БНСУ-д төдийгүй Азийн бүс нутагт томоохонд тооцогддог KOTFA олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсаас есөн тур оператор компанийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Улаанбаатар” театрынхан “Монголд зочлох жил” санаачилга, “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлан, олон улсын аялал жуулчлалын зах зээлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж буй аж.
Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 850 гаруй мянган жуулчин хүлээж авсан. Үүний 24 хувь нь Өмнөд Солонгосын аялагчид байв. Монголын аялал жуулчлалын зах зээлд солонгосчууд голлох нөлөө, байр суурьтай гэсэн үг. Иймд “КОТFA-2025” үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах нь монголчуудын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтойг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон дурдав. Ташрамд дурдахад, 1985 оноос хойш зохион байгуулж буй эл үзэсгэлэнд өнөө жил 40 гаруй улс оролцож байна.
Ж.Сувд