Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл, “гудамжны яруу найргийн эгшиг бас хөг нь” гэгддэг “Опозит” хамтлагийнхан 20 жилийн ойн “Болор цом” тоглолтоо энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд олны хүртээл болгох нь. Тэд “Амьдралын тоглоом”, “Хамгийн сайхан нь”, “Хурим”, “Метроны буудлын утасны бүхээг” зэрэг 20 жилийн хугацаанд туурвисан нийт 42 бүтээлээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа эгшиглүүлэх аж.
Уг тоглолтод урилгаар реппер Tsetse буюу Н.Цэцэнбилэг, ThunderZ буюу Б.Өлзий-Учрал, Davaidasha буюу Г.Ариунболд, Noubold буюу Э.Оюунболд болон дуучин Маралжингоо нар оролцох юм байна. Мөн контент бүтээгч нохой гэдгээрээ алдартай Басар ч оролцох гэнэ.
Тэдний 2023 онд зохион байгуулсан “Хамгийн сайхан нь” тоглолт урьдчилсан тасалбар борлуулалтаараа Монголын рекордыг шинэчилсэн байдаг. Тэгвэл тэд өнөө жил өмнөх амжилтаа ахиулсан тоглолт хийх гэж байгаагаа онцолсон юм.
Сонирхуулахад, амьдралын торгон үеүдийг шүлгээр сийлж, хип хоп хэмнэлд нэрж ирсэн “Опозит”-ынхон 20 жилийнхээ ойг тохиолдуулан нийт 14 дуунаас бүрдэх “Болор цомог” хэмээх шинэхэн цомгоо тун удахгүй сонсогчдын хүртээл болгох аж.
У.СҮРЭН