Монголд эдүгээ зун болж байгаа ч удахгүй өвөл ирнэ. Бид дахиад л хорт утаагаар амьсгална. Мартаж болохгүй үнэн гэвэл энэ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт амь зууж буй хоёр сая орчим хүн бүгд л өвөл болохоос айдаг. Нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн төлөө тэмцэнэ. Харин нөгөө хэсэг нь өвдөж үхэхгүйн тулд хичээдэг. Яг л үхлийн тойрог шиг. Өөрөөр хэлбэл, XXI зууны нийслэлчүүд өвлийн 30-40 хэмийн хүйтэнд осгохгүйн тулд нийтээрээ гал түлж амьдардаг билээ. Бид өмнө нь түүхий нүүрс түлдэг байсан бол одоо түүнийгээ арай сайжруулан шахмал түлш болгон шатааж байгаа. Гэвч агаарт дэгдэх хорт хий нь түүхий нүүрснийхээс ч багассангүй. Утаа жил бүр мянга мянган хүний амь насанд аюул учруулсаар, үхэлд хүргэсэн хэвээр л байна. Үүний гол золиос нь эх, хүүхдийн эрүүл мэнд болсныг одоо өгүүлэх олон жишээ, баримт гэрчлэх болно.
Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар хороонд оршин суух иргэн Б.Дулам бусдын адил өвөл болохоос үхтэлээ эмээдэг нэгэн. Тэрбээр сүүлийн гурван зуныг гэрийнхээ мухарт шигдэн, уртаас урт өдрүүдийг өнгөрүүлжээ. Учир нь 2023, 2024 оны намар, өвөл түүний хэвлийдээ тээж байсан ураг нь амьгүй болчихсон юм байна. Бүр хоёр жил дараалан гэсэн үг.
Б.Дулам анх жирэмсэн болсноо мэдээд маш их баярлаж, эхний саруудад ургаа хэвийн тээж байсан ч харамсалтай нь удалгүй өсөлтгүй болжээ. Ингээд шалтгааныг нь тодруулахаар тэрбээр эмнэлгээр сар гаруйн хугацаанд явж, шаардлагатай бүх л шинжилгээ, оношилгоонд хамрагдсан гэнэ. Үүний эцэст эхийн эрүүл мэнд хэвийн, янз бүрийн халдвар аваагүй, харин ураг хүчилтөрөгчийн дутагдлаар өсөлтгүй болсон гэх оношийг эмч нь хэлжээ. Харин “Зургаан сарын дараа жирэмсэлж болно, айх аюулгүй” гэж зөвлөсөн аж.
Хүүхэдтэй болохын хүслэн болсон Б.Дуламд эмчийн хэлсэн энэ үг аврал шиг л сонсогдож, дараа жил нь дахиад жирэмсэлжээ. Гэвч удалгүй тэнгэр хөмрөх шиг нөгөө л мэдээгээ сонсов. Гурван сартай ургийнх нь зүрхний цохилт ЭХО оношилгоогоор сонсогдсонгүй. Түүний хэвлий дэх бяцхан зүрх цохилохоо больсон шалтгаан нь мөн л хүчилтөрөгчийн дутагдал. Ингээд Б.Дулам тээж байсан хоёр ч хүүхдээ хүчилтөрөгчийн дутагдлаар алдаж, одоо ч сэтгэлийн хямралаасаа гарч чадахгүй, утаат өвлийг үзэн ядсаар гурав дахь зунтайгаа ийнхүү золгож сууна. Түүнд дахин найдвар бий, эсэхийг одоо хэн ч хэлж чадахаа больжээ.
АГААРЫН БОХИРДОЛ УРГИЙН АМИЙГ БҮРЭЛГЭХ БОЛОВ
Улаанбаатарын агаарын бохирдол сүүлийн 10 жилд огтхон ч буурсангүй, улам л нэмэгдсээр байгаагийн гол шалтгаан нь хотын нийт өрхийн 50.2 хувь нь буюу нэг сая орчим иргэн гэр хороололд одоо ч нүүрс түлж амьдарсан хэвээр байгаатай холбоотой юм. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станцуудын утаа агаарыг нэмж бохирдуулсаар байна.
Нийслэлд 24 цагийн турш агаарын чанарыг хянадаг 18 суурин харуул ажиллаж, хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, PM10, PM2.5 зэргийг мэдээлдэг. Сүүлийн таван жилд гэхэд өвлийн оргил ачааллын үед буюу арваас хоёрдугаар сар хүртэл зөв¬хөн нарийн ширхэгт тоос, тоосонцор PM10, PM2.5-ын үзүүлэлт ДЭМБ-ын хүлцэх хэмжээ¬нээс 150-350, зарим үед 450-500 дахин өндөр заасан. Улаанбаатар хотод хавар, зун, намарт ураг зулбах тохиолдол 1000 төрөлтөд 20-23 бүртгэгддэг бол утааны улиралд энэ үзүүлэлт 70-80-д хүрдгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”-нд дурдсан байна. Хэвлийдээ эндэх ургийн тоо одоо ч өвөл нь зунаасаа 3-4 дахин өндөр хэвээрээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны судалгаагаар хүчилтөрөгчийн дутагдлын шалтгаантай өсөлтгүй жирэмслэлт жилд дунджаар 2500-3000, амьгүй төрөлт 344-400 бүртгэгдэх болсныг мэдээлжээ. Ураг хэвлийдээ ийнхүү олон янзаар эндэх болсон нь агаарын бохирдол эхийн эрүүл мэнд, эрхтэн системд хүртэл өөрчлөлт оруулж буйтай холбоотой гэнэ. Тухайлбал, утааны улиралд эх тээж буй ургаа хүчилтөрөгч, бусад аминдэм, тэжээлээр хангаж чадахгүйд хүрдэг байна. Шалтгаан нь өвөл хотын агаарт хүчилтөрөгч үйлдвэрлэгдэх нь багасаж, эсрэгээрээ утаанд агуулагдах нүүрсхүчлийн хий оргилдоо хүрдэг. Өөрөөр хэлбэл, ураг зулбах, өсөлтгүй болох, амьгүй төрөх зэрэг нь эхийн цусаар тээвэрлэгдэж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассантай шууд холбоотой аж. Нэг ёсондоо угаарын хордлогоос болж эхийн цусны эргэлт саатаж, хүчилтөрөгч тээвэрлэгч улаан эсийн тоо буурснаар урагт агаар зөөвөрлөж чадахаа больдог байна.
“THE GUARDIAN”: УЛААНБААТАР ӨВЛИЙН УЛИРАЛД УЛАМ АЮУЛТАЙ БОЛЖ БАЙНА
“Улаанбаатар хотын айл өрхүүд дулаацахын тулд нүүрсээр галладаг. Бүгд л үүнийг амьсгалж байна. Хамгийн том хүү нь цэрэгт явсан хойгуур гэр бүлийнх нь зургаан хүн унтаж байхдаа угаартаж нас баржээ. Энэхүү эмгэнэлт явдалд монголчууд нийтээрээ гашуудсан ч ийм шалтгаанаар нас барсан хүний тоо өдгөө 811-т хүрээд буй юм байна. Хөндийд байрлах Улаанбаатар нь өвлийн улиралд улам бүр аюултай болж, утаа нь хүмүүсийг алсуур хөнөөх болжээ” гэсэн утгатай бүрэн хэмжээний нийтлэл өнгөрсөн хавар “The Guardian”-д нийтлэгдэж, олон улс даяар багагүй шуугиан тарив.
Түүнчлэн Монгол Улсад 2021 онд гэхэд дотоод болон гадаад орчны агаарын бохирдлын улмаас 3970 хүн нас барсан гэж Ourworldindata. org-д мэдээлжээ. Нас барагсдаас нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын нөлөөгөөр 1710 хүн эндсэн гэж тус платформд тэмдэглэсэн байв. Утаанаас улбаатай 100 мянган хүн тутамд эзлэх нийт нас баралтын хувь Монголд 12.9, харин агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг Энэтхэгт эл үзүүлэлт 8.1 хувьтай байх жишээтэй. Улаанбаатарын агаарын бохирдлын талаар олон улсын цахим хуудаснуудад энэ мэт мэдээлсээр байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нийслэлд жил бүр 2500-3500 хүн агаарын бохирдлын шууд хордлогод өртөж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буйг энэ оны хоёрдугаар сард болсон утааны ерөнхий хяналтын сонсголын үеэр мэдээлсэн билээ. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2018-2025 он хүртэл нийт 743 хүн угаарын хийн цочмог хордлогын улмаас нас барсан нь хяналтын сонсголоор ил болсон юм. Харамсалтай нь, өдгөө эл тоо дээрх нийтлэлд дурдсанчлан 800 хол даваад буй.
Тэгвэл агаарын бохирдлын дам нөлөө нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн үгүй хийж, эмэгтэйчүүдийг алсдаа хүүхэд тээх чадваргүй болгож байгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор Г.Энхжаргал “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа ийн хөндсөн юм. Тэрбээр
“Улаанбаатар хотын агаарын бохирдол олон жилийн турш ургийн хөгжилд асар хортой нөлөө үзүүлсээр ирсэн. Бид Канадын “Саймон Фрэйзэр” их сургуулийнхантай хамтран агаарын бохирдол ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Судалгааны дүнд хорт утаа нь ураг зулбах, хугацаанаасаа өмнө, бага жинтэй, эсвэл амьгүй төрөх, цаашлаад ургийн гаж хөгжил хүртэл үүсгэж байгааг тогтоосон.
Төрөх үеийн хүүхдийн жин бол өсөлт хөгжлийнх нь чухал үзүүлэлт. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 44 хувийг бага жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн нас баралт эзэлдэг. Судалгааны явцад 540 жирэмсэн эмэгтэйд хийсэн урт хугацааны дүн шинжилгээ ч агаарын бохирдол нь бага жинтэй нярай төрөхөд голлон нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн” хэмээн ярьсан юм.
УТААНААС ҮҮДЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ЗАРДАЛ 24.8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ
Монголд зөвхөн тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд жил бүр эндсээр байна. Эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин бөгөөд үүнийг 75-88 хувь хүр¬тэл сэргийлэх боломжтой гэж үздэг. Өнгөрсөн онд нийслэлд зөвхөн нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тухайн жилд улсын хэмжээнд төрсөн нийт хүүхдийн 50 гаруй хувийг эзэлж буй юм. Тодруулбал, дөнгөж төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдвар, тэр дундаа уушгины үрэвсэлт өвчинд шууд өртдөг гэсэн үг. Энэ нь тав хүртэлх насныхны эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судлаачид хэллээ.
Нийслэлд өвөлд бага насны хүүхэд дунджаар 3-5 удаа ханиад, томуугаар өвчилж, иргэд нэг удаагийн эмчилгээнд 90-150 мянган төгрөг зарцуулдаг. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл эрүүл мэндийн салбарын эдийн засагт ч үлэмж хохирол учруулсаар ирэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ онд танилцуул¬сан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”-т Монгол Улсын агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 2022 онд 1.15 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ. Үүнд амьсгалын замын цочмог үрэвсэл хамгийн их хувийг эзэлсэн байна.
Одоогоос есөн жилийн өмнө Улаанбаатарт агаарын бохирдлын шалтгаант хүүхдийн өвчлөлд 10.4, насанд хүрэгчдийнхийг нэмбэл 18.4 тэрбум төгрөг зарцуулж байж. Тэгвэл энэ онд зөвхөн хүүхдийн өвчлөлтэй холбоотой эдийн засгийн дарамт 24.8 тэрбум төгрөгт хүрэх тооцооллыг НҮБ-ын Хүүхдийн сангаас мөн саяхан танилцуулаад байна. Энэхүү судалгааг “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд хийсэн аж.
Тэд “Улаанбаатар хотын утаа багасаж, хорт чанар нь бууртал хүүхдүүдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах, амны хаалт үнэгүй тараах, эрсдэлтэй бүлгийн багачуудад шаардлагатай эм, тариагаар үйлчлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, өвөл аюулын түгшүүр зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” хэмээн бидэнд зөвлөсөн. Мөн НҮБ-аас 2030 он гэхэд дэлхий нийтээр хүүхдийн эндэгдлийг 10 саяар бууруу¬лах шаардлагыг гишүүн орнууддаа тавиад буй. Харин манай нийслэлийн агаарын чанар олон улсын зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч, бууртлаа цөөнгүй жил зарцуулах төлөвтэй.
ТӨРӨЛТ БУУРСААР АТАЛ ХҮҮХДҮҮДЭЭ 2-3 МЯНГААР НЬ АЛДСААР Л БАЙХ УУ
Анагаах ухааны доктор, профессор, хавдрын эмч Н.Эрдэнэхүү “Нийслэлчүүд агаарын бохирдлын улмаас өдөрт 5-6 хайрцаг тамхи татсантай дүйх хэмжээнд хордож, хавдартай дөрвөн хүн тутмын нэг нь агаарын бохирдлын нөлөөгөөр өвчилж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал байхдаа 2023 онд “Шахмал түлшийг хаягдал овоолго буюу чулуун нүүрсээр хийж буй цагт агаарын бохирдол хэзээ ч буурахгүй” хэмээн мэдэгдэж байв.
Одоогийн байдлаар нийслэлчүүд шахмал түлшнийхээ түүхий эдийг сайжруулсан зүйлгүй. Гэхдээ хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшийг баяжуулсан нүүрсээр солино гэж өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн юм. Мөн тэрбээр нийслэлд ирэх өвөл гэхэд утаагүй бүс байгуулж, эхний ээлжид 50 мянган өрхийг хамруулахаар төлөвлөөд буйгаа хэлсэн. Эдгээр айл өрхийн гэр, сууцыг дулаалах, хийн түлшинд холбох ажлыг энэ сараас эхлүүлээд байна. Мөн 71 байршилд газар чөлөөлж, орон сууцжуулахаар зарим бүтээн байгуулалтыг өрнүүлж эхэлсэн. Ингэснээр агаарын бохирдлыг ирэх өвөл гэхэд 15 хувиар бууруулах боломжтой гэж үзэж буй. Харин нийслэлчүүдэд үр дүнг нь хүлээхээс өөр сонголтгүй.
Агаарын бохирдол, ханиад, томууны дэгдэлт, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс монголчууд сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэхээс зайлсхийх болсон. 2014-2019 онд төрөлт улсын хэмжээнд 66-80 мянгад хэлбэлзэж байв. Харин сүүлийн таван жилд энэ үзүүлэлт 47-50 мянга болж, 20 гаруй хувиар буураад байна. 3.5 сая ч хүрэхгүй цөөхөн монголчууд хүн амын “цонх үе”-тэйгээ ийнхүү нүүр тулчхаад нөгөө талд бага насны хүүхдүүдээ сэргийлж болох өвчнөөр жил бүр хоёр, гурван мянгаар нь алдсаар л байх уу.
О.Бат-Ундрах, Б.Ундрах