Хөгжингүй орнуудад ажлын байрандаа цэцэг байршуулах нь анхаарал төвлөрөхөд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нэгдээд буй. Тухайлбал, ажлын ширээнийхээ дэргэд цэцэг байршуулах нь сэтгэл түгших эмгэгийн үед ч сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн сөрөг бодлоос ангижрахад тусалж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг юм байна. Гоёмсог ургамлаар өөрийгөө хүрээлүүлэх нь ядаргаа болон бусад төрлийн сэтгэл зүйн өвчлөлийг 30 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид онцолжээ. Түүнчлэн тасалгааны төдийгүй мандлын цэцэг нь нэгэн хэвийн ажлын байранд өнгө нэмж, ажилчдад шинэ санаа олоход нь тусалдаг байна. Ялангуяа зохиолч, зураач, дизайнер зэрэг ажил эрхэлдэг хүмүүст энэхүү шийдэл зохимжтой гэнэ.
Цэцэгсийн анхилуун үнэр нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд энэ нь стрессийн түвшнийг бууруулдаг. Мөн төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй, олон өнгийн цэцэгсийг харах нь ажлын байранд таатай уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна нүдний хараанд ч сайнаар нөлөөлдөг аж. Түүнчлэн ажлын байран дахь эрүүл уур амьсгалыг бүрдүүлэхэд тусалдаг байна. Мөн тасалгааны цэцэг нь агаар цэвэршүүлэх ач тустай. Агаар дахь хорт бодисыг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Ингэснээр амьдралынхаа багагүй хугацааг өнгөрүүлж буй ажлын байрандаа эрүүл уур амьсгал бий болгоход тусална. Мөн ажилчдын сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Толгой өвдөх, дотор муухайрах зэрэг эрүүл мэндийн асуудлыг бууруулахад эерэг нөлөөтэйн дээр ажлын байрны интерьерт төгс шийдэл болдог гэжээ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн