УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудалд цаасаар, нууц санал хураалт явуулсан юм. Санал хураалтад УИХын 23 гишүүн оролцсоноос 73.9 хувь буюу 17 гишүүн нь дэмжив. Ингэснээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та, бид хамтдаа 2024 онд холимог тогтолцоогоор анхны сонгуулиа хийсэн. Сонгогчдын саналыг гээхгүй байхад үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүний хүрээнд гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Олонхын санал авсан МАН яагаад дангаараа Засгийн газраа байгуулахгүй байгаа юм бэ гэсэн шүүмжлэл тухайн үед гарсан. Гацсан том төслүүдийг явуулъя, зориг, шийдэл гаргая гэдэг агуулгаар хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдан, ажлаа эхлүүлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн 14 мега төслийг зарлаж, олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод-Гашуун сухайтын хил холболтын төмөр зам, “Орано”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэлд гацсан дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэх зэрэг бод¬логын үр дүн энэ 10 сарын дотор гарсан нь бодитой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа журмын нөхөд, АН, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлэх нь зүйтэй. Нээлттэй, чөлөөтэй асуулт, санал тавиа¬сай гэж хүсэж байна. Чин сэтгэлээсээ хариулахад бэлэн” хэмээсэн юм. Ингээд УИХ-ын зарим гишүүний асуултад Ерөнхий сайд хэрхэн хариулсныг сонирхуулъя.
Н.НОМТОЙБАЯР (УИХ-ын гишүүн): -Ерөнхий сайд, ер нь хэн ч бай, Үндсэн хуулийн 44.1-т заасан итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ирсэн нь цаашид шинэ жишиг болно гэж итгэж байна. Мартагдсан заалтыг “амь оруулж” байгаад талархал илэрхийлье. Ит¬гэл үзүүлэх тухай албан бичигт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх дэмжлэг шаардлагатай байна гэжээ. Үүний цаад учир шалтгаан нь юу юм бэ. Улс төрийн ямар нөхцөл байдал үүсэв гэдгийг тодруулахгүй юу?
-Монгол Улс парламентын засаглалтай. Парламент өөрөө бие даан шийдвэр гаргадаг эрхийг л баталгаажуулж байгаа юм. Сонгодог парламентын жишгийг хэвшүүлэх гэж би итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Олон талаас нь парламент шүүн хэлэлцээд ард иргэдийн эргэлзээг тайлах нь Монгол төрийн шийдвэр.
О.НОМИНЧИМЭГ (УИХ-ын гишүүн): -Гурван долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэгдэж, “Орлогоо нотол” хөдөлгөөн өрнөсөн. Төд удалгүй “Огцрох амархан” жагсаал болж хувирсан. Нэг их удалгүй хамтарсан Засгийн газартай байх уу гэдэг асуудал үүссэн. Харин одоо бид бодлогын асуудлаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үү гэдгийг ярьж байна. Энэ хугацаанд орлогоо нотлох асуудал итгэл хүлээлгэх хэмжээнд хүрсэнд иргэд, УИХ-ын гишүүдэд ч ойлгох, тунгаах боломж олгосонгүй. Та улс төрчийн манлайлал үзүүлээч. Орлогоо нотлох асуудал ямар шатанд байна вэ?
-Найз охин нь бие давхар болоод хүү маань бөгж бэлэглэсэн байна. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Мөн 500 мянган төгрөгийн үнэтэй бугуйвч бэлэглэсэн. Харин үнэтэй машин бэлэглэсэн гэдэг худал мэдээлэл. Энэ талаарх бүх мэдээллийг АТГ-т өгсөн.
Ж.БАЯРМАА (УИХ-ын гишүүн): -Үндсэн хуулийн 44.1-т Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон бусад бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг УИХ-д оруулбал УИХ түүнийг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор хэлэлцэн шийдвэр-лэхээр заасан байдаг. Гэтэл төсөв, бодлогын тодорхой асуудал байхгүй байна. Хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж өгөөч. Би бол итгэл хүлээлгэхгүй. Мөн олон нийт таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш үү?
-Монголын нийгэм тогтвортой байдлыг хүсэж байгаа. Судалгаагаар 60-аас дээш хувь нь төр засаг хямралд орж, хөрөнгө оруулалт гацаж, төслүүд зогсож ирээдүйн хөгжлийн боломжоо улс төрийн асуудлаас болж алдчих вий гэдэгт эмзэглэж байна. Надад албан тушаалтай зууралдах сонирхол байхгүй. Огцорсны дараах үр дагаврыг тооцох ёстой гэв. УИХ-ын гишүүдийн асуултад хариулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би санал хураалтад оролцох нь зохисгүй. Хэрхэхийг Монголын парламент шийдсүгэй” гээд хуралдааныг орхин гарсан. Дээр дурдсанчлан Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэн юм.
“АН-ЫН БҮЛЭГ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦОХГҮЙ”
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа АН-ын бүлэг дахин хуралдлаа. Тус бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр “УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, ирцээ бүртгүүлнэ, үгээ хэлнэ. Дараа нь АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад илтгэл үзүүлэх, эсэх тухай санал хураалтад оролцохгүй. Ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдэг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар дэмжээгүй гэсэн саналын томьёоллоор тооцогдоно. Тиймээс АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх тухай тогтоолын төсөлд санал хураахаас өмнө чуулганы танхимыг орхих шийдвэр гаргасан” гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цагийн үед эхэлсэн. 52 гишүүн асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулах юм. 20.00 цагт дугаар шилжих мөчид асуулт, хариулт үргэлжилсэн хэвээр байв. Харин Төрийн ордны гадаа “Огцрох амархан” жагсаал 21 дэх хоногтоо үргэлжилж байлаа.
Ч.Болор