Компьютерийн мэдлэгээ ашиглан манай залуус гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэх болов. Хэдэн жилийн өмнө “Голомт” банкны ажилтан залуу найзтайгаа нийлж их хэмжээний мөнгө луйвардаж байсан. Түүнээс хойш манай залуус хакердаж, мэдээлэл хулгайлах явдал цөөнгүй гарч байна.
Түүнчлэн манай иргэд ч цахим орчинд танилцсан гадаадын иргэдэд мэхлүүлж багагүй хэмжээний хөрөнгөөрөө хохирох явдал гарч буй юм. Фэйсбүүкт “Афганистанд үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын цэргийн алба хаагч. Азийн нэг оронд хөрөнгөө оруулж, компани байгуулж байна. Цэргээс халагдталаа түүнийгээ түр өөр хүнд шилжүүлэх хэрэгтэй байна” хэмээн монгол эмэгтэйгээс мөнгө луйвардсан хэрэг гараад буй.
Тиймээс интернэт орчинд танилцсан гадаад улсын иргэдтэй харилцахдаа өөрийн хувийн мэдээллийг нууцлах, тэдний зүгээс их хэмжээний мөнгө өгөхөөр амлаж буй төрөл бүрийн сугалаа, өв залгамжлал, мөнгөн шилжүүлэг, дарамт шахалт зэрэгт автахгүй байж өөрийгөө болон найз нөхдөө гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэйг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анхааруулсаар байна.
Учир нь гадаадын гэмт бүлэглэлүүдэд залилуулж гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг хэдий ч нэгэнт харь орон руу гарсан мөнгийг буцаан авчирч, хохиролгүй болгох ажил улс орнуудын хууль тогтоомжийн зохицуулалтын ялгаатай байдлаас шалтгаалж удаашрах, бүр боломжгүй болох эрсдэлтэй гэнэ.
Жолооч нар дүрэм зөрчиж, torguuli.mn цахим хуудсанд түүнийг нь байршуулж байгаа. Мөнгөө төлөхгүй гэсэн хүмүүсээс торгуулийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авч, уг цахим хуудас дээрх мэдээллийг нь устгаж өгдөг залуусыг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж буй талаар бид өнгөрсөн хавар мэдээлсэн. Тус албаныхан өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ноцтой хэрэг илрүүлсэн байна.
Олон нийтийн цахим сүлжээгээр Л.Түдэвийн “Оройгүй сүм” зэрэг ховор, үнэтэй зохиол цацагдаж байсан. Хүний оюуны өмчийг ийн хулгайлж, нийтэд задалсан сэжигтнийг дээрх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Сэжигтэн Б өнгөрсөн тавдугаар сард www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч хэд хэдэн ном хулгайлжээ. Тус хэлтсийн албаны хүнээс авсан мэдээллээр гэмт этгээд 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд байршуулсан нь тогтоогдсон аж.
Үндэсний их, дээд сургуулиуд оюутнуудаа дэмжин сургалтын тэтгэлэг олгодог. Түүнд хамрагдаж чадаагүй оюутнууд хакерчдад хандсан аж. Компьютерийн мэдлэг өндөртэй Б гэх залуу АШУҮИС-ийн нэг бус оюутантай хамтарч, тус сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70 мянган төгрөг авсан гэнэ.
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 24 хүнд холбогдох зургаан тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлжээ.