Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр ургац хураалтын ажил улсын хэмжээнд 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тарьжээ. Үүний 314.7 мянган га талбайд улаан буудай, 18.9 мянган га-д төмс, 18 мянган га-д хүнсний ногоо, 91.6 мянган га-д малын тэжээл тарьсан байна. 130.3 мянган га-д тосны ургамал, 7.2 мянган га-д жимс, жимсгэнэ гээд нийт 615.8 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглажээ.
Тус яамны Газар тариалангийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 257.49 мянган га талбайгаас 335.7 мянган тонн үр тариа хураасан. Тодруулбал, 234.53 мянган га-гаас 302.34 мянган тонн улаан буудай, 16.18 мянган га-гаас 212.4 мянган тонн төмс хураагаад байна. Мөн 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Түүнчлэн 33.69 мянган га талбайгаас 84.3 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га-аас 25.25 мянган тонн тосны ургамал хураан авсан” гэв.
У.Цэцэгсүрэн