Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг нь тогтоосон байна.
Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд зохицуулан 4000 гаруй хоригдлыг суллаж, заримынх нь ялыг хассан. Дээрх хоёр сэжигтэн тэдгээрийн тоонд багтан Онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдаад, дахин гэмт хэрэг үйлдсэн байжээ. Тэд айлаас хулгайлсан буунуудаа ашиглан гэмт хэрэг хийж болзошгүй байсан тул ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхан дайчлан баривчлах ажилд оролцсон гэнэ.