Улаанбаатар хотын авто замын түгжрэл жуулчдын хувьд хамгийн том шийтгэл, залхаан цээрлүүлэлт болж буйг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны аялал жуулчлалын бодлогын зөвлөх Ким Гю Вон анхааруулжээ. Тэрбээр БНСУ-аас манай улсад ирж буй жуулчдын дунд ажиглалт, судалгаа хийсний дүнд ингэж “оношилсон” аж. Солонгос зөвлөх “Монголд ирсэн жуулчид түгжрэлээс болж дөрвөн төрлийн хохирол амсаж байна. Нэгдүгээрт, асар их цаг хугацаа алддаг. Богино хугацааны аяллаар ирсэн хүмүүс зам дээр цаг алдсанаас маршрутаа өөрчлөх, хөтөлбөрөө дуусгаж чадахгүй буцах тохиолдол элбэг. Хоёрдугаарт, түгшүүр мэдэрч байна. Шинэ орчинд урьдчилан тооцоолоогүй нөхцөлд орсон жуулчид зорьсон газартаа товлосон цагтаа хүрч чадах, эсэхдээ маш ихээр санаа зовж, сэтгэл зүй нь тогтворгүй болдог. Гуравдугаарт, илүү хортой, бохир агаараар амьсгалдаг. Түгжрэлд удаан зогсохын хэрээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй хорт агаараар амьсгалахаас аргагүй. Энэ нь амьсгалын замын өвчтэй жуулчдыг эрсдэлд оруулж байна. Дөрөвдүгээрт, ядарч туйлддаг. Шахуу хөтөлбөртэй, урт хугацааны нислэгээр ирсэн жуулчдыг Улаанбаатарын түгжрэл нэмж ядраадаг, залхаадаг” хэмээн ярьжээ. Жуулчдыг тав тухтай, төвөг чирэгдэл багатай аялуулахад анхаарч ажиллахыг тэрбээр холбогдох байгууллагынханд зөвлөжээ. Авто замын түгжрэлийг яах ч аргагүй гээд үл ойшоох бус, хотын аяллын маршрутыг зөв төлөвлөх, эрсдэлүүдээ тооцоолох, шаардлагатай тохиолдолд жуулчдад урьдчилан анхааруулж, сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй гэв.
Ж.Сувд