Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгалгүй ижил хэмжээний төлбөр авдаг болох асуудлыг аяллын хөтөч нар, бизнес эрхлэгчид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоох шийдвэрийг 2023 онд гаргасан билээ. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үүнийг дахин өөрчилж, гадаад, дотоодын жуулчдаас авах хураамжийн хэм¬жээг эрс нэмж, тусад нь тогтоожээ. Тухайлбал, өмнөх журмаар иргэд дархан цаазат газарт нэвтрэхэд аль улсынх байхаас үл хамааран 5000 төгрөгийн хураамж авдаг байсан бол өдгөө дотоодын аялагчдаас 5000, гадаадынхаас 20 000 төгрөг хураах болж. Байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газарт ч ийм ялгаатай байдлаар монголчуудаас 1000-3000, гадаадын иргэдээс 10-15 000 төгрөгийн хураамж авч эхэлсэн гэнэ. Манай улс аялал жуулчлалыг олон улсын жишгээр хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн ч энэ мэт бодлогогүй, мэдрэмжгүй шийдвэрээр жуулчдыг үргээж, урмыг нь хугалж буйг салбарын бизнес эрхлэгчид энэ өдрүүдэд хөндөж байна. Бүх үйлчилгээ, худалдан авалтандаа татвар, хураамж төлдөг жуулчдад 10 000-30 000 төгрөг ч дарамт болдгийг тэд хэлж буй юм. Дээрээс нь дархан цаазат, байгалийн цогцолборт газарт нэвтэрч байгаа бүх суудлын автомашинаас 9000-15 000, автобуснаас 30 000-120 000 төгрөгийн хураамж авдаг нь ямар ч тооцоогүй шийдвэр, хэт өндөр төлбөр гэж үзэж байна. Иймд байгаль орчны болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд нарыг цаашид харилцан уялдаатай, төрийн бодлоготой нийцсэн, зах зээлийн онцлог, зарчимд үндэслэсэн шийдвэр гаргахыг “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарынхан анхаарууллаа.
Ж.Сувд