Эрүүл мэнд, байгаль орчинд хог хаягдлын үзүүлэх сөрөг нөлөө, тэг хаягдлын зарчим болон манай оронд цаашид ямар арга хэмжээ авбал зохистой талаар Монголын тэг хаягдлын холбоо, “Эко сум” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Нарантуяатай ярилцлаа.
-Шатаах зуухны эсрэг олон улсын холбооны Зүүн Өмнөд Азийн бүсийн уулзалт БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Энэхүү уулзалтад та Монголын “Тэг хаягдлын нэгдсэн холбоо” болон “Эко сум” төрийн бус байгууллагаа төлөөлөн оролцсон шүү дээ. Тус хурлын гол зорилго, ач холбогдол нь юу байв. Хэдэн орны төлөөлөл оролцож, ямар асуудлыг хэлэлцэв?
-Бид Шатаах зуухны эсрэг олон улсын холбооны гишүүн. Иймд энэ сарын 2-нд болсон Зүүн Өмнөд Азийн бүсийн уулзалтад оролцоод, эх орондоо ирлээ. Энэхүү уулзалтад хог хаягдлын чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагууд оролцсон. Үүний хүрээнд бид Ази тивийнхэн хог хаягдлаа бууруулах, урьдчилан сэргийлэхээр тэг хаягдлын ямар зарчмыг баримтлах, энэ нь юунд илүү шаардлагатай талаар хэлэлцэж, гишүүн байгууллагуудынхаа санал бодлыг сонсон, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад анхаарлаа. Уулзалтад Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг, Филиппин зэрэг орны төлөөлөл оролцсон.
Ази тивийг хог хаягдал, тэр дундаа хуванцар хаягдлын хамгийн том бохирдуулагч гэсэн судалгаа хэдэн жилийн өмнө гарсан. Энэ нь зөвхөн үүссэн хог хаягдлыг нь хэмжээд л тооцсон судалгаа юм. Жишээлбэл, Филиппин улсаас өдөрт хэчнээн тонн хуванцар хог хаягдал гарч байна гэх мэтээр хэмжсэн. Улмаар хуванцар хог хаягдлын хамгийн том бохирдуулагч нь Ази тив гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг. Гэхдээ уг судалгааг хийсэн байгууллага Ази тивээс яагаад ийм их хаягдал гараад байгааг тогтоогоогүй. Ази тивийн зах зээлд үндэстэн дамнасан корпорацууд бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэхдээ тэдний амьдралд буюу худалдан авах чадварт нь тааруулж жижиг савлагаатайгаар худалддаг. Тухайлбал, бидний хэлж заншсан нэг удаагийн шампунь, ургамлын тос ч үүнд хамааралтай. Аль болох жижиг савлагаагаар зарж байж хүмүүс худалдаж авна. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан корпорацууд сав, баглаа боодол, хог хаягдлаа зохицуулахад хариуцлага хүлээхгүйгээр шууд нийлүүлдэг гэсэн үг. Харин өндөр хөгжилтэй орнуудад хог хаягдлаа дахин боловсруулж байна гэх нэрийдлээр хөгжил буурай, эсвэл хөгжиж буй улсууд руу явуулчихдаг. Жишээ нь, Лаос, Камбож, Вьетнам зэрэг орон руу ангилсан хуванцар очих нь түгээмэл. Энэ нь эргээд шударга бус байдлыг үүсгэж байгаа юм. Тиймээс бид хэрхэн жижиг орнуудаа хамгаалж, хог хаягдлын менежментийг шударга байлгах вэ гэдэг талаар ярих болчхоод байна. Бидэнд бодлогын зохицуулалт, хариуцлагатай үйлдвэрлэл хэрэгтэй. Мөн Монгол Улсад гарч байгаа хог хаягдлыг ямар төрлийнх нь хаанаас гараад буйг тодорхойлох шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэгчид маань ямар бүтээгдэхүүний сав, баглаа боодол хог хаягдал гаргадаг, түүнийг хэрхэн бууруулж, алийг нь дахин ашиглах боломжтой гэх мэтээр маш нарийвчилж судлан, тэр болгонд тохирсон дэд бүтцийг шийдэх нь зүйтэй юм.
-Олон улсад хог хаягдлыг шатаах нь хамгийн буруу гэдэг. Гэтэл манайд шатаагаад овор хэмжээг нь аль болох багасгахыг зорьдог шүү дээ.
-Хог шатаахыг манай улс хуульдаа хориглочихсон. Дэлхий дахинд ч үүнийг хориглосон. Учир нь хог шатаах явцад химийн олон төрлийн хортой нэгдэл ялгарна. Тэр олон нэгдэл урвалд орж, эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисууд ялгаруулдаг. Харин бид түүгээр нь амьсгална. Хамгийн энгийн нь утаа шүү дээ. Жижигхэн, нарийн ширхэгтэй тоосонцрууд газар унаснаар тухайн хэсгийн хөрс бохирдоно. Улмаар гүний ус бохирдох эрсдэлтэй гэсэн үг. Газрын гадаргын ус ч бохирдох эрсдэлтэй. Энэ чиглэлээр судалгаа хийсэн зарим эрдэмтэн утаагүй болох тусмаа аюултай гэдгийг үргэлж анхааруулдаг. Мөн шатаасны дараа ёроолын болон дэгдэмхий үнс үлдэнэ. Ёроолынх гэдэг нь зуухных шиг сараалжаас доошоо унахад гарч байгаа үнс юм. Ёроолын үнсэнд их хэмжээний химийн хорт бодис, хүнд металлууд бий. Гэтэл дэгдэмхий буюу яндангаар гарч байгаа үнс нь илүү хортой гэж үздэг. Шатаах явцад урвалд орсон химийн бодисууд нь хүний эрүүл мэндэд илүү сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ мэтээр шатааж болохгүй гэдгийг олон судалгаагаар нотолчхоод байхад бид яагаад дэлхийд мөрдөхөөс зайлсхийж буй технологиуд руу шуураад байгаа юм. Барууны орнууд одоо байгаа шатаах зуухаа яаж хаах вэ гээд хэдийн шаналаад эхэлсэн. Мөн шатаах байгууламжтай болно гэдэг маш өндөр зардалтай. Том зургаар нь харвал шатаах байгууламж манай Засгийн газрын хөтөлбөрт орчихсон. Улаанбаатар хотод хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх байгууламж гэсэн төсөл явж байгаа. Гэтэл энэ байгууламжийн үйл ажиллагааг нь тогтвортой авч явахад маш их урсгал зардал гарна. Үүнийг мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ. Шатаах зуухыг нийлүүлж буй газартай нь дор хаяж 30-70 жилийн гэрээ яригддаг. Энэ гэрээнд “түгжигдэнэ” гэсэн үг. Мөн шатаах зуух нь эдийн засгийн үр ашиггүй эрчим хүч үйлдвэрлэх арга болохыг олон улсад нотолчихсон шүү дээ. Хэрэв технологийн хувьд хоцрогдсон байвал нэлээд өндөр эрсдэлтэй, янз бүрийн дэлбэрэлт болох магадлалтай. Үүнээс гадна иргэд жижиг зууханд ч ялгаагүй юу л байна аваачаад шатаачихдаг. Гэтэл үүнээс агаар, хөрсний бохирдол үүсдэг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ил зууханд ч ялгаагүй хог шатаах нь аюултай. Манай¬хан гялгар уутыг шатаачхаар хайлаад алга болчихлоо гэж боддог. Гэвч үнэ үед хорт хавдар үүсгэгч элементүүд их хэмжээгээр ялгарна. Мөн бага хэмжээний үнс үлддэг. Энэ нь эргээд хөрсний бохирдол үүсгээд байгаа юм.
-Хүн амьдарч буй цагт хог хаягдал гарах нь тодорхой. Тэгвэл үүнийг зөв зохицуулахгүй бол хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хэрхэн сөргөөр нөлөөлөх бол?
-Хог хаягдал бүр хямралын хэмжээнд хүрчхээд байгаа. Хүн төрөх, үхэх нь үнэн гэдэгтэй адил хүмүүс амьдарч буй бол хог хаягдал үүсэх нь тодорхой. Тухайн зүйл хэвийн ажиллаж байсан ч хамаагүй хэрэгцээгүй гээд хаясан л бол хог юм. Жишээлбэл, надад байгаа бал эвдэрч муудаагүй, хэвийн гарч байна. Гэхдээ үүнийг би хэрэглэхгүй гээд хаячихвал энэ нь хог л болно шүү дээ. Дэлхийн хүн ам нэмэгдэхийн хэрээр хүний хэрэглээ ч дагаад өсөж байна. Энэ хэрээр бидний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй, эсэх нь эргэлзээтэй шинэ бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх болсон. Инженерүүдийн дунд “Ямар ч байсан нэг зүйл зохиочихъё. Дараа нь зорилгыг нь тодорхойлно” гэх наргиа ч бий.
Уг нь бидний өвөг дээдэс эрт үеэсээ зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлсийг бүтээж, хэрэглэдэг байв. Эдлэл, хэрэглэлээ ч үеэс үед өвлүүлж, өвөл болон гоёлд өмсдөг ганц дээлтэй. Өвөөгийн авдар аавд, аавынх хүүд өвлөгддөг байлаа. Одоогийнх шиг хэрэгцээтэй, эсэх нь мэдэгдэхгүй “хогоор” өөрийгөө бүчдэггүй байж. Харин өдгөө дэлхий даяаршихын хэрээр зөвхөн дотоодын бус олон орны бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр авч хэрэглэх болжээ. Одоогийн бидний амьдралын хэв маяг шугаман эдийн засаг буюу байгалийн баялгийг олборлож, бүтээгдэхүүн хийж, хэрэглээд, хаягдаг системд шилжчихсэн. Нөөцийг нь авч хэрэглэсэн атлаа нөхөн сэргээхгүй байна гэсэн үг.
-Тэгвэл үүнийг хүн болон байгальд ээлтэйгээр яаж шийдэх вэ?
-Хог хаягдлыг зөв зохицуулна гэхээр бид шатаах, булах, дахин боловсруулах, эсвэл бордоо болгох гэх мэтээр ойлгодог. Энэ бол зөвхөн үүссэн хойно нь л авах арга хэмжээ юм. Жишээлбэл, гялгар уутыг газар хаясан гэж бодъё. Гэтэл гялгар уут нь ямар ч хор нөлөөгүй хаягдал биш шүү дээ. Үүнийг газрын тосноос гарган авдаг. Харин газрын тос нь ямар олон сөрөг үр дагавартай билээ. Түүнийгээ хуванцар сав, уут болгохын тулд дахиад л олон төрлийн шат дамжлага дамжина. Өөрөөр хэлбэл, хуванцрыг хатуу, эсвэл өнгөтэй болгож, дээр нь ямар нэгэн зүйл хэвлэхэд маш олон төрлийн химийн бүтээгдэхүүн нэмэх шаардлагатай болдог. Тэгэхээр газрын тосыг олборлохоос эхлээд байгаль сүйдэж байна гэсэн үг. Олборлосон газрын тосоо боловсруулах үйлдвэрт өгч, бүтээгдэхүүн хийх боломжтой түүхий эд зэргээр олон шат дамжлага давсны эцэст сая нэг хуванцар үүсэж байгаа юм. Энэ бүх үе шатад хамгийн өргөнөөр хэрэглэгдэг 16 мянга гаруй химийн бодис байдаг гэж үздэг. Эдгээрээс дөнгөж дөрвөн мянгыг нь л хүний эрүүл мэндэд халтай, эсэхийг нь судалсан.
Хуванцар нь халж, хөрөх болон чийгтэй орчинд удахаар өөрт агуулж байгаа химийн олон бодисыг агаарт цацдаг. Мөн байгальд шингэдэггүй. Хэдийгээр жижиг хэсгээрээ байгальд задрах боловч органик бус бодис болчхож байгаа юм. Олон жижиг хэсэг болж задарч буйг нь бичил хуванцрын бохирдол гэж нэрлэдэг. Энэ нь цааш нано хуванцрын бохирдол болж, салхиар тархдаг гэсэн үг. Үүнийг хүн залгих, амьсгалах замаар их, бага хэмжээнд хүртдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд ашиглагдсан эдгээр химийн бодис нь эргээд хүний биед орно. Сүүлийн үед ялангуяа бичил хуванцрын бохирдлыг маш олон талаас нь судалж буй. Дэлхий дахинд хүний биеийн бүх эрхтнээс бичил хуванцар илрэх боллоо. Хамгийн сүүлд зүрхнээс илэрсэн. Мөн эхийн ихэс, хөхний сүү, цус, шээс, өтгөн, төмсөг, тархинаас илэрсэн байна. Томоохон хэмжээтэй бичил хуванцар нь хүний биед ороод, өтгөнөөр гадагшлах боломжтой. Гэтэл бүр жижиг хэсгүүд нь биеэс гадагшилдаггүй. Ямар нэгэн эрхтэнд очоод хуримтлагдчихдаг. Түүнчлэн хуванцар нь янз бүрийн бохирдлыг өөртөө татдаг. Жишээ нь гадаргуу дээр нь ирж наалдсан нянгууд хүний биед орсноор дааврын тогтолцоо, булчирхайнуудад ч нөлөөлөх эрсдэлтэй. Дааварт нөлөөлж байна гэдэг цаашлаад зан төлөв, биеийн хөгжил муудаж, элдэв өвчин тусах эрсдэлийг нэм¬дэг. Ер нь хуванцар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг олон байгууллага тал бүрээс нь судалж байгаа. Тухайлбал, аав, ээж юу хэрэглэж байна түүнийг нь хүүхэд идэж ууж, ямар орчинд амьдарч буйгаас хамаараад эрүүл байх, эсэх нь шалтгаална гэж олон судалгаанд дурджээ. Амьсгалын зам, зүрх, судасны өвчлөл, оюуны хөгжил, үргүйдэлд хүргэх зэрэг олон өвчлөлтэй шууд холбоотой. Бид хуванцар гэхээр л гялгар уут, ус ундааны саваар л төсөөлдөг. Гэтэл бидний өмсөж буй хувцасны 66 хувь нь хуванцар. Мөн өглөө босоод шүдээ угаахаас эхлээд бид хуванцартай 24 цагийн турш харьцсаар байдаг гэсэн үг.
-Сүүлийн үед тэг хаягдлын зарчмыг олон улсад түгээмэл хэрэглэх болжээ. Манайд үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бий юү?
-Тэг хаягдал гэхээр хүмүүс хамгийн түрүүнд ийм зүйл байх боломжгүй гэдэг. Хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа үед тодорхой хэм¬жээний хог хаягдал гаргаж л таарна гэдэг юм. Гэхдээ хог хаягдлыг хэрхэн бууруулах, үүнийг яаж багасгах талаар бодох хэрэгтэй. Уг нь бид үүссэн хойно нь бус, тухайн нөөцийг хог хаягдал болгохгүй байхад эхлээд анхаарах ёстой. Наанадаж дахин ашиглагдаг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Ер нь тэг хаягдал гэдэг ойлголт бол бүхий л салбар, зүйлстэй холбоотой. Жишээ нь, та өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ нэг бүрчлэн жагсаагаад, аль нь үнэхээр танд хэрэгтэй, эсэхийг ажиглаарай. Өөрөөр хэлбэл, хүсэл шуналаас үүдэлтэй хэрэглээнүүдээ хянахаас эхлэх ёстой. Тиймээс манайд ч үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бий.
-Та бүхний цаашдын зорилго, төлөвлөгөө юу бол?
-Бусад газраас авч хэрэгжүүлж болох сайн үр дүнг өөрсдийн чадах чинээгээр аль болох олон газар түгээн дэлгэрүүлэх зорилготой. Төслөө ч эхлүүлчихсэн. Тэгэхээр биднээс дэмжлэг хүссэн орон нутгуудаас төсөлд оролцох газруудаа сонгоод, сургалт мэдээ, мэдээлэл хүргэх юм. Мөн төслийн хүрээнд хог хаягдлыг орон нутагтаа зохистой зохицуулах энгийн системтэй болох хүртэл нь зөвлөгөө өгч тусалж дэмжин ажиллана.
-Төсөлд оролцох орон нутгаа ямар шалгуураар сонгож байгаа вэ?
-Эхний ээлжид төсөлд оролцох гэж байгаа сум, орон нутгийн удирдлага асуудлаа шийдвэрлэхээр шийдсэн байх хэрэгтэй. Үнэхээр шийдчихсэн газрууд бидэнд албан ёсоор хүсэлтээ ирүүлээд Булган аймгийн Хишиг-өндөр сумд хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцана. Дараа нь иргэдийн оролцоог харж, “хөрс” бэлэн болсон, эсэхийг тодорхойлсноор тухайн газрыг сонгох юм.
-Манайхан хог хаягдлыг бууруулах нь зөвхөн төр засгийн үүрэг гэж ойлгодог. Гэтэл үүнийг шийдвэрлэхэд аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал. Та энэ гурван тал хэрхэн хамтран ажиллах ёстой гэж бодож байна вэ?
-Ер нь хог хаягдал гэхээр бид зөвхөн байгаль орчны асуудал мэтээр боддог. Гэтэл энэ нь нүдэнд торох хог хаягдал биш, үүнээс хальж, хямралын түвшинд хүрсэн асуудал. Таны эрүүл мэнд ч үүнд шууд хамааралтай. Тиймээс энэ асуудалд хүн бүр оролцож, анхаарал хандуулах ёстой. Хамгийн энгийн нь хэрэглээгээ өөрийнхөө түвшинд яаж бууруулахаас эхлэх юм. Эх үүсвэр дээр нь хог хаягдлаа ангилахаас эхлээд манай улс ямар бодлого барьж, хог хаягдлаа бууруулах ямар арга хэмжээ авч буйд хяналт тавихаас эхэлнэ. Гэхдээ бодлогын зөв баримт бичгийг боловсруулах нь маш чухал. Үйлдвэрлэгчдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх, ямар стандарттай байхыг нарийвчлан зааж өгвөл зохистой. Өөрөөр хэлбэл, хамгийн жижиг нэгж буюу хувь хүнээс эхлээд шийдвэр гаргах түвшний бодлогын баримт бичиг боловсруулах хүртэл бүгд л эрвийх дэрвийхээрээ хичээхгүй бол зохицуулж дийлэхгүй их хэмжээний хог хаягдал үүсэж байна.
У.Цэцэг