Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Уг өдрийг тохиолдуулан энэ цагийн хамгийн алдартай, нэр бүхий комедиан, олон хүний танихгүй танил, “UB Comedy” клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ярилцлаа. Стэнд-ап комеди урлагийг эх орондоо нутагшуулсан түүний “UB Comedy” клуб энэ жил 10 нас хүрч байна. Тэрбээр олон нийтэд хэт нээлттэй, задгай ярьдаг хэмээн шүүмжлүүлдэг ч бусад хэвлэлд хөндөөгүй агуулга, яриагүй сэдэв үй олон байсан билээ. Ярилцлагын зарим хэсэгт зочин маань хошин чадвараа эелдгээр гайхуулж, уур амьсгалыг эерүүлж байлаа. Түүний ярилцлагад уншигч та бүхэн анхаарлаа хандуулна уу.
-Танд гуравдугаар сарын цастай өдрийн мэнд хүргэе. Саяхан цацагдсан “UB comedy” клубийн 10 жилийн ойн дайралцаан энэ цасан шуурга шиг гэнэтийн, цохилттой байлаа шүү дээ.
-Сайхан өвөлжиж байна уу гэдэг шиг л. Та юуг нь яриулмаар байна?
-Жишээ нь, аав, ээжийнхээ өмнө хатуу үгээр дайруулах ямар байсан бэ?
-2014 оны нэгдүгээр сарын 30-нд хамгийн анхны шоугаа зохион байгуулсан өдрөөс клубийнхээ ойг тооцдог юм. Энэ онд 10 жилийн ой тохиож байна. Үүнд зориулаад би өөрийгөө дайралцааны гол бай болгож, тайзанд “өргөн барьсан”. Ойн баяраа тохиолдуулаад магтуулж, баярлахаас илүүтэй хийсэн, бүтээсэн, алдаа оноогоо дүгнээд хоржоонтойгоор нэгэн рүүгээ хатуу үгээр дайрч шоу хийх нь зөв гэж үзсэн л дээ. “Энэ бол Батаагийн сонсгол юм” гэж хошигнож ярьж байсан. Гэр бүл, найз нөхөд маань намайг маш сайн ойлгодог. Энд хэчнээн дайрлаа ч гэсэн энэ бол хошигнол, комеди урлагийн нэг хэсэг учир сэтгэл өвдөж, эмзэглэх зүйлгүй. Би өөрөө л энэ замыг сонгосон шүү дээ. Зарим дайралтыг ээж, аавынхаа өмнө сонсох хэцүү, эвгүй л байдаг юм билээ.
-Дайралцаан хийх тухай санааг танай клубт 2019 оноос эхлэн ярьсан байдаг. Харин хоёр жилийн өмнөөс эхлэн эрчимтэй зохион байгуулж байна. Оройхон гараад ширүүхэн дайрав уу даа?
-Тийм. Сайн мэдэж байна шүү. Анх манай клубийн гишүүн Б.Золжаргал бид хоёр санаачилсан юм. “Joke wrestling” буюу махчилж орчуулбал хошигнолын барилдаан гэх байх. Бөхчүүд уран мэхээрээ барилддаг бол бид уран цэцэн, хоржоонт үгсээрээ барилдаж, ухаанаа уралдуулна. Ингэж нэрээ өгч, санаагаа боловсруулсан. 2019 онд анх “Joke wrestling” гэх контент хийгээд, сувгуудаараа цацаж байлаа. Бидний өв, уламжлалд дайралцах аман соёл бий. Үүнийгээ орчин үеийн аман шог урлагтай нийцүүлж, хэлбэрийг нь өөрчилж, залуучуудад таниулсан л явдал. Бид цоо шинэ зүйл зохиогоогүй шүү дээ. Дайралцаан бол уран цэцэн үг, ухаан, мэдрэмж, чадвар шаардсан хошин урлагийн нэг төрөл. Инээдтэй л байвал дайрч давшилж, үнэнийг нь илчилж, хатуухан үг чулуудаж байгаа. Тэрийг дааж чадах хүн бий, чадахгүй нь ч бий. Тиймээс дайралцаанд оролцогчид бол маш зоригтой хүмүүс. Юу гэж хэлүүлсэн ч хамаагүй зөрүүлж “цохиж” болдог. Яг л боксын ринг шиг. Үүнийг хүмүүсийн дунд дэлгэрүүлж чадсандаа баяртай байгаа. Цаашид зөндөө дайралцаан хийнэ.
-Орчин цагт хошин урлагийн продакшны тоглолт үзэх хүн цөөрсөн нь илэрхий харагддаг. Ялгаварлал, хүний эрхийн мэдрэмжгүй загнадагтай нь ч холбоотой гэдэг. Хошин урлаг ид хөгжиж байх 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр хүмүүсийн туулж буй амьдралтай холбоотойгоор тэдэнд инээд илүү хэрэг болсон байж магадгүй юм. Харин одоо стэнд-ап комеди илүү их үзэх болсон шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?
-Бид ч ялгаагүй хошин урлагийн үргэлжлэл шүү дээ. Юмс цаг цагаараа л явдаг байх. Магадгүй хэдэн жилийн дараа бидний хошигнол хүмүүст таалагдахаа болих ч юм бил үү. Хамгийн гол нь нийгмийнхээ асуудлыг хэлэлцэж, өөрсдийгөө харж инээдэг. Нийгмийн тусгал бол үзэгчид. Дээр дурдсан он цагт хэн ч хошин урлагийн тоглолт үзээд инээдэг л байсан. Инээд цаг хугацааны явцад хувьсдаг. Гэхдээ нийгэмд хошин урлагийн орон зай бий учраас л оршсоор байгаа. “Netflix”-ийн судалгаанд дурдсанчлан сүүлийн 20 жилийн хамгийн их борлуулалттай, эрэлттэй контентын төрөл бол хошин урлаг, комеди байсан. Хэзээ ч үзэлт нь буурч байгаагүй. Бүх цаг үеийн нийгэм дэх хамгийн хүчтэй урлаг бол энэ л юм байна лээ.
-1990-ээд оны үед Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Д.Сосорбарам, Д.Цэрэндарьзав зэрэг жүжигчин пароди хийж, элэглэдэг байсан. Гэхдээ тэдгээр нь илүү монолог талдаа. Харин стэнд-ап комеди нь үүнээс чөлөөт байдал болон хошигнож буй сэдвээрээ ялгардаг шиг санагддаг.
-Шинэ зүйл гэж мартагдсан хуучныг хэлдэг гэх үг байдаг шүү дээ. Хүмүүс нэгнээ инээлгэж, шоолох явдал ямагт байж таарна. Харин уушийн газарт, насанд хүрэгчдэд зориулсан тоглолт хийж эхэлснээрээ бид шинэлэг байсан болов уу. Алтан тайз гэх ойлголтгүйгээр гудамжинд явж байсан энгийн залуу хүмүүсийн өмнө гараад боддог зүйлээ ярих нь шууд чөлөөтэй болгосон юм л даа. Маш нээлттэй. Гэвч нөгөө талдаа маш өндөр шалгууртай. Комедианыг үзэгчид л шүүнэ. Тайзан дээр гараад л үзэгчдийг инээлгэж чадах ёстой. Хамгийн гол шалгуур нь инээдтэй л байх юм.
-Та монголчуудыг ёгтлол, егөөдөл ихтэй шог ард түмэн гэж байнга дурддаг. Бодит амьдралаас жишээлэхэд л нутаг нугад ч, найз нөхдийн хүрээлэлд ч хүн инээлгэхдээ авьяастай, маазрамтгай хүмүүс байдаг даа.
-Бид тийм л хүүхдүүд байсан. Ангидаа алиалдаг, марзганадаг. Харин түүнийгээ тайзан дээр л хийдэг болсон. Гэхдээ найзуудыгаа инээлгэдэг байлаа гээд үзэгчдийг инээлгэж чадна гэсэн үг биш л дээ. Танихгүй хүмүүсийг таньдаг найз шигээ инээлгэхэд сорилт, чадвар шаардана. Тайзан дээр гараад ярьж байхад “Болиоч ээ, инээд хүрэхгүй байна”, “Буугаач ээ” гэдэг л байсан. Яалт ч үгүй урлагтаа хайртай юм болохоор “Дахиад нэг оролдоод үзнэ дээ” гэсээр байгаад хөгжсөн. Би олон комедиан элсэж, гарахыг харсан хүн. Комедиан байхын тулд тууштай, тодорхой хэмжээний заяагдмал авьяастай, бусдад шоолуулахаас айхгүй, зоригтой байх ёстой шиг санагддаг.
Үргэлж юмсыг хүндээр хүлээж аваад, хөмсгөө зангидаад байвал амьдрал утгагүй шүү дээ. Инээд баясал бол аз жаргал, хүний амьдралд өнгө нэмдэг зүйл гэж боддог.
-Инээд гэдэг объектив, бас субъектив зүйл ч юм шиг. Та танхим дүүрэн хүмүүсийг инээлгэх нь чухал гэж дурдлаа. Нэгдүгээрт, үзэгчид нирхийтэл инээхийн тулд нэг ойлголттой буюу сэтгэлгээний түвшин ижил байх ёстой болов уу. Хоёрдугаарт, комедиан зөвхөн өөрт л инээдтэй санагддаг зүйлээ ярьж байгаа шүү дээ.
-Хүн бүрийн тархи, оюун сэтгэмж яаж ажилладгийг мэдэхгүй, үзэгчид 100 хувь инээнэ ч гэж байхгүй. Хошин мэдрэмж гэдэг нь тэнэг, авцалдаагүй зүйлсийг ажиглах, мэдрэх. Харин түүнийгээ илэрхийлэхдээ өөрийн мэдэрснийг мэдрүүлэх гэж хичээж, үзэгчдийг нэг ойлголтод зангидаж чадвал хүн инээлгэх тийм ч хэцүү зүйл биш. Хамгийн гол нь ойлголцол. “Чи миний харж буйг харж байна уу”, “Энэ инээдтэй харагдаж байгаа биз” гэсэн үг. Нөгөө хүн нь “Аан, харж байна” гэх үйл явц. Зарим хошигнолыг инээхээргүй байна гэдэг шүү дээ. Хамгийн гол нь комедиан өөрт нь инээдтэй санагдсан шиг нөгөө хүндээ ойлгуулж чадахгүй байна л гэсэн үг. Хүн бүр өөр учраас хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй. Бид зөвхөн яаж илэрхийлэхээ л удирдаж чадна.
-Таашаал, цэнгэлээр дамжин илэрдэг шударга шүүмж болдог нь комедигийн онцлог биз дээ?
-Бид бүгд хотод амьдарч байгаа учраас түгжрэл, утааны талаар суурь ойлголттой, мэдрэмжтэй. Нэг ёсондоо тэрхүү сэдвээр хошигноход шууд ойлгох суурь нь бэлтгэгдчихсэн. Бид үзэгчдийг гижигдэж биш, нийтлэг асуудлыг хөндөж л инээлгэдэг. Харь гаргийн хүнд дэлхийн асуудлыг ярихад ойлгохгүй шүү дээ. Гэхдээ хүн төрөлхтөнд нийтлэг сэдэв бий. Хайр дурлал нь бүтэлгүйтэх, бантах, туршлага дутах гэх мэт.
“Аан, нээрээ тийм шүү дээ” гэж бодохоор сэдвийнх нь логик алдаа, гажуудлыг онож хошигнох нь хамгийн зөв гэдгийг энэ10 жилийнхугацаандойлгосон. Хар утаа цацсан автобус явж байгаа юм. Тэгснээ автобусныхаа хажууд “Утааны эсрэг хамтдаа” гээд биччихсэн байх жишээтэй (инээв). Тэр чигтээ өөрөө өөртэйгөө зөрчилдчихсөн автобус явж байгаа юм. Нийгэм төгс байсан бол ямар ч хошин шог байхгүй. Драм бол мөнхийн зөрчилдөөн, комедигийн хувьд зоосны нөгөө тал. Комеди эмгэнэлийг хошноор л илэрхийлчихдэг.
-Хүн зовлон дээрээ хамгийн их инээдэг гэсэн үг үү?
-Яг тийм. Инээд чинь тэр чигтээ зовлон. “Бүх юм гоё, болж, бүтэж байна” гэвэл хэн ч инээхгүй. Харин тэр яагаад болохгүй байгаа юм гэж ярих нь инээд. Монголчуудад өр зээл, цаг баримтлахгүй байдал, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авах, хосын харилцаа гэх мэтийг яг байгаагаар нь ярьчихад л инээдэг.
-Хүн юунд инээж байгаагаас зан чанар, хошин мэдрэмжийг нь тодорхойлох боломжтой гэж боддог.
-Хүлээн авагчдын дотоод ертөнц, үзсэн харсан зүйлс нөлөөлнө л дөө. Жишээ нь, би өөрийнхөө хошигнолыг таван настай хүүхдэд яривал инээдтэй биш шүү дээ (инээв). Таван настай хүүхдийн хэмжээнд яривал инээдтэй болно. Түрүүн дурдсанчлан монолог бол нэг урсгалт зам. Харин тайзны стэнд-ап комеди бол үзэгчдийг ажиглаж, шууд харьцдаг амьд урлаг. Хүмүүс инээхгүй, өөр тийшээ анхаарал нь сарниад байвал бид үүнийг “үзэгчдээ алдах” гэж ярьдаг юм.
-Үзэгчид маш мэдрэмтгий юү?
-Би чамд гоё зүйлс ярьж буй ч гэсэн биеийн хэлэмж маань тэрнээсээ эсрэг байх юм бол түүнийг хүн шууд мэдэрдэг. Тайзан дээрх хүн намайг инээлгэж чадах, эсэхийг үзэгч нэг секундийн дотор л дүгнэчихдэг талтай.
-Комедид доромжлол байх нь хэвийн зүйл үү. Жишээ нь, би таныг “Анааш шиг өндөр” гэвэл энэ доромжлол уу. Гэхдээ бодит зүйлийг байгаагаар илэрхийлэх нь тодорхойлолт биш гэж үү?
-Комедид “цэвэрхэн” доромжлол угаасаа байх ёстой. Том хамартай хүн байлаа гэж бодъё. “Миний хөгшинд бурхан бүх юмыг заяасан байна. Хамрыг нь бүр илүү заяачихсан ч юм уу” гээд хэлчихвэл энэ доромжлол уу, хошигнол уу. Гол нь тэр хүн яаж хүлээж авахаас л шалтгаална. “Дайралцаан” шоу бол “цэвэр” доромжлол, хэтрүүлэг шүү дээ. Тиймээс доромжлол гэдэг маш харьцангуй асуудал.
Одоогоос хоёр жилийн өмнө доромжлолыг хуулиар зохицуулах тухай яриад амжсан. Энэ нь маш утгагүйгээс гадна доромжлол мөн, эсэхийг нь хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй. Үг яриагаар биш ч бид өдөрт тутам доромжлуулдаг шүү дээ. Төгрөгийн ханш өдөр тутам унаж байна гэдэг чинь доромжилж буй хэрэг. Гэтэл хүмүүс жижиг үг яриаг маш эмзэг хүлээн авдаг. Жинхэнэ доромжлол яг юу вэ, хэн нь биднийг жинхэнээсээ доромжлоод байгааг сайн бодох хэрэгтэй байх.
Бидэнд “Чи үхээч, зайлаач”, “Ямар ч инээдгүй байна” гэсэн сэтгэгдэл зөндөө л ирдэг. Эрх мэдэлтэй, олны нүдэн дээр байгаа хүн доромжлуулахаас зайлсхийх ямар ч боломжгүй. Түүнд ч бэлэн байх ёстой. Харин хүлээж авах, эсэх нь хувь хүний асуудал. Өөр нэг хүн таныг доромжлох эрхтэй, зөрүүлээд та өөрийгөө хамгаалах эрхтэй. Хулгайчийг хулгайч гэвэл доромжлол болохгүй биз дээ. Доромжлуулмааргүй байвал хэний ч нүдэнд өртөхгүй, юу ч хийхгүй явж болно. Гэхдээ юу ч хийдэггүй хүнийг хэн ч шүүмжилдэггүйг бодох хэрэгтэй.
-Хошин шогийнхон, комедиануудыг олон нийтийн зүгээс алиа салбадай гэхээр яагаад уурлаад байдаг юм бол. Өөрсдөө тэр байтугай хүмүүсийг “матарладаг” шүү дээ.
-Тэр үйлдлээрээ өөрсдийгөө улам инээдтэй харагдуулж байгаа юм л даа. Мөн өөрийгөө чухалчилж үзсэн эго ч бий. Л.Түдэв гуай “Зохиолч нь ард түмэн, би зөвхөн бичээч нь билээ” гэж хэлсэн шиг ард түмэн бол комедианууд, бид түүнийг нь тайзан дээр илэрхийлж буй л хүмүүс. Би инээлгээд, та нар инээж байгаа шүү гэсэн эгогоор хандаж болохгүйг уран бүтээлч, комедианууддаа хэлмээр байна. Хүн айгаад байвал айлгаад л байна. Харин улам уран цэцэн үгээр хошигноод мадлах хэрэгтэй гэж боддог.
-Таны ямар хошигнол хамгийн их шүүмжлэлд өртөж байв?
-Секс, гар хангалгын талаар олон нийтийн өмнө чөлөөтэй ярьдаггүй байсан шүү дээ. Бид энэ тал дээр “салхи хагалсан”. Хэдэн хүн цагдаад дуудлага өгөөд, “Энд хүмүүс садар самуун сурталчлаад байна” гэсэн тохиолдол ч гарсан. Гар хангалгын тухай ярьж байсан чинь нэг эгч тайзан дээр гарч ирж, микрофон булааснаа “Монголын залуучууд ийм ёс зүйгүй байж болохгүй” гэж хэлсний дараа “За, ойлголоо эгч ээ” гэчхээд үргэлжлүүлээд ярьсан л даа (инээв). Дөнгөж эхэлж байхад хамгийн их шүүмжлэлд өртдөг байсан болов уу.
-Хүмүүс шүүмжлэлд их эмзэг л дээ. Шоолуулахад бүр ч дургүй. Дургүйцэж байна гэдэг цэгийг нь оноод хатгачихсан явдал.
-Тэр хүн яагаад эмзэглээд байгаа юм. Гаргасан үйлдлээрээ өөрийгөө эмзэглэж байгаагаа харуулчихдаг. Тухайн хүнд тэр сэдэв, агуулгатай холбоотой муухай дурсамжийг нь сэдрээсэн ч байж магадгүй шүү дээ. Юмсыг шүүмжилнэ гэдэг шинэлэг байна гэсэн үг.
-Зарим комедиан “Ёс зүйтэй байхыг хичээдэг”, “Танил нөхөд, гэр бүл маань миний бичлэгийг үзэх учраас цензуртэй байхыг хүсдэг” гэж ярьдаг. Ер нь үзэгчийнхээ дураар өөрийгөө хязгаарлаж, “томоожчихдог” байж болох уу?
-Үзэгчдээрээ юу ярихаа заалгаад эхэлбэл уран бүтээлч биш болно. Хараал хэлж, секс ярьсан бичлэгүүд маань Youtube-д байж л байгаа. Ирээдүйд хүүхдүүд маань үзэх байх. Гэхдээ санаа зовдоггүй. Аав нь ийм л хүн байсан шүү дээ, хүүхдүүдийнхээ дэргэд өөр хүн, гэрээс гараад өөр хүн биш. Иймэрхүү зүйлд эмэгтэйчүүд илүү эмзэглэдэг байж магадгүй. Тайзан дээрээс бусдын эрхэд халдахгүй, жендерийн тэгш байдлыг эрхэмлэнэ гэх мэтчилэн өөрсдөдөө шаардлага тавьж, нийцэх гэж хичээдэг комеди клуб ч бий. Урлагт битгий иймэрхүү хязгаар тавь. Бусдын үгээр хайрцаглагдах нь ямар ч утгагүй. Комеди урлагийн мөн чанараа ойлгоогүй байна л гэж боддог.
-“Комедиантай маргалдвал комединых нь сэдэв болно” гэдэг үг сонсож байлаа. Ямар ч хүн өдөр бүр л хөгжилтэй амьдарна гэж байхгүй шүү дээ. Харин энгийн үйл явдлаас ч гогцоо сайн гаргаж чадаж байна уу даа гэж хардаг.
-Миний хүндэлдэг, шүтэн биширдэг комедианууд маш энгийн зүйлийг инээдтэй болгож ярьдаг. Угийн инээдтэй юмыг хэн ч ярьж чадна. Хэт илэрхий зүйл гэхээс илүү амьдрал дээрх анзаардаггүй, анзаарсан ч илэрхийлдэггүй зүйлүүдийг ухаж гаргаж ирдгээрээ комеди бол амьд урлаг.
-Одоогийн шилдэг комедиануудаас “UB comedy” клубээр дамжаагүй нь ховор байх. Сүүлийн үед нэлээд олон шинэ гишүүнтэй боллоо. Тэднээс шинэ төрлийн сэдэв, хэв маяг гарч ирж байна. Сюрреал буюу этгээд, логикгүй түүх ярьдаг, илүү элэглэл талаа барьсан, урлагийн номертой хошигнолоо хослуулдаг гэдэг ч юм уу.
-Ямар ч тайзан дээр, ямар ч хүний өмнө гараад инээлгэж чаддаг байх нь өндөр шалгуур. Хуриман дээр ч, оршуулган дээр ч хүмүүсийг инээлгэчихдэг бол өөрийгөө супер комедиан гэж бодож болно.
-Комедиан У.Содхүү нэгэн ярилцлагадаа таныг “Бид гадаадад аялан тоглолт хийхэд Батаа онгоцны билет, буудал, хоол гээд бүгдийг бэлдчихсэн байдаг. Батаа бид нарт “Та хэд хошигнолоо л сайн бод. Бусад зүйлд битгий санаа зов” гэдэг” гэсэн байна лээ. Сайн удирдах нь таны давуу тал уу
-Баярлалаа. Уран бүтээлчдээ зарим зүйлд битгий санаа зовоосой гэж боддог. Би продюсер учраас үзэгчийн суух сандалны байрлалаас эхлүүлээд техникийн нарийн асуудлуудыг хариуцдаг. Үнэ цэн бусдад өгдөг, бас авдаг байх ёстой.
-Бид сошиалд хэн нэгэн улс төрчийн зургийг тавиад л хошигнодог. Гэтэл Ерөнхийлөгчөө шоолох эрх чөлөөтэй улс дэлхийд хэд бий билээ. Комеди урлаг хурдацтай түгж буй нь ч үүнтэй холбоотой санагддаг уу?
-Бид Хойд Солонгост байсан бол ингэж хөгжихгүй л дээ. Тэгэхэд манай улс ямар гоё эрх чөлөөтэй вэ. Үг хэлэх эрх чөлөөтэй байгаа нь бидний бахархал. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байгааг тухайн улсын улс төрийн хошигнолоос харах боломжтой. Сингапурын хөгжлийг бүгд л шагшиж ярьдаг. Тэр хэрээрээ комеди сайн хөгжсөн болов уу гэж бодсон. Гэтэл тэнд 150-иас олон хүнтэй комеди тоглолт хийх бол ярих бүх агуулгаа Соёлын яамандаа шалгуулдаг гэж байсан. Үзэл бодлын эрх чөлөө бол бидний ихэд нандигнах зүйл юм биш үү л гэж бодсон доо.
-Бид уг нь хорвоогийн хамгийн адгийн улсад амьдраагүй биз дээ?
-Үг хэлэх эрхтэй хүн цаагуураа хариуцлага үүрдэг. Би 200 хүний өмнө гараад ярихдаа тэр эрхээ буруугаар ашиглаж болохгүй. Шоолж байгаа ч цаагуураа сайжраасай, засраасай гэсэн санаа зорилготой байх ёстой. Үг гэдэг хүчтэй, үнэ цэнтэй.
Бэлтгэсэн Д.Хүслэн