ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Монгол, Казахстан гэх мэт)-ын иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликэйшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлэх аж. Үүнд овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхийн мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг оруулах, эмнэлгийн даатгал хавсаргах гэнэ. Бүртгэл амжилттай болсны дараа QR код олгох юм байна. Хэрэв тухайн QR-ыг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох нь.
Харин ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, нэвтрэх бүх төрлийн визтэй хүмүүс, зургаагаас доош насны хүүхэд дээрх бүртгэлийг үүсгэхгүйгээр хил нэвтэрч болох гэнэ. Мөн тус улсад зорчих гэж буй иргэд олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, сэтгэгдэл зэрэг зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан тохиолдолд устгах шаардлагатайг Хил хамгаалах байгууллагаас анхаарууллаа.
Түүнчлэн энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Зургаадугаар сарын 30-наас шинэ журмаар хил нэвтрүүлэх тухай мэдээлэл гарсан. Нарийвчилсан мэдээлэл авах хүсэлтээ ОХУ-д өгсөн. Хариу ирэхээр албан ёсоор мэдээлнэ” гэв.
Ч.Туяа