Орон сууцын үнэ сүүлийн үед тасралтгүй өсөж байгаа нь ипотекийн зээлээр байртай болох өрхийн тоо буурах бас нэгэн шалтгаан болж буйг Монголбанкныхан мэдээллээ. Эл хөтөлбөрийн санхүүжилтэд энэ онд Төв банк болон арилжааны банкууд, Хуримтлалын сангийн эх үүсвэрээс 1.3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар банкуудын эх үүсвэрээс 521.9 тэрбум төгрөгийн зээлийг 4200 гаруй өрхөд олгоод буй гэнэ. Санхүүжилт нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.4 хувиар өссөн ч зээлд хамрагдсан өрхийн тоо 5.8 хувиар буурчээ. Үүнийг орон сууцын үнэ 2024 оныхоос 13 орчим хувиар өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Энэ оны эхний хагаст ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 62 хувь буюу 2600 гаруй ньнийслэлийнх бол 1600 нь орон нутгийнх аж. Нийт санхүүжилтийг нь жинлэвэл Улаанбаатарын нэг өрхөд дунджаар 131.5, орон нутгийнхад 112.5 сая төгрөг ногдож буйгаас ч хот, хөдөөд орон сууцын үнэ хэр ялгаатай нь харагдаж байна.