Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч сарын эцсийн байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаасаа 4.3 хувиар өссөнийг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. Үүний 54.8 хувийг банк санхүү, уул уурхайн салбарын томоохон таван компани бүрдүүлсэн бол үлдсэнийг нь хөрөнгийн биржид бүртгэлтэй 159 хувьцаат компанийн үнэлгээ эзэлжээ. Тодруулбал, АПУ, “ХААН банк”, “Тавантолгой”, “Худалдаа хөгжлийн банк”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК-ийн нийлбэр үнэлгээ энэ үед 6.6 их наяд төгрөгт хүрч, нийт зах зээлийн талаас дээш хувийг эзэлжээ. Харин Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй бусад компанийнх 5.5 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. Монгол Улсын хэмжээнд одоогоор зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд төгрөгт хүрсэн хувьцаат компани нэг (“ХААН банк”) буй бол нэг их наядаас давсан гурав (АПУ, “Тавантолгой”, “Худалдаа хөгжлийн банк”) байна. Харин 100 тэрбумаас давсан үнэлгээтэй компани 13 бий бөгөөд эдгээрийн ихэнх нь банк санхүүгийн салбарынх юм.
Н.Мишээл