Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Гэртээ эрт харья” аян өрнүүлж байна. Аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэх аж. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтэс нэгдэж, цахим орчинд уриалга өрнүүлж буй. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ түлэгдэж, гэмтэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд аль болох гэртээ эрт харьж, хүүхдүүддээ цаг гарган, хамтдаа тоглож, анхаарал, халамжаа сайжруулаасай гэсэн үүднээс уг аяныг өрнүүлсэн гэнэ. Энэ талаар тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Дулмаа “Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс сэргийлэх, хамгаалахад эцэг, эх, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг биелүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь аяны зорилго” гэв.
Ташрамд дурдахад, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр хүүхэд хамгааллын бодлогыг баталж, Эцэг, эхийн зөвлөл байгуулан хүүхдийн хөгжлийг дэмжих, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заажээ.
Бэлтгэсэн Ч.Туяа