Татварын ерөнхий болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр жижиг, дунд бизнесийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг тасралтгүй дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр зорьж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцолсон юм. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон аж ахуйн нэгжүүдийн дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, хэсэгчлэн битүүмжлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Бизнесийн үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд төр татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх боломжоор хангаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд анхаарах гэнэ. Тухайлбал, аж ахуйн нэгжид эрсдэлтэй нөхцөл үүссэн гэж үзвэл татварын алба урьдчилан сануулж, алдаа, зөрчлөө засах, арилгах боломжийг олгох аж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан 23 мянга гаруй иргэн өнгөрсөн хугацаанд Сангийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал ирүүлжээ. Эдгээрийг судлаад, шаардлагатай, боломжтой гэж үзсэн заримыг нь төсөлд тусгасан байна.