“РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монголын хүүхдүүдэд дайн, түрэмгийллийг сурталчилсан үйл ажиллагаа байнга явуулж байна” гэж цөөнгүй иргэн шүүмжлээд байсан. Улмаар иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандсан юм. Сайд Л.Энх-Амгалан үүний хариуд “РЦНК нь боловсролын байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй. Монгол Улсын газар нутагт цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулах нь хуулиар хориотой. Ийм төрлийн хууль бус, үзэл суртлын хэлбэрийн арга хэмжээг хийхийг хатуу хориглоно” гэж өчигдөр твиттерт бичсэн.
Тэгвэл үүний дараахан Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир аймаг, нийслэлийн Боловсролын газарт хандсан албан бичиг гаргалаа. “Сүүлийн өдрүүдэд боловсролын сургалтын албан ёсны зөвшөөрөлгүй байгууллагууд дур мэдэн Монгол Улсын газар нутагт аливаа цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан тухай нийгмийн сүлжээгээр иргэд шүүмжилж байна. Ийм төрлийн хууль бус, үзэл суртлын хэлбэрийн арга хэмжээ хийхийг хатуу хориглож, эцэг, эх, асран хамгаалагч, анги удирдсан багш, суралцагчдад зөвлөмж өгөх чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагын удирдлагуудад хүргүүлж, хяналт тавьж ажиллана уу” гэж уг албан бичигт дурджээ.