“ДЦС-3” ТӨХК-ийн цахилгаан станцад зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дэлбэрч, нэг хүн амь эрсэдсэн. Үүнтэй холбогдуулан Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Тус холбооны уул уурхайн салбар хариуцсан нарийн бичгийн дарга А.Дагвадорж “2023 оны есдүгээр сард эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тэр үед л уг салбар элгээрээ хэвтсэн, ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа талаарх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, тухайн үеийн ЗГХЭГын дарга асан Д.Амарбаясгалан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт хүргүүлж байв. Гэтэл ЭХЯ, ЭХЗХ-ноос “Төсөв хангалтгүй, боломж нь л энэ” гэсэн үгээр ам тагладаг. Цаашид ч саяынх шиг осол гарах нь цаг хугацааны асуудал.
Үйлдвэрчний эвлэлүүд ажилчдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиг үүрэгтэй ажилладаг. Эрчим хүчний үнэ тарифын нэмэгдлээс 500 гаруй тэрбум төгрөгийн орлого энэ салбарт төвлөрсөн байна. Энэ мөнгө хаана байна вэ. Үүнээс ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүл, техник технологийн засвар үйлчилгээг нэн даруй хий гэдэг шаардлага тавьсан. ССАЖЗЯ-ны энэ оны төсөв 525 тэрбум, ЭХЯ-ных 298 тэрбум байна. Соёл урлагаа үгүйсгэсэнгүй. Гэхдээ ирэх өвөл бид тог, дулаантай байх, эсэх нь эргэлзээтэй байна. Аливаад эрэмбэ байх ёстой” гэв.
Харин эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчим хүчний яам бодлого боловсруулах чадамжгүй болсон. Эдийн засаг, хөгжлийн яамд бүх томоохон төслөө өгчихсөн. Реформ хийх нэрийдлээр Эрчим хүчний үндэсний хороо байгуулаад л орхичихлоо. Бодлого тодорхойлох ажлыг яам хариуцдаг болохоос биш, ганц ажлын хэсэг, хороо биш шүү дээ. Манайд хууль бус, нам дагасан томилгоо газар авсан. Сайд өөрчлөгдөх бүрд үйлчилгээний ажилтан хүртэл солигддог. Энэ яам зөвхөн эрчим хүчний асуудлыг хариуцах бус, үндэсний аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэдгээ санах хэрэгтэй” хэмээсэн.
Энэ үеэр “ДЦС-3”-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Хэргийн талаар эцсийн дүгнэлт гараагүй тул баталгаатай мэдээлэл өгөх боломжгүй. Нэг хүн огцорлоо гээд асуудал шийдэгдэхгүй. Энэ салбарыг мэдлэг, туршлагатай, тулгамдсан асуудлыг шийдэх эрмэлзэлтэй хүн удирдаасай ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь үйлдвэрлэлийн осол мөн, эсэхийг комисс эцэслэн тогтоох гэнэ. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эл асуудалд ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээд буй.
Д.Хүслэн