Элчин сайдын яамдгүй байгааг онцолжээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Румынд айлчилжээ. Энэ үеэр гишүүд тус улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Николае-Ионел Чукад бараалхан, улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа хууль тогтоох байгууллагын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд ажиллуулах саналыг Сенатын танхимын ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлжээ. Үүний сацуу хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж хязгаарлагдмал болохыг онцолсон байна
2024-02-27
Нийтийн тээврийн жолооч нар нийслэлийн ИТХ-д шаардлага хүргүүллээ
Нийтийн тээврийн жолооч нар нийслэлийн ИТХ-д шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Юуны өмнө тэд нийтийн тээврийн жолооч нарын үндсэн найман цагийн цалинг бүтнээр нь олгохыг шаардлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохоо дарга нар мэдэгдсэн. Гэвч өдий хүртэл үгээ үйлдэл болгож хэрэгжүүлээгүйг жолооч нар онцлов. Гуравдугаарт, хувийн автобус компани болон орон нутгийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагад нийтийн тээврийн салбарт ажилласан жолооч нарыг тэтгэвэрт гарах үед нь 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох зэрэг шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэв
2024-02-27
Энэ сард эрчим хүчний оргил ачаалал хамгийн өндөртөө 1529 МВт-д хүрэв
Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 25-ны 19.00 цагт 1461 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос өчигдөр мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 347, импорт 230 МВт-аар өссөн үзүүлэлт аж. Тус хорооноос танилцуулсан статистикаас харвал эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 20-ны дээрх цагт 1529 МВт-д хүрсэн нь хоёрдугаар сар гарснаас хойших хамгийн өндөр дүн юм. Эл өдөр уг ачаалал 2023 оны мөн үеийнхээс 254, импорт 143 МВт-аар илүү байсан гэнэ. Харин хоёрдугаар сарын 12-ны 21.00 цагт оргил ачаалал 1228 МВт-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 117, импорт 138 МВт-аар буурсан үзүүлэлт болов
2024-02-27
321 эмчийг орон нутагт ажиллуулахаар боллоо
Зудад өртсөн аймаг, сумын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор 321 эмчийг орон нутагт томилолтоор ажиллуулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд өчигдөр гаргажээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ЭМЯ-ны харьяа, төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй 321 резидент эмчийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар шийдвэрлэсэн. Зудад өртсөн, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумуудад тэд ажиллана. Зарим сумд эмч дутагдаж, иргэд тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсан асуудлыг ийнхүү шийдвэрлэж байна. Харин өдгөө тулгарч буй нэг асуудал нь хөдөөний эмнэлгүүдэд түргэн тусламжийн, туулах чадвар сайтай машин дутагдаж байгаа нь юм” гэв
2024-02-27
Урт цагааны газрыг урт гартнууд авчих вий
Урт цагааны барилгыг нураах шийдвэр нийслэлчүүдийн хувьд шинэ биш байв. Учир нь 2020 онд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх үедээ ч ийнхүү шийдвэрлэсэн байдаг. Гэвч тухайн үед барилгад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн эсэргүүцэлтэй тулгаснаар дээрх шийдвэр нь ажил хэрэг бололгүй, тэгсхийгээд намжсан юм. Нэг онцлох зүйл нь, тухайн үед Урт цагааныг нурааж, орчин үеийн шийдэл бүхий барилга барихаар архитекторуудын дунд уралдаан зарлаж байсанюмдаг. Үүгээр дамжуулан архитекторуудад 30 сая төгрөгийн шагнал ч амласан.
2024-02-27
Унци алтны ханш 2049 ам.долларт хүрэв
Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ
2024-02-26
Э.Амартүвшин эх орондоо “Макбет” дуурьд тоглоно
Ардын жүжигчин, дэлхийн дуурийн “Оскар”-ын шагналт Э.Амартүвшин эх орондоо тоглох нь. Тэрбээр Ж.Вердийн алдарт “Макбет” дуурьд тоглохоор болсныг ДБЭТ-аас өнгөрсөн баасан гарагт зарласан юм. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн эл дуурийг ирэх сарын 9-нд ганцхан удаа олон нийтэд хүргэхээр товлосон бөгөөд Макбетийн дүрийг Э.Амартүвшин бүтээх аж. “Төрөлх театрынхаа 60 жилийн ойд зориулж дуулна” хэмээн тэрбээр өмнө нь амласнаа ийнхүү биелүүлж байгаа гэнэ. Манай уран бүтээлч өдгөө дэлхийн сонгодог урлагийн шилдэг агентуудын нэг “Ariosi management” байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын томоохон театруудын тайзнаа тоглосоор буй билээ.
2024-02-26
Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжинэ гэв
“Бүтээмж, үр нөлөө” уриан дор болсон, прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг худалдахын эсрэг хатуу зогсож ажиллахыг анхаарууллаа. Иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах, эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг Төрийн тэргүүн сануулж, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов
2024-02-26
АОХ-ны ерөнхийлөгчөөр С.Мөнх-Эрдэнийг сонгожээ
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо (АОХ)-ны II чуулган энэ сарын 24-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө С.Мөнх-Эрдэнийг сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нийт зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 2017 онд АОХ-ны анхдугаар хурал болж, 21 аймаг, есөн дүүргийн 500 гаруй оюутан залуу оролцож, анхны тэргүүнээрээ эдүгээ АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Н.Лхагвадоржийг сонгож байжээ
2024-02-26
Дэлхийн хэмжээнд 20-29 насны залуучууд парламентад 2.8 хувь эзэлж байна
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын (ICAPP) Залуучуудын VII хурал бямба гарагт Төрийн ордонд эхлэв. Уг хуралд ОХУ, Азербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Турк улсын 17 намын залуучуудын төлөөлөл оролцож байгаа аж. Тэд дуу хоолойгоо нэгтгэн, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцон, энх тайван, хөгжлийн талаар ярилцаж байна. МАН болон тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос уг хурлыг зохион байгуулж буй аж
2024-02-26
Олсноо олонтойгоо хуваалцах нь
Австрийн иргэн, 32 настай бүсгүй Марлен Энгельхорн 25 сая евро өвлөж авсан бөгөөд түүнийхээ ихэнхийг хүмүүст тараах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ их хөрөнгийг эмээгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг дээдсийн нэг нь Германы үйлдвэрийн эзэн Фридрих Энгельхорн байж. Энэ хүн XIХ зууны дундуур буюу 1865 онд BASF гэдэг концерн үүсгэн байгуулсан нь одоо ч дэлхийд химийн хамгийн том компани гэгдсээр буй юм байна. Өнгөрсөн 160 жилд Фридрихийн үр хойч нь түүний хөрөнгийг өсгөн арвижуулсаар өнөө үед хүрч ирсэн байх юм. “Forbes” сэтгүүл одоогийн хөрөнгийг нь 4.2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Марлений эмээ, компанийг үүсгэн байгуулагчийн жич хүүгийн гэргий 2022 онд 94 насандаа өөд болсон байна.
2024-02-26
10 000 залууг сургалтад хамруулахад БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг дэмжлэг үзүүлэх нь
МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд Монгол дахь Харбин хотын Хар мөрөн мужийн тэргүүн Цао Дэвэн нар өнгөрсөн баасан гарагт уулзаж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Энэ үеэр ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эл чиглэлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын форум хамтран зохион байгуулах тухай ярилцсан аж. МҮХАҮТ-аас 10 000 залууг бизнесийн сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон
2024-02-26
13 аймгийн 58 сум мөсөн зудад өртжээ
Улсын хэмжээнд 13 аймгийн 58 сум төмөр буюу мөсөн зудад өртөөд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Цас нягтран хатуурч, эсвэл хайлан мөстсөнөөс үүдэн мал бэлчээх аргагүйд хүрэхийг ийнхүү тодорхойлдог. Мөн 17 аймгийн 139 сум цас ихтэй, цагаан зудтай байгаа аж. Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 13 сум нь мөсөн зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Бас Архангай аймгийн 10 сум мөсөн зудтай гэнэ. Зудын улмаас улсын хэмжээнд 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам хаагджээ
2024-02-26
Ховдод цэвэршүүлсэн усны төв ашиглалтад орууллаа
Ховд аймгийн Жаргалант сумд цэвэршүүлсэн усны төв ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хэрэгжүүлжээ. Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэхийн тулд дээрх төвөөр үйлчлүүлэх картыг тус байгууллагаас худалдан авах нь. Уг төвд 20 литр цэвэршүүлсэн усыг 3500 төгрөгөөр худалдаж буй юм байна. Тус төвөөр 09.00-19.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн Ховд аймагт хуурайшилт, тоосжилтоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийн хөрсийг усжуулах зорилгоор замын хашлагын хэсэгт мөс байршуулж эхэлжээ. Үүний хүрээнд 20 машин мөс буулгасан байна
2024-02-26
Боловсролын салбарын жишиг лаборатори нээв
Байгалийн ухааны олон зорилтот лабораторийг Багшийн хөгжлийн ордонд байгуулж, ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын боловсролын салбар дахь, шинжлэх ухааны жишиг лаборатори болохыг БШУЯ-ныхан онцлов
2024-02-26
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж эхэлжээ. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсны сацуу тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхэн ч бий аж. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, зургаан үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар төсөлд тусгажээ
2024-02-26
Солонгосчууд соёлын өвийг сэргээн засах туршлагаасаа хуваалцаж байна
“Чингис хаан” үндэсний музей, ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран соёлын өвийг хадгалалт, хамгаалалтхариуцсанмэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалтыг манай улсад явуулж байна. Үүнд нийслэл, орон нутгийн 11 байгууллагын 30 орчим ажилтныг хамруулж буй бөгөөд Солонгосын Үндэсний музейн Хадгалалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд тэдэнд үзмэрт сав, баглаа боодол хийх, шавар, керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, практик хослуулан зааж буй гэнэ
2024-02-23
Их, дээд сургуулиуд орон нутгийн оюутнууддаа чөлөө олголоо
Зудын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор ШУТИС орон нутгаас ирж суралцдаг 1700 оюутнаасаа санал асуулга авчээ. Тэднээс 550 нь гэр бүлдээ туслах зайлшгүй шаардлагатайгаа илэрхийлж, сургуулийнхаа захиргаанд мэдэгдэл гаргасан байна. Тиймээс ирэх сарын 22 хүртэл, дөрвөн долоо хоногийн хугацаанд хичээлээс нь чөлөөлж, сургалтынхаа үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн аж. Тэгвэл МУБИС-ийн захиргаа мөн орон нутгийн оюутнуудынхаа хүсэлтийг хүлээн авч эхэлжээ
2024-02-23
“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргав
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төвбанк, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоос үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Энэ нь бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унци буюу 31.3 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, “ultra high relief” технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос аж
2024-02-23
Сайн дурын ажилд оролцоход туслах “After school”
Сайн дурын ажил хиймээр байвч хаанаас эхлэхээ, хэнд хандахаа мэдэхгүй байгаа сурагчдад “After school” аппликэйшн тусална. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон эцэг, эхчүүдэд зориулсан талбар юм байна. Үүнд сайн дурын ажил, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнд хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, мэдээллүүдийг багтаажээ
2024-02-23