Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Parko riviera” хотхоны оршин суугч Н.Батсуурь нийслэлийн удирдлагууд Сэлбэ, Дунд голыг сүйдлэх ажлуудыг санаатай, зохион байгуулалттайгаар хийж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа хэллээ. Тэрбээр “Нийслэлчүүд Сэлбэ, Дунд голоо бүрмөсөн алдахад ойртжээ. Эрэг дагуу нь амьдардаг иргэд Дунд гол сүүлийн жилүүдэд танигдахын аргагүй болтлоо доройтож, сүйдсэнийг дэргэдүүр нь алхахдаа, цонхоо нээхдээ өдөр бүр харж, харамсан халаглаж байгаа гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Надад ийм зовнил, халаглал байнга төрдөг. Хотын төв хэсэгт байшин, барилга барих газар чөлөөлөхийн тулд голуудыг санаатайгаар сүйдэлж байна уу даа гэж хардах болсон.
2023 оны зун болсон үерээс хойш Сэлбэ, Дунд голын эрэг дагуу маш их ажил хийлээ. Үерийн дараа буюу тухайн зун, намраа лаг шавар, хөрсний бохирдлыг нь цэвэрлэнэ, хамгаалалтын түр далан босгоно гээд голын голдиролд экскаватор ажиллуулж, эргийг нь дураараа сэтэлж, задгайлсан. Дараа жил нь Дунд голын урсцыг саадгүй болгохоор бургаснуудыг нь зөөж, эргийг нь юу ч үгүй болтол нүцгэлсэн. Тухайн үед нийслэлчүүд эсэргүүцэж, сошиал орчинд бөөн юм болсныг мартаагүй байх.
Хотхоныхоо оршин суугчидтай нэгдэж нийлээд хороо, дүүргийнхээ удирдлагуудад энэ асуудлаар хандсан ч хариу өгөөгүй. Энэ жил нэг юм, тайван байлгах нь дээ гэтэл үерийн далан барина, зүлэгжүүлж, тохижуулна гээд бас баахан техник хэрэгсэл ажиллуулаад, хэд хэдэн газарт ухаж төнхөөд эхэллээ. Сэлбэ гол хотын төв цэг рүү урсан орж ирдэг уулзвар хэсэг (Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамжнаас Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, “Натур” худалдааны төв хүртэл)-ээс авхуулаад бетонон хана цутгаж буй бол манай энэ хавийн Дунд голын эргийг тохижуулна гээд их хэмжээний чулуу, шороо овоолоод, түрж байна. Сэлбэ, Дунд гол үгүйрч, лаг шавар л үлдэх бололтой. Хэдий болтол ийм байдалтай урсаж, хэзээ ус нь тасарч гэж дуулдах юм, бүү мэд” хэмээн санаашрангуй ярьсан юм.
Улаанбаатарыг хойноос урагш таллан урсдаг Сэлбэ гол Нарны зам орчмоос огцом баруун тийшээ эргэж, Туул голтой зэрэгцэн урсдаг хэсгийг нийслэлчүүд Дунд гол хэмээн нэрийддэг. Сэлбэ, Дунд гол амь, урсгал нэгтэй гэсэн үг. Тэгвэл Сэлбэ голын энэхүү салаа уулзварт буюу “Нарны хороолол”-ын чанх урд талд, Дунд голын зам дагуу оршин суудаг иргэн дээрх зүйлийг өгүүлэв. Байгаль орчны салбарт ажилладаг учраас голын экосистем сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж буйг тэрбээр гярхай ажиглаж, хожим түүх, гашуун сургамж болж магадгүй хэмээн зургийг нь тодорхой давтамжтайгаар харьцуулан авч хадгалж байгаагаа хэлсэн юм. Олны хөлийн газар, нүдэнд ил учраас нийслэлчүүд Америкийн ЭСЯ, “Авлига” хороолол орчмын Сэлбэ голыг илүүтэй анзаарч, тэнд хийж буй ажлуудад анхаардаг. Гэвч бусад хэсэгт ч ийм “хорлон сүйтгэх” үйл ажиллагаа тасралтгүй явуулж буйг Н.Батсуурь сануулсан.
Улаанбаатарчуудыг, ялангуяа хотын төвийн оршин суугчдыг байгалийн гамшгаас хамгаалахын тулд үерийн далан байгуулах, голын Сэлбийг сэргээх төсөл ширгээх аюул дагуулж мэдэх нь эрэг орчмыг тохижуулж, амралт, зугаалгын бүс болгох зорилгоор нийслэлийнхэн холбогдох байгууллагынхантай хамтран “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд “Авлига” хороолол орчимд буюу “S’Outlet” дэлгүүрийг нүүлгэн шилжүүлсэн байршилд 1.5 км урттай, үерийн түшиц хана, далан барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн нь нийгмийн зүгээс багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулаад буй. “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас мэдээлснээр үерийн хамгаалалтын далангийн ажил одоогоор 80 гаруй хувьтай, энэ сарын сүүлчээр бүрэн дуусах төлөвтэй байгаа гэнэ. Үүний дараа голын тохируулга, хашлага, хайс, бэхэлгээг хийж, наймдугаар сарын 1 гэхэд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөжээ. Бодит байдалд ажил нь зуун задгай, голын эрэг орчмын бүс нүд халтирам дүр зурагтай харагдаж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Дунд голын эрэг дагуух хэсгийг зүлэгжүүлэх, хэлбэржүүлэх, байгалийн чулуугаар хаалт хийж, тохижуулах ажлуудыг эхлүүлсэн нь иргэдээс энэ мэт шүүмжлэл дагуулж байна. Энэ ажлын “автор” нь “Сэлбэ сэргэлт” төсөл.
Өчигдөрхөн Дунд голын эрэг дагуу алхлаа. Голын урсгал эрс татарч, бохирджээ. “UG arena” спорт цогцолбор, “Parko riviera” хотхон орчимд голын эргийг хэд хэдэн газарт сэндийчин ухаж, том гэгчийн чулуунуудаар урсгалыг нь боож орхижээ. Хэзээ байршуулсан, хэдийд ажилладаг, эсэх нь үл мэдэгдэх шар экскаватор татамд нь сул зогсож байв. Юун голын онцгой, энгийн хамгаалалтын бүс, хэзээ ч халдаж болохгүй хэмээдэг голдирол, татам. Үүнтэй холбоотой хууль, журам үйлчлэхээ байж, нийслэлийнхэн галзуурсан гэлтэй. Тэндхийн иргэд “Дунд голын эргийг тохижуулж, явган хүний зам барих юм гэсэн” хэмээн ярив. Харин “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-ын албан ёсны цахим хуудсанд “Дунд голыг хэлбэржүүлж, зүлэгжүүлэх, байгалийн чулуугаар боолт хийж, тохижуулах ажлыг төлөвлөгөө ёсоор, үе шаттай хийж байна” гэж бичсэн байх юм. Хотын гудамж, талбай дахь мод, бут, ногоон байгууламжуудыг хэлбэржүүлэх нэрээр тайрч, огтолж дуусгаад одоо гол, ус руугаа дайрч буй бололтой. Ингэхэд голыг хэлбэржүүлнэ гээд эргийг нь экскаватороор түрж тэгшилдэг, үерээс хамгаална гээд урсцыг нь сааруулах зорилгоор голдирол, татамд нь чулуун овоолго босгодог харанхуй улс биднээс өөр бий болов уу. Энэ бүхнийг өдөр тутам харж буй оршин суугчид “Дунд голын хамгийн байгалиараа, нөлөөлөл багатай хэсэг будаа боллоо. Энэ хэсгийн гол авто замаас тусгаарлагдсан саадтай, эрэг нь зай талбайтай учраас иргэд өглөө, оройд алхаж, гүйж, агаарладаг байсан юм. Одоо ус нь булингартаад, муухай үнэр үнэртдэг, шороо тоос ихтэй болсон тул алхаж ч чадахаа байсан. Усны шувууд элбэг үзэгддэг байсан нь ч харагдахаа больсон. Сүйрч байх шиг”гэж халаглав.
“Алтай” хотхон орчим дахь Дунд голын нөхцөл байдал ч сайнгүй, амьтай голтой урсаж байна. Тухайн бүсэд бүтэлгүй, хорлонтой гэмээр олон ажил хийсний нөлөөгөөр өдгөө голын урсгал судас шиг нарийсаж, эрэг нь лаг хагшааст идэгдэн, сүйджээ. 2023 оны зун тохиосон үерээр тус хэсгийн хотхон, хорооллууд усанд автсанаас замыг нь хэсэгчлэн хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байв. Энэ үерийн гол буруутан нь тухайн бүс дэх стандартын шаардлага хангахгүй гүүр, зориулалтын бус газарт барьсан шатахуун түгээх станц гэж албаны хүмүүс “оношилсон”. Эдгээр байгууламж голын голдирлыг хумьж, урсцад нь саад учруулсан гэж дүгнэж байв. Ингээд “Алтай” хотхоны урд уулзварт, олны нэрлэж заншсанаар “Говь”-ийн зам дагуу байрлаж байсан “Шунхлай” ШТС-ыг нийслэлийн төсвийн 300 орчим сая төгрөгөөр буулгасан. Харин Дунд голын урсцыг хааж боосон, стандартаас хэт намхан гэх өнөөх гүүрийг одоо хүртэл буулгаагүй бөгөөд эргэн тойрных нь мод, бутыг ээлж дараалан тайрч, эрэг, голдирлыг нь хэдэн талаас нь түрж, хумиад буй. Саяхан гэхэд тус гүүрний баруун талд, голын татам дотор хүнд машин механизм шороо тоос манарган, “аахилан” ажиллаж байсныг тэндхийн оршин суугчид хэлж байна.
Хотын төв хэсэгт өдгөө хийж буй эдгээр ажлаас харахад “Сэлбэ сэргэлт” төсөл Сэлбэ, Дунд голын амийг бүрмөсөн тасалж болзошгүй нь. 2023 оны үерийн дараа хийсэн бүтээн байгуулалт нэртэй ажлууд, мод, бутыг шилжүүлэн суулгаснаас болж Сэлбэ голын экосистем ихээхэн доголдсон. Урсац нь эрс багасан, ус нь татарсныг байгаль орчны салбарынхан хэлдэг. Одоо Сэлбийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь байгалийн аясаар сэргэх боломж олгох буюу орон зайд нь халдахгүй байх гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж буй. Гэтэл “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэгчид үүний эсрэг ажлуудыг хийж, тус голыг хэдэн талаас нь бүчин авч, нэмж сүйдэлж байна. Тэгчхээд төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр ус хуримтлуулах сан байгуулна гэх. Баянзүрх дүүргийн 29, Сүхбаатарын 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн үеийн оргил урсцыг хуримтлуулах, 1.3 сая шоо метрийн эзлэхүүнтэй усан сан байгуулах ажлыг нийслэлийнхэн хэзээ мөдгүй эхлүүлэхээр бэлтгэлээ базааж буй сурагтай. Юу гээчийн хорлонтой, дайсагнасан төсөл вэ, “Сэлбэ сэргэлт”.
Н.Мишээл