Хан-Уул дүүргийн нутаг, Туул голын бургасанд галт зэвсэг хэрэглэн танхайрсан “Доён” гэх У.Болд, түүний найз Ц.Өлзийжаргал нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Эл дүүргийн Прокурорын газраас У.Болд, Ц.Өлзийжаргал нарыг 2016 оны зургадугаар сарын 17-ны 20.50 цагийн орчимд согтуудаа бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Өнгөрсөн хавраас хойш тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр шүүх хурал товлодог ч өмгөөлөгч нар нь арга саам хэрэглэсээр өчигдрийг хүргэсэн. Шүүгдэгч У.Болд өчигдрийн хурлын үеэр өмгөөлөгч нэмж авах хүсэлт гарган шүүх хурлыг хойшлуулахаар санаархсан ч шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Улмаар гэм буруутай, эсэхийг нь хэлэлцээд галт зэвсэг ашиглан танхайрсан хэмээн буруутган дээрх хоёр хүнд хоёр жил зургаан сар хорих ял оноолоо.