Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Доод Салхитын гудамжинд амьдардаг нэг айлын хашаанаас өмхий үнэртээд олон хоножээ. Хавь ойрынх нь иргэд “Том том нохой тэжээдэг, тэднийх нь нэг үхээд өмхийрсөн юм болов уу” гэж бодож байсан, гэтэл хүн амины ноцтой хэрэг гарсан юм байж” хэмээн уржигдар бидэнд ярьсан юм.
Уг мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхнээс лавлахад “Хүн амины ноцтой хэрэг гарсныг илрүүлэн шалгаж байгаа. Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, манайхтай хамтран сэжигтнийг Баянхошуунаас баривчилсан” хэмээсэн юм.
Баянгол дүүргийн VI бичил хороололд “Доцент” гэх хочоороо танил болсон, нэг бус удаа ял шийтгүүлсэн М.Мөнхбат гэдэг залуу найз Г болон М.Нарангэрэл нартай дээр дурдсан гудамжинд байдаг гэртээ архи уужээ. Шоронд сууж байснаа гайхуулж, талийгаач Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр бүрэлгэжээ.
Улмаар М.Нарангэрэлийг “Хөнжилд боогоод нуу, энэ газрыг цэвэрлэ. Энэ хэргийн талаар хэн нэгэнд ярьсан байвал чамайг ч ийм болгоно шүү” хэмээн сүрдүүлжээ. Тэд хамтран талийгаачийн цогцсыг хашаандаа байсан 70-20 УБВ дугаартай “Мерседес бенз” маркийн машины тээшинд нуусан нь муудаж, хавь орчиндоо үнэртэж байсан гэнэ. Ингээд М.Нарангэрэлийгээ дагуулж хэд хоног архидаж, дарамталж яваад тэрбээр зугтан, гэртээ ирсэн байна.
Сэжигтэн “Доцент” хочтой М.Мөнхбат нь 30 настай, бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан зэрэг хэрэгт холбогдон, нэг бус удаа ял шийтгүүлсэн нэгэн аж.