Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш МУ-ын Парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын 5 жилийн хугацаанд бүх талаар дэмжсэн. Олон жил ЕС-ыг сургаж, хүмүүжүүлж, бэлтгэж ирсний хувьд хайрлаж, хамгаалдаг. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд зовлонг нь мэднэ.
Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал.
Надад ард түмний итгэл найдвар байгаа. Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Саяхан өөриййн нэрийн хуудсаар дамжуулж мэдэгдсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабель стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авахуулаад зарчимтай байгаарай гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана.
Хоёрдугаарт, Баялгийн санг анх Ерөнхийлөгч санаачилсан юм. Би Ардын намын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан байгуулна гэж заалт оруулсан юм. Нөхөдтэйгээ хамт. Би Баялгий сангийнхаа хуулийг баталсан зоригтой ажлаа хий гэж хэлсэн. Газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ байгалийн баялгийг хэн нэгэн бүтээчихээгүй юм. Монголын ард түмний өмчийг хулгай хийж авсан бол буцааж өгөх ёстой. 2019 онд намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед би Норвеги руу явуулж Баялгийн санг судлуулж байсан. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа. "Ард түмнээ сонсооч гэж". Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. 20 хоног болж байна. Хаана юу болж байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Би албан тушаалаасаа дөрвөн удаа өгч байлаа. Энэ бүхний цаана ард түмний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж байлаа. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд.
Хамтарсан Засгийн газрыг би тултал нь дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарах болсныг надаас биш, Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй. Ард түмнээ битгий талцуулж, шар махтай нь хатаагаад бай. Ард түмнийхээ үгийг сонс. Би эх орондоо олон удаа тангараг өргөсөн эр цэрэг хүн. Цэргийн сургуул намайг ингэж хүмүүжүүлсэн юм. Ямар ч албан тушаалтан хэн бугайгаас ч би айхгүй. Би ганц л юмнаас айдаг. Ард түмний маань итгэл найдвар алдрах вий гэдгээс л айдаг" гэлээ