Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган боллоо

Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган өчигдөр болж, 400 гаруй хүн оролцлоо. “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд энэ удаагийн чуулганыг зохион байгуулж, залуу судлаачдын дэлхийд өрсөлдөх боломж, шинжлэх ухааны хөгжил зэрэг агуулгын хүрээнд эрдэмтэд илтгэлээ танилцуулсан
2024-05-15

Аюулт үзэгдэл, осолд 3098 хүн өртжээ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн оны эхний дөрвөн сард аюулт үзэгдэл, осол 1519 удаа бүртгэгдсэн бол энэ жил 369-өөр өсөж, 1888 болжээ. Үүний 59.4 хувь буюу 1123 нь объектын түймэр бол 13.8 хувь нь иргэд тээврийн хэрэгсэлтэй цас, шаварт суусантай холбоотой, 5.1 хувь нь төөрсөн, сураггүй болсон осол аж
2024-05-15

Бие даагчид мөрийн хөтөлбөрөө засаж хүргүүлэв

УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн 77 хүний наймынх нь материалд засвар хийлгэхээр буцаасан байсан. Тэгвэл тэдний мөрийн хөтөлбөртөө засвар хийж, хуульд нийцүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Манай сонины дугаар шилжих мөчид долоон бие даагч мөрийн хөтөлбөрөө ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу засаж, дахин хүргүүлсэн байлаа. ҮАГ-аас тэдний материалыг хянаад энэ сарын 26-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх юм. 
2024-05-15

Нэг сонгогч-нэг санал өгөх хяналт бүрдүүлэхийг хүслээ

АН, МУНН, МСДН, Монголын хүний төлөө зэрэг улс төрийн намынхан хамтран СЕХ-нд сонгуулийн үеэр гарч болзошгүй луйвар, булхайг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа өчигдөр хүргүүллээ. Тэд өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхай, луйврын тухай гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм зөрчлийг дахин давтуулахгүйн тулд ямар шийдэл хэрэгжүүлэх тухай санал боловсруулсан юм байна. АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулах зорилготой ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “2020 оны сонгуулийн дараа ТЕГ-т 202 гомдол, санал ирүүлсэн юм билээ. Гэвч хэрхэн шийдвэрлэж, хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Нэг сонгогч нэг л удаа санал өгдөг байх хяналтыг бий болгох хэрэгтэй. Тиймээс хурууны хээгээ уншуулсан хүн өөр хэсгийн хороонд дахин санал өгөх гэж оролдвол таньж, дохиолол дуугардаг технологийн шийдэл чухал” гэв.
2024-05-15

Цагаан зээрийн 99 хувь нь Монголд нутагладгийг тогтоожээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй манай улсын экологичид дэлхий дээрх цагаан зээрийн тоо толгойг тогтоох зорилготой судалгаа хийж, энэ талаарх эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын байгаль хамгааллын “Oryx” сэтгүүлд хэвлүүлжээ. Тэд Монголд 2 140 000 орчим, Оросод 30 000 гаруй, Хятадад 500-1000 цагаан зээр бий гэж тогтоосон бөгөөд дэлхий дээрх нийт популяцын 99 хувь нь манай оронд нутагладаг гэж дүгнэсэн байна. 
2024-05-15

Гурван жилийн “хуулийн босго” даваагүй төслүүд

Дээр дурдсан сургууль шиг олон он дамнуулан царцаасан төсөл улсын хэмжээнд 118 байна. Тодруулбал, таваас дээш жил үргэлжлүүлж буй ч өдий хүртэл дуусгаагүй ийм тооны төсөл, арга хэмжээг энэ оны улсын төсөвт тусгажээ. Үүний ихэнх буюу 100-г нь 2018-2019 онд эхлүүлсэн байх юм. Үлдсэн 18-ынх нь тухайд 10 болон түүнээс дээш жил сунжирч буй аж. Тэдний дунд 15 жилийн “настай” хоёр ч төсөл байгаа нь анхаарал татав. 
2024-05-15

Сураггүй алга болсон уулчдыг эрэн хайж эхлэв

Хөтөч болон нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарахаар зорьсон уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг өчигдрөөс эрэн хайж эхэлжээ. Тэд 8000 метрийн өндөрт гарсан ч энэ сарын 12-ноос сураггүй болсон байна. Дэлхийн дээвэр гэдэг Эверестийн ноён оргил нь далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог билээ. 
2024-05-15

Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унав

Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж. 
2024-05-14

“Алтан өргөө”-гийн шилдгийн шилдгээр “Өглөө болно” киног тодрууллаа

12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүдийг өнгөрсөн ням гарагт тодрууллаа. Энэ удаагийн наадамд 60 орны 400 гаруй уран бүтээлийг өрсөлдүүлснээрээ онцлогтой аж. Тус наадмын монгол киноны уралдаант хэсгийн шилдгийн шилдэг буюу “Алтан өргөө” дээд шагналыг найруулагч С.Ихбаярын “Өглөө болно” хүртжээ. Шилдэг монгол эксперименталь киногоор найруулагч Г.Ганлхагвын “Маргааш сэрэхгүй байцгаая” тодров. Хүүрнэлт киноны төрөлд найруулагч Г.Баттулгын “Хэзээ цас орох вэ” шилдгээр шалгарсан байна. 
2024-05-14

Ойн хачгийн тархалтын шинэ цэг илрүүлжээ

Хачигт халдварын байгалийн голомт идэвхэжсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн Улаанбаатар хотын ойр орчимд буюу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаа нь хачгаар дамжих халдвар үүсгэгчийн тархалтыг тогтоох зорилготой аж. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Жаргалантын Хустайн амнаас ойн улаан хачгийн тархалтын цэг шинээр илрүүлжээ. Мөн хоёр зүйлийн 353 хачигт халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээ хийхээр дээж цуглуулсан байна. Уг шинжилгээ өдгөө үргэлжилж буй гэнэ. 
2024-05-14

Уламжлалт тоглоомын тэмцээн зохион байгуулна

“Тэвгэн наадгай” уламжлалт тоглоомын аварга шалгаруулах тэмцээний гэнэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь. Энэхүү тэмцээн нь хүүхэд, залуучуудад уламжлалт тоглоомын аргаар дамжуулан өв соёл, ёс заншлаа таниулан, сэргээн хөгжүүлэх зорилготой. Мөн олон улсад монгол ахуй, соёлыг сурталчлан таниулж, цаашлаад аялал жуулчлал хөгжихөд түлхэц болох наадам юм. “Тэвгэн наадгай” нь насны хязгааргүй учир уламжлалт тоглоом, наадгайгаар өрсөлдөх сонирхолтой бүх хүнд эл тэмцээн нээлттэй гэнэ. Тус тэмцээний шагналын сан нь 3-20 сая төгрөг бөгөөд оролцогчид мандат аван өрсөлдөх аж.
2024-05-14

Модон хүүхэлдэйн түүхээр аялцгаая

“Пинокио” хүүхэлдэйн жүжгийн нээлт маргааш болох нь. Бяцхан модон хүүхэлдэй “Пиноккио”-г Италийн нэрт зохиолч К.Колоди дэлхий дахинд алдаршуулснаас хойш өдгөө хоёр зууны нүүрийг үзэх гэж буй билээ. Худал хэлэх бүрд хамар нь урт болдог, сахилгагүй модон хүүхэлдэйн түүхийг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй хослуулан, шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Хүүхэлдэйн театрт тоглох энэхүү жүжгийн тасалбар нь 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд зургаагаас дээш насныхан үзэх боломжтой юм байна.
2024-05-14

Дөрвөн дугуйт тэшүүр түрээслэхэд нэг цаг нь 8000 төгрөг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй экстрим талбай хүүхэд, залуучуудын хүсэмжит газар болоод байна. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд уг талбайд ирж дугуй, ролик, скүүтер унах нь элбэг аж. Эл талбайд “Roller skates Ulaanbaatar” компанийнхан дөрвөн дугуйт тэшүүр түрээслэх үйлчилгээ эрхэлдэг юм байна.
2024-05-14

Энэ он гарснаас хойш зургаан хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ

Манай улсад энэ оны эхний дөрвөн сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 3347 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 26.3 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 44.8 хувийг тэмбүү, 33.1 хувийг заг хүйтэн, 21.8 хувь нь трихомониаз аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ.
2024-05-14

Усанд осолдсоны улмаас хоёр хүн нас барав

Архангай аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт малчин Г мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага энэ сарын 9-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн иргэнийг дөрөв хоног эрэн хайсан байна. Харамсалтай нь, уржигдар 15.30 цагт Идэр голоос талийгаачийн цогцсыг олжээ
2024-05-14

Гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг сонгох нь Үндсэн хуулийг зөрчинө гэв

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Цахим өртөө холбоо”, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль гадаадад суугаа 200 гаруй мянган иргэний сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон зургаан иргэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулиар олгосон тэгш сонгох эрхийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр Цэцэд мэдээлэл гаргасан юм байна. 
2024-05-14

Үйлдвэрийн аяллыг үнэд хүргэх боломж

Манай улсад өнгөрсөн онд ирсэн жуулчдын 23 хувь буюу 153 мянга гаруй нь “Говь” ХК-ийн үйлдвэр, нэрийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр судлаачид танилцуулсан юм. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 хувь нь хятад, дөрвөн хувь нь орос, япон жуулчин байж. Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүн сонирхогч жуулчны тоо эрчимтэй өсөж, дээрх үзүүлэлт “цойлох” тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ мэдээлэл түгсний дараахан “Ханбогд кашмер”, “Монгол нэхмэл” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жуулчдад ойртуулах алхам хийлээ.
2024-05-14

“Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номын хэлэлцүүлэг боллоо

Суут сэтгэгч нарын нэг И.Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” бүтээлийг доктор Ч.Даваадорж монгол хэлэнд буулгажээ. Тэрбээр шинэ номынхоо хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт МУИС-д зохион байгуулсан юм. Уг бүтээлийг шинжлэлийн ухааны доктор Л.Норовсүрэн хянан найруулжээ. 
2024-05-13

Иогчид дөрөв дэх жилдээ чуулна

Монголын иогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль” энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээнд дотоодын болон гадаадын шилдэг багш нар оролцож, 30 гаруй төрлийн иог болон бясалгалын талаар хичээл заах юм байна. 
2024-05-13

Нийгмийн эрүүл мэндийн менторшип хөтөлбөр зарлалаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн менторшип-2024” хөтөлбөр зарлажээ. Туршлагатай менторуудын мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй аж. Үүний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн менторууд эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүн сонгогдсон менти нартай хуваалцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.
2024-05-13