Наполеон Бонапартыг шүүх хурлыг энэ сарын 21-нд хийхээр төлөвлөж байснаа Францын армийг Ватерлоод хиар цохисны 200 жилийн ойн босгон дээр буюу зургадугаар сарын 17-нд болгож хойшлуулжээ. Наполеоныг буруутгагчид болон хамгаалагчдыг Францын тэргүүлэх дээд сургуулиуд болох Сорбонн, Улс төрийн шинжлэх ухааны дээд сургууль, худалдааны дээд сургууль дээр уралдаанд шалгалтаар сонгож авчээ. Тангарагтны шүүгчээр Францын алдар нэртэй хүмүүс ажиллах юм байна.
“Бидний зорилго бол өнгөрсөн рүү аялж, түүх сонирхох хүмүүсийн үзлийг өдөөх явдал юм. Мөн урнаар илтгэх чадварыг нь хөгжүүлэхийг хүссэн” гэж Францын мэтгэлцээний холбооны тэргүүн Ромен Дешарн мэдэгджээ. Францын эзэн хаан агсныг шүүхээр шийдвэрлэснийг өнгөрсөн сард зарласан юм. Ватерлоод ялагдсаных нь дараа 1815 онд шүүлгүйгээр, мөрдөн шалгалгүйгээр гэгээн Еленагийн арал руу цөлж Наполеонд шударга бусаар хандсаныг энэ ажиллагаа ялгаж салгах ёстой гэж үзэж буй аж.
Энэ зохиомжит мэтгэлцээнд ялагчийг Ильдө Экс арал руу дөрвөн өдөр аялуулах юм байна. Наполеон цөлөгдөхийн өмнө Франц орныхоо газар шороон дээр сүүлчийн долоо хоногийг чухам энд өнгөрүүлсэн аж. Хоёр, гуравдугаар байр эзлэгсдэд Наполеоны дүр бүхий медаль, анхны эзэнт улсын үеийн номнууд дурсгах гэнэ. Дэлхий дахинд Клүбүүдийн сүлжээтэй Францын мэтгэлцээний холбоо уран цэцэн ярих, маргах, өөрийн үзэл бодлыг хамгаалах чадварыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог байна.
Тус холбоо урьд нь Есүс Христ болон XVI Людовик хааныг шүүх ажиллагааг зохион байгуулж байжээ. Тэгээд шүүгдэгчдийг буруугүй гэж үзсэн аж. Энэ маргаан мэтгэлцээний эцэст гаргасан шийдвэр хууль эрх зүйн хүчин чадалгүй байдаг аж. Наполеон I Бонапарт нь дэлхийн түүхэн дэх томоохон бие хүн, 1804-1815 онд Францын эзэн хаан байсан юм.
Өрнөд Европын ихэнх хэсэгт их жанжин, улстөрч хэмээн алдаршсан. 1814, 1815 онд хаан ширээнээсээ хоёр удаа татгалзаж байсан. 1821 онд Гэгээн Еленагийн арал дээр амьсгал хураасан юм.
Р.ЖАРГАЛАНТ