
2017 оны УАШТ-ий үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр дэвжээнд гарах гэж МЧБХ-ны удирдлагуудтай маргалдаж буй нь
-Хэн нэгний эрх ашиг, үзэл бодлын зөрчилд тамирчид хохирох ёсгүй-
Эх орныхоо нэрийг олимп, тив, дэлхийд дуурсгаж, түүхэн амжилтын түүчээ болж яваа олон шилдэг тамирчинтай спорт бол яах аргагүй Монголын чөлөөт бөх. Энэ л спортын буянаар монголчууд бид олимпоос хамгийн анх медаль хүртэж, дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг цуурайтуулж ирсэн. Манай тамирчид төдийгөөс өдий хүртэлх намтар баян түүхийн урт жимээр өртөөлөхдөө ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, дэлхийн дэвжээнээс медалийн хур буулгаж, тэр хэрээрээ олондоо хүндлэгдэн, хайрлуулсаар ирснийг бид мэднэ.
Гэвч сүүлийн жилүүдэд атаа жөтөө, амин хувиа хичээсэн жалга довны үзэл, ёс суртахууны доголдол Монголын чөлөөт бөхийн халуун ам бүлийн дотор “үүрлэж”, идээ бээр нь бугшин, улам даамжирсаар байгаа нь харамсалтай. Өдөр ирэх тусам хүрээгээ тэлэн томорч буй тэрхүү идээ бээр хэзээ хагарч, олон жилийн буглаа илааршихыг хэн ч таашгүй бараан дүр зураг манай чөлөөтийнхнийг дотроос нь мэрсээр удаж байна.
Монголын чөлөөтийнхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тив, ДАШТ-д олон удаа түүхэн амжилт гаргаж, мартахын аргагүй гавьяа байгуулсныг нь үгүйсгэж болохгүй. Гэхдээ үүний хажуугаар “арай ч дээ” хэмээн дуу алдмаар хөгийн, хошин үйл явдлууд мөн ч их гарлаа даа. Бие биенээ үгүйсгэсэн зөрчилдөөн, нэгнийхээ дээр гарах гэсэн эцэс төгсгөлгүй тэмцлийнх нь горыг Риогийн олимпын үед яс махандаа шингэтэл мэдэрлээ, монголчууд бид.
Харамсалтай нь, чөлөөт бөхийн холбооныхон, тэр дундаа удирдлагууд нь алдаагаа ухаарах нь бүү хэл, бидний өмнөөс ялагдаад ирсэн юм шиг аашилсаар байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, ард түмэн бид сүүлчийн ганц зоосоо ч харамлалгүй бүхнээ зориулж байхад бидний итгэл найдвар, гомдол цөхрөл тэдний хувьд энэ зэргийн ухаарлын ч үнэгүй юм гэж үү.
Энэ жилийн УАШТ-ий үеэр л гэхэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гурван жилээр эрхийг нь хассан хоёр дасгалжуулагч (Ц.Цогтбаяр, Б.Баяраа) Г.Мандахнаранг дасгалжуулан, дэвжээнд авч гарах гэж оролдон, холбооныхоо удирдлагуудтай маргалдаж, үймүүлсэн. Тэд нэгэнт эрхээ хасуулсан учраас ДБНХ-ны дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.
“Рио-2016” олимпод манай чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа, эмэгтэйчүүд дөрвүүлээ оролцсон. Аль нь ч олимпоос медаль авахад гайхахааргүй тамирчид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь манай чөлөөтийнхөн Лондонгоос Риогийн олимпын мөчлөгт зөвхөн ДАШТ-ээс л гэхэд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн нь үүний илрэл. Гэтэл энэ амжилтаа яагаад олимпод баталж чадсангүй вэ?
Үнэндээ Риогийн олимпын дэвжээнд манай тамирчид өрсөлдөгчдөө бус дотоодын эв нэгдэлгүй байдлаасаа болоод ялагдчихсан юм биш үү гэж бодож сууна. Зөвхөн би ч бус “Өнөөдөр манай тэр медаль авах байх. За яах вэ бага зэрэг азгүйтчихлээ. Маргааш л яг медаль хүртэнэ” хэмээн нойроо хугаслан тамирчдаа дэмжсэн, сэтгэл зүрхээрээ хамт байсан спортод элэгтэй, хайртай Монголын ард түмэн ч бас ингэж бодсон байх.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсаныг нь эс тооцвол манайхан үнэхээр хангалтгүй оролцсон. Хэдийгээр олимпоос хүссэн болгон нь медаль авах амаргүй ч дэлхийд чансаагаараа ямагт дээгүүр бичигддэг Монголын шилдгүүдийн хувьд бол энэ нь ичгэвтэр зүйл мөнөөсөө мөн.
Эв нэгдэл, дотоодын хагарлын улмаас “Рио-2016” олимпод өндөр амжилт гаргаж чадаагүйгээ зарим тамирчин, дасгалжуулагч хүлээн зөвшөөрч, “Манай холбоо биднийг атгасан гар мэт зангидаж чадалгүй, тодорхой хэдхэн хүн дээр тулж ажилласан нь хамгийн том алдаа. Холбооны удирдлагууд эв нэгдлийг эрхэмлэх тал дээр огт ач холбогдол өгөөгүй” хэмээсэн. Энэ бол Монголын олон олон тамирчин, дасгалжуулагчид харьяалах холбооныхоо удирдлагуудад тавьж буй үнэлгээ гэхэд хилсдэхгүй.
Манай чөлөөтийнхөн хэзээнээсээ л эв түнжин муутайг спорт сонирхогчид андахгүй. Дэлхийн хамгийн хагаралтай холбоог шалгаруулдаг болоосой, баараггүй түрүүлнэ гэх хорон яриа хүртэл дэлгэрээд удаж буй.
Олимпын дэвжээнд медалийн оосроос атгаад алдсан Г.Мандахнарангийн барилдааны дараа дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар хувцсаа тайлж шидэн нүцгэлж, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн. Улмаар ДБНХ эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр нь дүрэм зөрчсөн хэмээн үзэж, Монголын бүх насны ангиллын тамирчдын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассаныг нь уншигч та санаж байгаа биз ээ. Үүний улмаас манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын ДАШТ-д оролцож чадаагүй. Хөөрхий өсвөрийн тамирчид хөдөлмөр, амжилтаараа хохироод л өнгөрсөн.
Тэмцээнд оролцож байхад нь гэв гэнэт нэгнийх нь шагналын мөнгө алга болно, шүүгчид нь олон улсын тэмцээн булхайтай шүүж будлиулна, холбооных нь томоохон албан тушаалтан тамирчдынхаа визийг зориуд хуурамч үйлдэнэ. Тэгээд болоогүй ээ, зарим дасгалжуулагч нь ДАШТ-ээс ирснийхээ дараа “Энэ амжилт бол зөвхөн эрэгтэйчүүдийн шигшээ багийнх.
Үүнд МЧБХ болон ерөнхийлөгч Д.Дагвадорж ямар ч үүрэг, оролцоогүй” хэмээн бусдынхаа ажлыг үгүйсгэж, хээв нэг өгүүлчихнэ. Үүнд нь эгдүүцсэн Ерөнхийлөгч нь нэр төрд халдлаа гээд дасгалжуулагчдаа шүүхэд өгнө.
Түүгээр ч үл барам визний асуудлын улмаас Азийн АШТ-д зодоглож чадаагүй тамирчдынхаа өмнөөс дасгалжуулагч нар нь барилдаж, түмний элэг доог болно. Бидний хайртай чөлөөт бөхийн спортод юу болох нь энэ вэ. Чөтгөр шүгэлчихсэн юм биш үү.
Иймэрхүү үл ойлголцол, тухайн амжилтыг зөвхөн өөрсдийнхөө л хүчин чармайлт мэтээр харуулах гэсэн явуургүй үйдлүүд нь эв нэгдлээ улам зүүд зэрэглээ мэт сарниулсаар л. Тэгсэн атлаа ямар нэгэн алдаа гарахад буруутан нь олдоно оо гэж гонжийн жоо. “Чи буруутай, би буруугүй” гэдэг үгээр халхавч хийж, “арьсаа хамгаалах” дуртай.
Монголын спортын холбоо бүхэн дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийж, алдаагаа оноогоо цэгнэн, удирдлагаа сонгодог журамтай. Харин энэ журам МЧБХ-нд үйлчлэхээ байгаад удаж буй. Энэ жил л гэхэд их хурлаа хийхээр цугларсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй байсаар түр хугацаагаар хойшилсон.
Уг нь МЧБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Одоо л их хурлаа хуралдуулж, дүрмийнхээ дагуу ерөнхийлөгчөө сонгох нь хэмээн чих тавин хүлээж байсан ч тийм зүйл огт болсонгүй.
МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат дасгалжуулагч Б.Батбаярыг томилох нь тэр. Ингэснээр МЧБХ ерөнхийлөгч хэмээх албан тушаалгүй болж Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Сумъяабазар холбоогоо тэргүүлэх нь.
Өнөө хүртэл хамгийн их үл ойлголцол үүсгэж, хэрүүл тэмцлийг улам хурцатгаж буй том асуудал бол ерөөсөө л энэ.
Уг нь МЧБХ-ны дүрмийн 4.2.1-д “Их хурал нь холбооны удирдах дээд байгууллага мөн”, 4.2.2-т “Их хурлыг дөрвөн жилд нэг удаа, олимпын наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтаж хуралдуулна” гэж заасан байдаг. Гэтэл энэ дүрэм 2009 оноос хойш зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанаас хойш их хурал болоогүй гэсэн үг.
Лондоны олимпын дараа тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Гацуурт”-ын Л.Чинбат ажлаа тайлагнаж, Их хурал хийлгүйгээр Д.Дагвадоржид ерөнхийлөгчийн албан тушаалаа шууд “бэлэглэчихсэн”. Энэ үеэс өдий хүртэлх хугацаанд “Ерөнхийлөгчийг холбооны их хурлын нийт төлөөлөгчийн ердийн олонхын саналаар, нууц санал хураалтаар, дөрвөн жилийн хугацаатай сонгоно” хэмээх их чухал заалтыг ноцтой зөрчсөөр байна.
Аль ч спортын тамирчдын хувьд тухайн холбооных нь их хурал бол УИХ-ын сонгууль л гэсэн үг. Өдгөө төр барьж буй МАН 2020 оны сонгуулийг зохион байгуулахгүй, дараагийн дөрвөн жилд үргэлжлүүлэн төр барина гэвэл сөрөг хүчин төдийгүй ард түмэн хэрхэн хүлээж авах вэ. Их эсэргүүцэл, үзэн ядалттай тулгарах нь баараггүй. МЧБХ их хурлаа хийх, ерөнхийлөгчөөр хэнийг сонгох, эсэхийг хэдхэн хүн дураараа шийдэж байгаа нь үүнтэй агаар нэг.
Саяхан шуудайнд хийсэн эвэр шиг арсалдаж, мөнхийн дайсан мэт байсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоёртой учир зүйгээ ололцон, их хурлаа хийж, албан ёсоор нэгдсэнээс хойш Монголын сагсчдын амжилт хэр хурдан сайжирсан нь хэнд ч илт мэдрэгдэж байгаа болов уу.
Есөн жилийн дараа Их хурлаа хийж, биенээ түшсэн тэд ганцхан жилийн дотор оюутны ДАШТ, Азийн элсний наадмаас мөнгөн медаль хүртэж, Азийн АШТ-д түрүүлэн, манай улсад багийн спорт хөгжих болоогүй гэх гутранги үзэлтэй зарим нэгний буруу байсныг баталлаа. Эв нэгдэлтэй, нэг зорилго, хүсэл тэмүүлэлтэй байх тамирчдын амжилтад хэрхэн эергээр нөлөөлдгийн тод жишээ энэ.
Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний шигшээ багийн хэлтсийн дарга Ч.Насантогтох “Тамирчны амжилтад баг, хамт олны дотоод уур амьсгал, эв нэгдэл их чухал. Амжилтад нь 99 хувь нөлөөлдөг” хэмээсэн нь ч бас үүний баталгаа.
Тэгвэл яагаад МЧБХ их хурлаа хийн, эв нэгдэлтэй байж болохгүй гэж. Одоо чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт ид үргэлжилж байна.
Өнөөгийн байдлаар бол тэрийг дасгалжуулагчаар сонголоо, миний шавийг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасангүй гээд маргалдсаар энэ оныг элээх магадлалтай. Нэг нэгнээ буруутган, атаархаж, өөрийгөө өмөөрөн хаацайлсаар байтал нэг мэдэх нь ээ “Токио-2020” олимп “Сайн уу” хэмээн хаалга тогшиж байх вий. Харин тэр үед энэ байдлаараа эв түнжингүй байвал өмнөх алдаагаа давтах эрсдэл ихтэй, медаль хүртэнэ энэ тэр гэж мөрөөдөөд ч хэрэггүйг чөлөөт бөхөд сэтгэл зүрхээ зориулж яваа хүн бүхэн гадарлаж буй байх.
Риогоос Токиогийн олимпын мөчлөгт МЧБХ-г удирдах албан тушаалтнууд нэгэнт тодорхой болсон өнөө цагт шигшээ багийн бүрэлдэхүүнд хэн нь ч багтсан хамгийн түрүүнд эв нэгдлээ л эрхэмлэх нь зүйтэй. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг байж яагаад болохгүй гэж.
Ингэхийн тулд юуны түрүүнд холбооныхоо дүрмийг бүр нарийн боловсруулж, ягштал баримтлах хэрэгтэй. “Женко” Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбоог хэрхэн удирдаж, “Хамтын хүч амжилт” уриагаа амьдрал дээр хэрэгжүүлж чадаж буйг хүн бүхэн анзаарч, үлгэр жишээ авч явдаг. Мэдээж жүдогийнхон дунд ч үл ойлголцол, хагарал заримдаа гардаг л байх. Гэхдээ Х.Баттулгын бодлого, үйл ажиллагаа нь зөв болохоор өнөөх эсэргүү бодолтой хүн ч дагахаас өөр аргагүй байдалд хүрдэг болов уу.
Тэгвэл МЧБХ-нд яг түүн шиг удирдагч, манлайлагч л хэрэгтэй байна. Энэ орон зайг нөхөх боломж, ур чадвар танд бий, Д.Сумъяабазар аа. Риогоос Токиогийн олимпын мөчлөг эхэллээ. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн удахгүй тодорно. Өнгөрсөн бүхнийг умартан, эв нэгдэлтэй, атгасан гар мэт байж, бүхнийг шинээр эхлээч, чөлөөтийнхөөн.