Хүүхэд багачуудын хувьд баяр тэмдэглэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатарт ховор гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэдний хувьд тоглож наадах боломжтой, хамгийн олноор зорин очдог газруудын нэг нь нийслэлийн зүрхэн талд орших Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк юм. Хүүхдийн паркаар үйлчлүүлэгчдэд тоглоом, түр амрах сандлаас эхлээд хүрэлцээгүй зүйл их бий. Гэсэн ч урин дулаан цаг айлчлан ирсэн учир үрсээ тоглуулах эцэг, эх цөөнгүй. Харамсалтай нь, нийслэлд ганц байдаг паркийн тоглоомууд хэт хуучирсан, аюулгүй байдал хангадаггүй гэх шүүмжлэл гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор паркийн одоогийн нөхцөл байдлыг тодруулахыг зорилоо.
“ЖИЛ БҮР ХОЁР ТОГЛООМ НЭМЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ”
Өдгөө 59 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Үндэсний соёл, амралтын хүрээлэн өнгө засжээ. Модод ногоорч, нуур, цөөрмийн ус цэлэлзэж байлаа. Хүүхдийн парк ногоон байгууламжтай хэдий ч хангалттай хүртээмжтэй биш. Хэдэн жилийн өмнө суурилуулсан галзуу хулгана, гинж, агаарын дугуй, алсыг харагч гэх мэт цөөхөн тоглоомоо одоо хүртэл ажиллуулсаар байна. Өнгөрсөн жил робот, морин тойруулга, хүслийн галт тэрэг, зөгийн аяга зэрэг тоглоом нэмсэн аж. Харин өнөө ажил алсыг харагч болон галзуу хулганыхаа бүхээгүүдийг шинэчилж, завиа сольсон гэнэ. Учир нь өнгөрсөн жил Хүүхдийн паркийн завь эвдэрч, осолдсон тохиолдол гарсан юм.
Энэ талаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн захирал Б.Уянга “Манайх энэ жил хэд хэдэн тоглоомоо шинэчиллээ. Тухайлбал, галзуу хулгана болон алсыг харагчныхаа бүхээгүүдийг шинэчилсэн. Галзуу хулганыг 10-15, алсыг харагчийг 20 жил тутам солих ёстой. Солих хугацаа нь ирэх жил болно. Тиймээс үүнээс урьтаж сайжрууллаа. Түүнчлэн дэлхийн стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Амралтын өдрүүдэд энд тогтмол тэмцээн зохиодог. Мөн цаг үеийн эрэлттэй дуучдыг авчран, их тайзнаа тоглуулж байна. Ингэхдээ иргэдэд үнэ төлбөргүй үзэх боломж олгодгоороо онцлогтой. Бүх зардлыг манай компани хариуцдаг юм. Түүнчлэн манайх жил бүр хоёр тоглоом нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинээр тоглоом худалдан авахад маш их мөнгө шаарддаг. Тиймээс бид эхний ээлжид хуучин тоглоомуудаа засаж сайжруулж байна. Жишээлбэл, алсыг харагчийн бүхээгүүдийг солиход хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Ер нь манай зардал орлогоосоо давдаг. Бид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд үргэлж анхаардаг. Тухайлбал, өглөө парк нээхээс өмнө буюу 06.00-09.00 цагийн хооронд хөдөлмөрийн аюулгүй байдлын операторууд, зохион байгуулагч, цахилгаанчид бүх тоглоомыг шалгадаг” гэв.
Хүүхдийн парк багачууд, найзууд, гэр бүлд зориулсан гээд нийт 24 тоглоомтой. Өдгөө бүгд ажиллаж буй. Гэвч тоглоомын хүртээмж муу учир хүүхдүүд өдрийн турш дугаарлан зогсоход хүрдэг аж. Тэд кассаас тасалбараа авсан ч тоглоом тус бүр дээр 10-30 минут дугаарлах шаардлагатай болдог байна. Мөн тэд хэдэн арван жилийн нүүр үзсэн, шороо, тоосонд дарагдаж, салж унах шахсан тоглоом дээр тоглож буй. Аюулгүйн бүс нь хүртэл муудаад, хир татсан байх нь бяцхан үрсийн аюулгүй байдлаар наадаж байна уу гэлтэй.
Хүүхдүүдийн дунд хамгийн эрэлттэй тоглоом нь дээрэмчний онгоц болон галзуу хулгана юм байна. Гэвч дээрэмчний онгоцыг сүүлийн жилүүдэд огт засварлаагүй гэнэ. Тоглоом дээш, доош савлахад хуучирч муудсан төмөр нь чихарч, чихэнд чийртэй чимээ гаргана. Аюулгүйн бэхэлгээний төмөр нь зэвэрч, ховхорсон байх аж. Хүүхдээ уг тоглоом дээр суулгасан эцэг, эхчүүд нэг минут 30 секундийн турш чихарсан чимээ сонсож, тавгүйтэхээс өөр аргагүй.
“ХЯЗГААРГҮЙ” ТАСАЛБАР НЬ ТУХАЙН ӨДӨРТӨӨ Л ХҮЧИНТЭЙ
Төв хаалгаар нь дотогш орвол тасалбар борлуулах жижигхэн цагаан байшингууд бий. Гадна нь гэр бүлийнхэнтэйгээ болон найзуудтайгаа яваа хүүхдүүд дугаарлан зогсоно. Тэд тасалбар борлуулах цэгийн гадна байршуулсан үнийн мэдээллийг сайтар ажиглаж байлаа.
Үндэсний соёл, амралтын хүрээлэн иргэдэд багц тасалбараар үйлчлээд багагүй хугацааг үджээ. Тухайлбал, “Happу”, “Cool”, “Super”, “Crazy”, “Хязгааргүй” гэх таван багц бий. Эдгээр нь 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Багц тасалбар нь гурван сарын хугацаанд хүчинтэй. Харин хязгааргүй тасалбар нь тухайн өдөртөө л хүчинтэй юм байна. Ингэхдээ нэг тасалбарыг сонгосон тоглоом дээрээ 2-3 удаа уншуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ганц багц тасалбар авсан гэр бүл сонгосон тоглоом дээрээ гурван хүүхдээ зэрэг тоглуулах боломжгүй. Заавал гурван тасалбар авч байж гурван хүүхдээ зэрэг тоглуулах аж. Тэгэхээр гурван хүүхэд тус бүр 8000 төгрөгийн үнэтэй тоглоом дээр суулгахад дунджаар 24 000 болно. Хэрэв багц тасалбар авбал энэ мөнгө 2-3 дахин үржигдэнэ. Хүүхдийн төлөө байгууллага атлаа ийм уян хатан биш зохицуулалттай нь олон хүүхэдтэй аав, ээжүүдэд тун ч ээлгүй сонголт аж. Мөн ажилтнууд нь багц тасалбарыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгдөггүйг иргэд хэлж байв. Тасалбар худалдах бүхээгийнхээ дэргэд үнийн мэдээллийг нь байршуулсан ч нэг тоглоомд дараалан суух боломжгүйг анхааруулсан зүйл огт үгүй байв. Харин авсан тасалбарынх нь зүүн булангийн жижигхэн зайд бичсэн харагдана. Үүнийг нь тогтож уншдаг хүн бараг үгүй байх. Түүнчлэн иргэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн тасалбараа цахимаар худалдвал цаг хэмнэсэн зөв шийдэл болох тухай ярьж байлаа. Уг байгууллагыг жилд ойролцоогоор хоёр сая орчим хүн зорин ирдэг аж.
ХҮРТЭЭМЖТЭЙ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ЗОРИХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
“Үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанийн 74 хувийг “Бодь интернэйшнл”, үлдсэн 26 хувийг нь Улаанбаатар хотын захиргаа эзэмшдэг юм байна. 2005 оны долоодугаар сарын 5-нд нийслэлийн Засаг даргын 263 тоот тогтоолоор 358 714 ам метр газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанид эзэмшүүлсэн түүхтэй. “Бодь интернэйшнл” нь тухайн үедээ Японы “Иточу” корпорацтай хамтраад паркийг шинээр сэргээн тохижуулахаар төлөвлөсөн. Гэвч газрын маргаантай холбоотойгоор хөрөнгө оруулалт татаж, паркийг хөгжүүлж чадаагүй байна. Тодруулбал, газраас нь өөр аж ахуйн нэгжүүдэд хэсэгчлэн олгосон нь хөрөнгө оруулалт зогсох хамгийн том шалтгаан болжээ.
Энэ мэтээр газрын маргаан тасрахгүй явсаар гурван жилийн өмнө Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэл мэдэлдээ авч, цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдсэн байна. Уг ажлаа “Рио тинто Монгол” компанитай хамтран гүйцэтгэхээр болсон. Гурван жил үргэлжилсэн эл ажил энэ зун л эхний үр дүнгээ харуулж, Хүүхдийн паркийн баруун жигүүр дэлхийн стандартад нийцсэн хүрээлэнтэй болсон юм. Тэд бүтээн байгуулалтынхаа хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг тохижилт хийжээ. Мөн 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн гэнэ. Ингэснээр нийслэлд хүн бүрд хүртээмжтэй, үнэ төлбөргүй ногоон байгууламж нэмэгдэж байна. Тиймээс ч паркийг зорих иргэд баруун жигүүрт нь байрлах “Рио тинто Монгол” компанийн бүтээн байгуулалттай танилцахаар очих нь түгээмэл юм байна. Хүүхдийн паркийн хуучирч, муудсан тоглоомоор биш, үнэгүй хэрнээ шинэ, чанартай тоглоомоор тоглохыг илүүд үзэж буй харагдана. Гэтэл хүүхдийн паркт ноёлсон “Бодь интернэйшнл”-ийнхэн багачуудын төлөө гэж үргэлж хэлэх атлаа тэдний аюулгүй байдалд төдийлөн анхаарахгүй хэвээрээ л байна. Зорин очих иргэдийн цуваа нэмэгдэнэ үү гэхээс багасдаггүй эл паркийнхан үргэлж ашгаа давсан зарлагатай ажиллаж байна гэлцэх нь хачирхалтай.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн