Дэгсдүүлж, хэтрүүлбэл Ази тивийг бүхэлд нь шар өнгөөр бүрхсэн Манж Чин гүрэн Монголыг бүхэлд нь шашнаар эрхшээж байх тэр цаг үед 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүүг анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжлөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө болон айлсжээ. Товчхондоо Богдоо даган хүрээлэн орших хэдэн гэрийн айлсал ингэж бүрдсэн түүхтэй. Төрийг шашинтай холбож тогтоон барихаар төлөвлөсөн “их хот” маань Богдоо дагасаар Орхон, Тамир, Туул голын хөндий дагуу нийт 29 удаа нүүжээ. Богдынхоо салхин дор 29 удаа нүүж суусан бидний өвөг дээдэс 1778 онд Туул Сэлбэ голын бэлчир болсон Алтан тэвшийн хөндийд дөрвөн уулын тэх голд нь нүүдэллэн ирж, суурьшсан билээ. Яг энэ цаг үеэс нь тоолбол өнөө бид 246 жилтэйгээ золгож байна. Гэхдээ одоо бидний ярих сэдэв үүнээс өөр.
Харин дагадаг байсан хотод дагуул хот хэрэгтэй тухай яриа 20 илүү жилийн түүхтэй ч бодлого болоод цаасан дээр бичигдсэн нь 2013 он юм. Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага” гэх баримт бичгийг баталж байв.
Уг баримт бичигт Налайх хотыг барилгын материалын үйлдвэрлэл, Бага хангай хотыг хөнгөн үйлдвэрлэл технологийн парк, тээвэр логистик, Био-Сонгино, Туул, Рашаант, Жаргалант зэрэг тосгодыг хөдөө аж ахуй, Гачуурт, Тэрэлж тосгодыг аялал жуулчлалаар төвлөрсөн хот суурин байхаар төлөвлөжээ. Уншигч та одоо цонхоороо хараад үз. Төлөвлөгөө ямар шатандаа байна. Таныг цонхоор харж байх зуур нэгэн баримт толилуулъя. Өмнөх ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт би чигт 2020 онд үнэлгээ дүгнэлт хийхэд Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй, Салбарын мастер төлөвлөгөө боловсруулагдаагүй, Ерөнхий төлөвлөгөөний хэрэг жилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээ гүй, Хөрөнгө оруулалт, санхүүжилт дут маг, засаглал, бодлого, байгууллага хоорондын ажлын уялдаа сул, Хэрэгжүүлэх үйл ажил лагааны төлөвлөгөө хугацаа хоцорч батлагдсан зэрэг ерөнхий зургаан шалтгааны улмаас 29.6 хувь хэрэгжилттэй хэмээн дүгнэлт гарчээ.
Төлөвлөгөө хэрэгжихгүй сонгуулийн давтамж, улс төрийн өнгө солигдсоор Улаанбаатар хотын хүн ам ч тэлж, тэр хэмжээгээр асуудал ч чамгүй нэмэгджээ. Сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодорхойлсоноор “Улаанбаатар хот дарьтай торх” болсон нь хэрэгждэггүй олон бодлоготой холбоотой. Улаанбаатар хотын хүн ам 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 1.72 сая бөгөөд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг хүн амынхаа тоогоор тэргүүлж байна. Хамгийн сүүлийн судал гаагаар нэг хороо өдөрт дунджаар 1525 иргэнд үйлчилдэг гэх тоо гарсан бөгөөд хорооны алба хаагчдын тоо 14 байна. Хүн амтай нь харьцуулбал хэт цөөхөн алба хаагчтай хорооны асуудал яв, явсаар томорч, хотын мега асуудал болж байгааг уншигч та бараг гадарласан байх.
ХӨШИГИЙН ХӨНДИЙД ХОТ СҮНДЭРЛЭНЭ
Одоогоос гурван жилийн өмнө 2021 онд боловсруулсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт “Дагуул хот” гэдгийг “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тодорхойлоод нийт 12 дагуул болон хаяа хот байхаар тодорхойлж, нийт 0.6 сая хүн оршин суухаар төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагууд ч дагуул хотын асуудлыг сүүлийн үед идэвхжүүлж эхэллээ. Хол богдох хууль тогтоомж, төлөвлөлтийг ч боловсруулсан байна.
Тухайлбал, “Шинэ Зуунмод” хотыг аваад үзье. Өнөөдөр Хөшигийн хөндийд “Чингис хаан” нисэх буудлыг барьсанаар 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Жилдээ олон улсын 9600, дотоодын 5300 буюу нийт 15 мянга орчим нислэг үйлдэж байна. Энэ бол 1.7 сая зорчигч гэсэн үг. Дэлхийн олон оронд нисэх буудлын ийм төвлөрөлийг дагуулж хот байгуулдаг жишиг бий. Нийслэлийн төвлөрлийг хуваах, аялал жуулчлалд таатай орчин бүрдүүлэх, хамгийн гол нь орчин цагийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэн асар сайн зохион байгуулалттай хот байгуулах боломж үүснэ гэсэн үг. Үүнийг ч нийслэлийн өнөөгийн удирдлагууд соргогоор анзаарч, хот байгуулах чиглэлд нэлээд дорвитой судалгаа, төлөвлөгөө боловсруулж, хуулийн төслийг нь ч хийгээд байгаа аж. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад тус хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба нийслэл хотын болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх аж. Түүнчлэн нутаг дэвсгэр нь амралт, аялал жуулчлалын, олон нийт худалдаа, үйлчилгээний, засаг захир гааны, оюутны хотхон, судалгаа, шинжилгээний, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүстэй байхаар хуульд зааж, бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлох юм байна.
Энд дурдагдаж байгаа бүс болгоныг задалж бичвэл нэлээд сонирхолтой дүр зураг харагдана. Жишээ нь шинэ хотын 1000 га талбайд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэл гаргажээ. Энд 23 мянган ажлын байр бий болж, жилд 3 сая жуулчин ирж байхаар төлөвлөсөн байна. Нийт 9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах аж. Тэгвэл 981 га талбайд Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв байгуулснаар 22 мянган оюутан төвлөрч, тэдэнд зориулсан 580 мянган мкв талбай бүхий барилга баригдах тооцоолол гарчээ. Мэдээж хотыг дагуулан Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс байгуулж таарна. Үүнд зориулж 2588 га талбайг төлөвлөсөн бөгөөд 5000 орчим ажлын байр, жилд 4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоолол хийжээ. 2040 он гэхэд Шинэ Зуунмод хот жилдээ 7 сая тонн ачаа нэвтрүүлдэг болох аж. Энэ мэтээр нуршилгүйгээр баримт бичигт дурдсан тодорхойлолтыг товчлон хүргэхэд “Шинэ Зуунмод хотыг байгуулснаар бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ач холбогдолтой” гэж дүгнэсэн байна. Шинэ Зуунмод хотыг байгуулсанаар Хөшигийн хөндийд 150 мянган хүн суурьшина гэж тооцоолжээ. Тодруулбал, төлөвлөлтөд хамрагдсан 31501 га талбайд Шинэ Зуунмод хотод 34 мянган, Зуунмод хотод 70 мянга, Майдар хотод 40.8 мянга, Сэргэлэн суманд 3500 хүн байх юм. Мэдээж, Улаанбаатарын адил ирээдүйд тулгарч болох томоохон тэлэлтийг урьдчилан тооцоолж байгаа нь лавтай. Хөшигийн хөндийн хот өнөөдөр Шинэ Зуунмод хот нэрээр төлөвлөгдөж байгаа боловч ирээдүйд Шинэ Улаанбаатар хот болох ч үндэстэй билээ.
БҮХ ХЭРЭГЦЭЭНДЭЭ 15 МИНУТ АЛХААД ХҮРЧИХДЭГ ХОТ
Өнөөдөр нийслэлд тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол түгжрэл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олгосон замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй орон сууцны хороолол зэргээс шалтгаалаад хотын иргэдийн амьдрал зам дээр эсвэл машин дотор гэж тодорхойлж болохоор нөхцөлд өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ байдлын эсрэг тууштай зогсоно гэдгээ зарлаад байгаа. Барилгын компаниудаас сургууль, цэцэрлэг барих газар шаардаж авах, бүр шаардлагатай бол газрын эрхийг нь цуцалж байж авна гэдгээ ч НИТХын хуралдааны үеэр илэрхийлж байв. Тэгвэл шинээр баригдах дагуул хотод энэ бүхнийг анхнаас нь тооцоолж хийхээр тусгажээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газар тухайн оршин суугчийн гэрээс 15 минут дотор алхаад хүрчих зайд байх аж. Мөн Шинэ Зуунмод хотод явах тээврийн хэрэгсэл хос, эсхүл цахилгаан тэжээлтэй байх асуудал ч туссан байна. Энэ бүхнийг зөв төлөвлөн хийснээр эрүүл аюулгүй, бухимдалгүй хот бий болох суурь тавигдах юм. Үүний тулд нэн тэргүүнд дэд бүтцийг барьж байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорилгоо болгож. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж явахаар болсон байна. Түүнчлэн газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж байхаар төлөвлөжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан, гэрээ байгуулснаас хойш 6 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглуулах гэрээг цуцлах арга хэмжээ авах аж. Хамгийн сонирхолтой нь, хуулийн төсөлд “Нийгмийн зайлшгүй хэрэг цээг үндэслэн газрыг чөлөөлж болно” гэ дэг өгүүлбэр орсон байх юм. Үүнийг энэ бичвэрийн эхэнд дурдсанчлан өнөө л сургууль, цэцэрлэгийн газар олдохгүй, барилгын компаниуд өмчилж авсан газраа бетонон ширэнгэ болгочихдог байдлыг зохицуулахаар оруулсан болов уу гэж таамаглаж байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо гэхэд ямар билээ дээ. Тиймээс шинэ дагуул хотын иргэд амьдралын тун ч сайн нөхцөлтэй болох нь гэсэн дүгнэлт хийж болох юм.
Эцэст нь хэлэхэд, төлөвлөгөө ямар байх, хэзээ хэрэгжиж дуусах, хэн анх санаачилсан гэдгээс үл хамаараад хот гэдэг их айл бодлогоороо зангидаж байх учиртай. Үүнд АН, МАН чи, би, тэр ч бүү хэл хэн нь ХҮН байхаас үл хамаараад хэрэгжих учиртай зүйл. Бодлогогүй бодлоороо шийдэж байснаа бодвол хот бодлоготой болохоор мэрийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бодлого үр дүнтэй, мөрөөдөл бодит болохын тулд эрчим хүч, дэд бүтэц, эдийн засгийн багтаамжийг цогц агуулгаар нь төлөвлөж, сонгуулийн өнгөөр хаашаа ч холбирсон бодлого гажихгүй байх нь өөр хэрэг. Төлөвлөгөө гаргажээ. Гол нь тууштай хэрэгжүүлэх л дутуу байна.
Бэлтгэсэн Г.Түвшин