Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн сүлд дуутай болжээ. Гавьяат багш С.Шаарийбуу шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч С.Батболд аяыг нь зохиожээ. “OX animation” студи энэ дууг “Youtube” сувагт хоёр долоо хоногийн өмнө байршуулсан нь 22 мянга гаруй хүнд хүрч, цэцэрлэг, сургуулийн багш нар одоо ч үүнийг фэйсбүүкт давлагаалан түгээсээр байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хүртэл албан ёсны цахим хуудсаараа энэ дууг сурталчилж, түгээсэн учраас тэдний захиалгаар бүтээсэн, “Тэрбум мод”-ны сүлд дуу гэж хардахад хүргэв. Дахилт хэсэг дэх “Тийм ээ, би тэрбум мод тарьж байна” хэмээх үг нь ч ингэж сэрдэхэд нөлөөлсөн юм.
Энэ дуу цаашид цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдын “сүлд” дуу болох шинжтэй. Монголын хүүхдийн ордноос эл дууг алдаршуулах зорилготой уралдаан зарлажээ. Цэцэрлэг, сургуулийн багш нар сурагчдаа болзолт уралдаанд амжилттай оролцуулах “үүрэг даалгавар”-аа биелүүлэх гээд түмэн завгүй. Эл уралдааныг 3-5 насныхан, I-V, VI-IX ангийнхан гэсэн гурван ангилалд явуулж, түрүүлсэн багийг хоёр, багшийг нь нэг сая төгрөгөөр урамшуулахаар зарлаж. Нийт шагналын сан нь 10 сая төгрөг юм байна. Тусгай байрт гэхэд арван анги шалгаруулж, тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулахаар амлажээ. Ингээд хүүхдүүд “Бид мод тарьж байна” дууг “хүчээр” сурч, анги, хамт олноороо уралдаанд оролцохоос аргагүйд хүрчээ.
Энэ явдалд бухимдсан эцэг, эхчүүд “Дунд сургуулийн урлагийн үзлэгт “Тэрбум мод тарьж байна” гэх үгтэй дуу дуулуулахаар болж. Мод тарихыг дэмжих ч энэ дууг нь дэмжихгүй” хэмээн эсэргүүцэж байна. Тэдний түмэн зөв. Мод тарихыг дэмжих ч хэн нэгнийг тодруулж дөвийлгөсөн, социализмын үеийнх шиг үзэл суртлын шинжтэй бүтээлийг уулгалан түгээхийг сайшаахгүй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол Төрийн тэргүүний санаачилсан ажил гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүний хүрээнд хийж байгаа сайн, саар бүх ажил түүний нэртэй холбогдоно. Тиймээс энэ дууг ч Ерөнхийлөгчийнх хэмээн хамаатуулж, “овоглож” болох талтай. Үзэл сурталжсан, хяналт, хавчлага ужгирсан социализмын үед л ингэж хэн нэгний дүрийг зохион байгуулалттайгаар тодруулж, баатар болгон харагдуулж, уран бүтээлчийн эрх чөлөөг боомилж, элдэв дуу, шүлгээр олон нийтийн тархи угаадаг байсан шүү дээ. Харин одоо ийм цаг, арга барил нэгэнт хоцрогдсон гэдгийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “энтертайнмент” болгож буй хүмүүст онцгойлон анхааруулъя. Иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох нь чухал. Гэхдээ дуу зохиож, уралдаан явуулж л биш шүү. Мод тарьж, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дуу ямар ач холбогдолтойг үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөх хүн байна уу. Бас энэ уралдааныг хэн, хаанаас, хэрхэн санхүүжүүлж буйг ил тод зарлах “зоригтон” байна уу.
Н.МИШЭЭЛ