанд ашиглажээ. Тэгтэл цомыг хулгайлжээ. Английн цагдаагийнхан долоо хоногийн турш эрж хайсны эцэст нэгэн этгээдийг баривчилсан нь жинхэнэ хулгайч биш байв.
Тэрбээр “Цомыг Жердь авсан. Хэрэв намайг шоронд хорихгүй гэвэл түүний байгаа газрыг зааж өгнө” гэж гүрийжээ. Үүнээс хоёр хоногийн дараа Лондоны Норвуд дүүрэгт амьдардаг Дэвид Корбетт хэмээх эр цагдаагийн газар руу утастаж “Миний Пиклз нэртэй нохой бутан дундаас ДАШТ-ий алтан цом оллоо” гэж мэдээлжээ. Пиклз болон түүний эзнийг 6000 фунт стерлингээр шагнасан байна.