Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс. 2017 оны долдугаар сарын 22-ны 00.00 цаг. Тус хэлтсийн үүдний сандал дээр сууж буй залуу гар утсаар хэн нэгэнтэй “Мөргөлдчихсөн. Бидний буруу биш ээ. Нөгөө жолооч хариуцлага хүлээнэ. Дотор мэдүүлэг өгч байгаа” хэмээн ярина. Хэлтсийн жижүүр, ахлах дэслэгч Б.Зоригоогийн өрөөнд түүний найз нэг эмэгтэйн хамт сууж байв. Сонсох нь ээ, хувиараа такси үйлчилгээнд явдаг эмэгтэй зөрчил гаргаж, залууд хохирол учруулжээ. Тэд мэдүүлгээ өгч, өглөө хэлтэс дээр ирэх даалгавар аваад гарсан юм.
Баяр наадмын өдрүүдэд зам, тээврийн осол ихсэж, согтуугаар жолоо барих зөрчил бага байжээ. Харин энэ байдал өнгөрсөн долоо хоногоос эсрэг эргэсэн байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргээс Баянзүрх, Сүхбаатарт согтуугаар машин жолоодсон зөрчил хамгийн олон гардаг байсан бол сүүлийн саруудад Чингэлтэй дүүрэгт ийм зөрчил олон гарах болжээ. Өнгөрсөн бямбаас ням гаригт шилжих шөнө манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнтэй хамт эргүүлд гарсан юм.
00.30 цаг.
Баруун дөрвөн замаас “Бөмбөгөр” худалдааны төв хүрэх авто замд хяналт, шалгалт хийж буй тус хэлтсийн бүрэлдэхүүн дээр очлоо. Тэд согтуу таван жолооч саатуулжээ. Тэдний дунд бага насны хүүхэдтэйгээ яваа эмэгтэй ч байв.
Согтолтын зэрэг нь 0.19-өөс илүү байвал тухайн жолоочийг саатуулах учиртай. Дээрх таван хүний хамгийн бага нь 0.68 зэргийн согтолттой байв. Энэ гурван тооны “эзэн”, нэгэн компанид харуул хийдэг А гэгч залуу “баасан ах”-ын төрсөн өдрийг нижгэр тэмдэглээд, бямба гаригийг шартаж өнгөрүүлжээ. Доторх “зараагаа” арилгахын тулд бямба гаригийн 15.00 цаг орчимд ганц хундага сархад хүртээд унтсан гэнэ. Сэрэхэд нь эрүүл болсон мэт санагдаад, 23.00 цаг орчимд харихаар машинаа жолоодож яваад баригдсан нь энэ. Ядаж замын хөдөлгөөн зохицуулагчид харуулах бичиг баримт ч түүнд байсангүй.
Харин 1.01 зэргийн согтолттой байсан Э-гийн баримт бичиг цөм бүрэн байв. Тэрбээр “23.00 цаг орчим жаахан юм уусан. Би эрүүл байна. Ингээд л харьчихъя” хэмээн замын цагдаа нараас гуйж байлаа. Тээврийн хэрэгслийг нь ачуулах үед ч “Би эрүүл. Найз бүсгүйгээ дуудчихсан, явуулчихаач” хэмээн цагдаа нарыг шалж байсан юм. Түүгээр ч барахгүй зугтахыг оролдоод А-тай хамт гавлууллаа. Ер нь л согтуугаар машин жолоодсон хүмүүс бүгд “цоо эрүүл” байдаг аж. Хүүхэдтэйгээ яваа эмэгтэйгийн найз бүсгүй ч “Сүртэй юм бэ. Хүүхэдтэй хүнийг саатуулаад” хэмээн зандарч байв.
01.20 цаг.
Ийн замын хөдөлгөөн зохицуулагчид жолооч нартай сайндаж, муудаж, хууль, журам тайлбарлаж байх хооронд согтуу жолооч дахиад нэгээр нэмэгдэв. Хорь гаруй настай залуу найзуудтайгаа дарвиж яваад баригдах нь тэр. Ийн “алаг тэргэнд” хүмүүс багтахаа байсан тул заримыг нь Албадан саатуулах байр руу авч явлаа. Цагдаа нар удаа дараа зугтахаар завдсан А, тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс өөр харуулах зүйлгүй Э нарыг хамгийн түрүүнд саатуулахаар болов. Ингээд тэднээс тайлбар авч, түүнийгээ дүрс бичлэгээр баримтжуулаад, жижүүр Б.Зоригоогийн мэдэлд шилжүүллээ.
01.40 цаг.
Чингэлтэй дүүргийн нутаг, “Дэнжийн 1000”-ын Нэгдсэн саатуулах байранд ирэв. Саатуулагдаж буй хүмүүс цагдаа нарыг харааж, “амиа хорлоно” хэмээн дүвчигнэхийг сонсохоор энд байж, суух арга алга. Нэг шөнө тэнд таван дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулагдсан 40-50 хүн “хоног төөрүүлдэг”, тэдний 10 гаруй нь согтуугаар машин жолоодож явсан хүн байдаг гэнэ. Тус байранд ирээд жолооч нараас дахин мэдүүлэг авч, эд зүйлсийг нь хураагаад, гутал, тэлээ зэргийг нь тайлуулдаг юм байна. Дараа нь эмч биед нь үзлэг хийгээд, байр руу оруулав. Эмчийн хэлж буйгаар эрүүл хүмүүс баашилж, түвэг учруулдаг гэнэ. Тухайн өдөр гудамж, талбайд танхайрсан, агсам тавьсан, согтуугаар машин жолоодсон зэрэг зөрчил гаргаж энд ирсэн хүмүүс “Бумба тавиулаад, хануулсан юм. Гараа өргөж дийлдэггүй. Бохир орчих вий дээ”, “Миний зүрх өвддөг. Энд хонож чадахгүй” зэргээр элдэв зовлон тоочиж байв.
03.00 цаг.
Эргүүлийн бүрэлдэхүүн “Төв шуудан” компанийн урд авто замд шалгалт хийж эхэллээ. Энэ үеэс цагдаа, согтуу жолооч “муур, хулгана” болж эхлэв. Ямар нэг зөрчилтэй жолооч цагдаа шалгаж буйг хараад замаа буруулан зугтаах, ойр орчмын албан байгууллагын хашаа руу орж зогсох нь элбэг аж. Түүнийг харсан цагдаа тийш гүйж, тухайн жолоочийг шалгана.
Шөнийн цагаар согтууруулах ундаа уусан хүмүүс жолоо барих нь олширчээ. Саатуулах хэмжээнд хүрэхээргүй согтолттой жолооч цөөнгүй таарсан юм. Мөн үнэмлэхгүй, машин жолоодох эрхгүй атлаа жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зөрчил ч түгээмэл аж.
Замын хөдөлгөөн зохицуулагч Х.Батсайхан “Өмнө нь ихэвчлэн эрэгтэйчүүд согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байсан бол сүүлийн жил гаруйн хугацаанд эмэгтэйчүүд ийм зөрчил гаргах нь ихэслээ. Мөн эмэгтэй жолооч эрхээ хасуулсан атлаа дахин жолоо барих нь элбэг” хэмээн ярив.
04.00 цаг.
Баянбүрдийн тойрог. Тухайн орчим гэр хороололтой залгаа. Тиймээс согтуу жолоочийг илрүүлэхэд түвэгтэй аж. Жижүүрийн багийнхан хоёр хэсэг хуваагдаж, жолооч нарыг шалгаж эхлэв. Гэвч жолооч нар аль нэг автобусны буудал дээр зогсож, цагдаа нар шалгаж буй, эсэхийг хараад зугтдаг юм байна. 7441 ххх улсын дугаартай машины жолооч ийм аргаар зугтаж, цагдаа нар хөөсөн ч эрэл мухардсан юм. Харин ийн явахдаа жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүй хэд хэдэн зөрчил илрүүлэв. Ингээд тэднийг Зөрчлийн хуулийн дагуу 24 мянган төгрөгөөр торголоо.
Зөрчилтэй жолоочийг хөөх эрсдэлтэй. Хурд хэтрүүлэн давхиж, бусдад хохирол учруулж болзошгүй байдаг. Тус бүрэлдэхүүн баасан гаригт шалгалт хийх үеэр нэг жолооч согтуугаар автомашин жолоодоод, зугтахыг оролджээ. Сандрахдаа замын хашлага дайрч, машиных нь дугуй хагарсан ч цааш зугтсан байна. Ингээд хөдөлгүүр нь улайсаж, аргагүйн эрхэнд зогсчээ. “Хүн сандрахаараа яаж ийгээд зугтахыг оролддог. Зугтсанаас болж шон мөргөж, өөрийгөө гэмтээх, хүн, машин мөргөх тохиолдол элбэг. Уг нь амралтын өдөр согтуу жолооч цөөн байдаг. Гэтэл сүүлийн үед нэг дүүргээс цөөндөө 10-аадыг илрүүлдэг болсон. Энэ бол өндөр үзүүлэлт” хэмээн тус хэлтсийн зохицуулагчид ярив.
05.00 цаг.
Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд хоногийн мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргэж, дүнг нэгтгэв. Өнгөрсөн бямбаас нямд шилжих шөнө нийт согтуу 57 жолоочийг илрүүлжээ. Тэдний долоо нь Чингэлтэй, 14 нь Баянзүрх, 11 нь Сүхбаатар дүүргийн нутагт явж байгаад саатуулагдсан байв. Өмнө нь согтуу хүмүүс хотын захаар жолоо барьдаг байсан бол өдгөө тэд төв замаар явдаг болсон гэнэ. Саатуулагдсан жолооч нарын талаас илүүг хотын төв орчмоос барьсан тухайгаа замын хөдөлгөөн зохицуулагчид хэллээ. Мөн тухайн шөнө гурван осол гарч, 14 хүн гэмтэв. Тэдний гурав нь бага насны хүүхэд, нэг нь явган зорчигч байсан юм. Шинээр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний машин барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгож буй. Энэ нь өмнөх хуулиас хоёр дахин хөнгөн шийтгэл. Харин жолоо барих эрхээ хасуулсан атлаа жолооны ард суусан бол 200 мянган төгрөгөөр торгож, 30 хүртэлх хоногоор баривчлах гэнэ. Ийн ногдуулах шийтгэлийг бууруулсан нь автомашин гэх “зэвсэг” барьсан хүмүүст аятайхан өршөөл болсон байж болзошгүйг иргэд шүүмжлэн ярьсан юм.