Нийслэлийн Засаг даргын санаачилгаар, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын урлагийн зөвлөл” төрийн бус байгууллага хамтран “Улаанбаатар биенналь 2025” үзэсгэлэнг энэ сарын 6-20-ны өдрүүдэд “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Тиан Жан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Монголын урлагийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл болон бусад зохион байгуулагчийн хамт өчигдөр үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өглөө. Тиан Жан “Би олон нийтэд хүрдэггүй, орхигдсон дуу хоолойд хүч нэмэхийг хүсэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд эх орон, газар нутагтай холбоотой хүчтэй илэрхийлэл бүхий бүтээл туурвидаг уран бүтээлчдийг оролцуулахыг зорьсон. Бүтээлүүд нь газрын эрх, байгаль орчны доройтол, соёлын алдагдал зэрэг сэдвийг хөндөх боловч өв соёлоо дээдлэх, ирээдүй хойчдоо гэрэлт зам үлдээх тухай уран сайхны өгүүлэмжийг мөн агуулна” хэмээв.
Энэ удаагийн биеннальд 25 орны 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд гадаадын 19, дотоодын зургаан бүтээлч уран бүтээлээ олон нийтэд танилцуулах юм. Биенналь нь “Ерөнхий үзэсгэлэн”, “Хамтрагч үзэсгэлэн”, “Хамрах хүрээний үзэсгэлэн” гэсэн гурван хэсгээс бүрдэх ба нийслэлийн 19 байршилд зохион байгуулах аж.
Энэ үеэр болох онцлох үйл ажиллагааны нэг нь хүүхдүүдэд зориулсан “Kids museum fest” боловсролын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд биенналийн оролцогчидтой уулзаж, хамтран бүтээл туурвих замаар урлагийн боловсрол эзэмших боломжтой. “Kids museum fest” үйл ажиллагааг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Монголын уран зургийн галерей болон нийслэлийн захын дүүргүүдэд зохион байгуулах аж.
Ц.ЦЭНД-АЮУШ