“Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Э.Даваанасанд хилийн дээс алхсан удаа цөөнгүй. Тэрбээр Иван Ярыгины “Алтан гран при” тэмцээний мөнгө, хүрэл, дэлхийн цэргийн их наадмын хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, Иван Поддубный нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээний хүрэл медальтай. Мөн Азийн АШТ-ээс хошой хүрэл, ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн. Түүнчлэн дотоодын шилдгүүдийг буулгаж авсан насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр түрүүтэй. Үүнээс өмнө зүүсэн, өсвөр үеийнхний УАШТ-ий хоёр алт, залуучуудынхаас гардсан тус бүр гурван алт, хүрэл медаль түүнд бий. Тэрбээр эдгээр амжилтыг гаргахын тулд чөлөөт бөхийн спортод хөл тавьсан цагаасаа уйгагүй хөдөлмөрлөжээ. Алхам бүрт нь сорьж, шалгасан олон саад бартааг хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, тэвчээрээр даван туулсан тэрбээр ДАШТ-ий мөнгөн медалиас амархан атгаагүй. Норвегийн Осло, Сербийн Белградын дэвжээ өмнө нь түүнд зорьсондоо хүрэхийн тулд туршлага хуримтлуулж суралцахыг, дутагдлаасаа өөрийгөө олж хараад, алдаагаа засаж чамбайруулахыг сануулж, хоёронтоо буцаасан билээ. 2023 он түүний хувьд эрч хүч өгсөн, урам зориг хайрласан, аз, амжилт далласан жил байв. Гурван жил өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хөдөлмөрлөснөө энэ удаа Белградын дэвжээнд дахин харуулж, дэлхийн медальтнуудыг эгнээнд нүүр бардам зогсов. Зорилго, зориг, итгэл найдвар тамирчин хүнийг хэрхэн хөтөлж, хаана аваачдагийг түүний спортын замналаас харж болно.
-Монголынхоо үзэгчдийг хэдэнтээ өндөлзүүлж, Белградын дэвжээнд хүч сорьсон. Олны итгэлийг дааж, дэлхийн медальтан болж, шилдгүүдийн эгнээнд жагсах амар биш. Шагналын тавцанд зогсох мөчид хамгийн их бодогдсон зүйл юу байв?
-Би ДАШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Өнгөрсөн жил санасандаа хүртэл барилдаагүй. Энэ удаа дутуугаа гүйцээхээр Белградыг зорьсон. Тэнд зорилгоо биелүүлээд эх орондоо ирэх сайхан байлаа. Намайг ДАШТ-ээс медаль хүртчихээсэй гэж олон хүн хүссэн. Тэдний итгэлийг дааж, дэлхийн дэвжээнд үзүүрлэсэндээ сэтгэл өндөр байна. Шагналын тавцанд догдолж зогсохдоо “Би ингээд дэлхийн медальтан болчихлоо гэж үү” хэмээн өөртөө итгэж ядаж байлаа. Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилтаас атгахгүй. Миний амжилтын ард сэтгэл гаргаж тусалсан олон хүний дэм, тус их бий.
-Та өнгөрсөн жилийн ДАШТ-д таарсан бөхчүүдээс Казахстаны тамирчин Жамила Бакбергеноваг илүүрхэж, даагаа нэхсэн. Аваргыг ялж, дэлхийн медальтан болох замаа зассан таны сэтгэл одоо ч догдолж буй гэдэгт эргэлзэхгүй байна.
-Миний хувьд сүүлийн гурван жил 72 кг-ын жинд хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Энэ удаа эхний хоёр тойрогт өмнө нь харж байгаагүй бөхчүүдтэй барилдлаа. Тэднийг ялчихаад, хэсгийн аваргын төлөө Казахстаны тамирчин, дэлхийн хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Жамила Бакбергеноваг ялж, аваргын төлөө шалгарсан юм. Түүнтэй нэг бус удаа таарсан тул барилдааных нь техникийг гадарлана. Дэвжээнд гарахын өмнө багш нар “Чи өрсөлдөгчийнхөө арга барилыг мэднэ. Яарч, сандралгүй, өөртөө итгэлтэй барилдаарай” гэж зөвлөсөн. Түүний дархан мэх бол хөл рүү орох. Тиймээс хоёр удаа жийн, оноо авч хожсон. Надтай барилдсан учраануудаас тэрбээр хамгийн сонирхолтой барилдаан өрнүүллээ. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсандаа сэтгэл хангалуун байгаа. Тамирчин хүн өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Тал бүрийн судалгаатай байх ёстой. Тэмцээний өмнө мэдүүлгээ өгч, дэвжээнд таарах магадлалтай бөхчүүдийн барилдааны бичлэг, гаргасан амжилт, бэлтгэл хэрхэн хийдэг талаар багагүй судалсан юм. Тэр дундаа нэг хэсэгт таарсан өрсөлдөгчдийнхөө барилдаанд гол анхаарлаа хандуулсан.
-Алтан медалийн төлөөх барилдаан амаргүй л харагдсан. Хэн, хэндээ шинэ танил тул дэвжээнд бүхнээ дайчилсан шүү.
-Аваргын төлөө АНУ-ын тамирчин, дэлхийн аварга Амит Эйлортой анх удаа зодоглолоо. Тэрбээр хайрцаг сайтай, алдаа гаргахгүй, нягт барилддаг юм билээ. Барилдах явцдаа түүний онцлогийг мэдэж, хойшид ямар мэх хийхийг нь ойлгодог болсон. Хэдийгээр түүнд ялагдсан ч дараагийн ДАШТ-д даагаа нэхэх бодол бий. Би “Алдар” спорт хорооны тамирчин болсон цагаасаа дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Гавьяат тамирчин Б.Одончимэг, Г.Мандахнаран, “Аваргууд” академийн багш, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Н.Лхамгармаа нарын удирдлагад бэлтгэл хийж, олон тэмцээнд оролцлоо.
-Белград манайхаас олон цагийн зөрүүтэй. Монголын цагаар барилдаан шөнө голдуу болсон. Гэрийнхэн тань зурагтын өмнө хэдэн өдөр догдолж суусан байх.
-Тэмцээнийг шууд дамжуулсан тул намайг мэдээ дуулгахаас өмнө манайхан мэдсэн байв. Баяр хүргэсэн хүмүүсийн дуудлага одоо ч тасралтгүй ирсээр байгаа. Эрч хүч өгсөн, амжилт хүссэн, аварга болохыг ерөөсөн урмын үгэнд бялуурч сууна.
-Та бөхийн удамтай юм билээ. Тамирчин болохоор тэмүүлэхэд тань багагүй нөлөөлсөн биз.
-Би аавынхаа талаас бөхийн удамтай. Өвөө минь сумын заан цолтой, үндэсний бөхөөр олон жил барилдсан. Нутгийнхаа наадамд олон удаа түрүүлсэн. Улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох аавын минь дүү. Миний өсөж төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Цогт сум. Сумаасаа 2012 онд Улаанбаатарт шилжин ирж, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Энхбаяр багшийн шавь болсноор Спортын төв ордонд бэлтгэл хийж эхэлсэн. Түүний удирдлагад хоёр жил хичээллэхдээ өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлж байв. Багшийг ажлаа хүлээлгэж өгсний дараа П.Чулуунбаатар дасгалжуулагчийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. 2015 онд “Алдар” спорт хорооны босгоор алхаж, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багш нарын удирдлагад өнөөг хүртэл хичээллэж байна. Багш нарынхаа зөвлөснийг сонсож, барилдаандаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Чөлөөт бөхтэй анх нөхөрлөх үеэс манайхан чадахаараа тусалж ирсэн. Тэднийхээ сэтгэлийн дэмээр амжилт гаргаж яваа. Би багадаа хөвгүүдээс дутахгүй хөдөлгөөнтэй байлаа. Аав “Миний охин бяртай” гээд урам өгч дэмждэг байв. Чөлөөт бөхөөр хичээллэх шийдвэр гаргаснаа амьдралдаа хамгийн зөв сонголт хийсэн гэж боддог юм.
-Дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдөр ямар бодол төрүүлсэн бол?
-Нэг өдөр чөлөөт бөхийн заалаар шагайж хараад “Бөхийн спортынхон бэлтгэл ингэж хийдэг байх нь” гэж бодож билээ. Хэдэн сарын дараа наад захын зүйлүүдийг мэддэг болж, тууштай хичээллэхээр шийдсэн. Тухайн үед дэвжээнд хамт бэлтгэл хийсэн үеийнхнээсээ Э.Дэлгэрмаатай ойр дотно нөхөрлөдөг. Бид нөхөрлөөд багагүй хугацааг үдсэн тул нэгнийнхээ зан чанар, сэтгэл зүйг мэддэг. Өсвөр үе, залуучуудын ангиллын тамирчин байхаасаа 68 кг-ын жинд цөөнгүй жил барилдаж, өгөө, аваатай урагшиллаа. Дотоодын олон тэмцээнд медалийн төлөө таарч, нэгнийхээ өрсөлдөгч болж байв. Би 72 кг-д барилддаг болсноор түүнтэй сүүлийн гурван жил дэвжээнд таарсангүй. Сая болсон ДАШТ-ий дэвжээнд аваргын төлөө нэг өдөр барилдахдаа бие биедээ амжилт хүсээд дэвжээнд гарсан. Найз минь 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Парисын олимпод өрсөлдөх эрх авсан шүү дээ.
-Тамирчин хүн улсынхаа нэрийг өндөрт өргөх, дасгалжуулагч багш нар дэлхийн дэвжээнд сойсон тамирчдаа медалиас атгуулахын аль, аль нь хүндхэн үүрэг, хариуцлага юм даа.
-Тийм шүү. Хилийн дээс алхаад л эх орны минь нэр гарах тул хаана ч явсан хариуцлагатай байхыг хичээдэг. Белградын дэвжээ Монголын тамирчдад ээлтэй. Тэндээс манайхан заавал медальтай ирдэг. Би өнгөрсөн жил тэндээс сэтгэл гонсгор ирж байлаа. Энэ удаа хөл тавихад нэг л дотно, халуун дулаан мэдрэмж төрсөн. Бид тус хотод тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө очиж, цаг агаар, орчин нөхцөлд нь дасан зохицож, бэлтгэл хийсний үр дүн гарлаа. Бөхийн спортод амархан амжилт гаргахгүй. Алхам бүртээ таарсан саадыг бие, сэтгэлийн хатаар туулдаг. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж, туршлага чамгүй хуримтлуулсны эцэст медаль хүртэнэ. Бэлтгэл хийх, эсвэл барилдах үед гар, хөлийн хуруу тулж, бэртэж гэмтэх нь наад захын асуудал. Бэртэл тамирчин хүнд өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог. Ээж минь сэтгэл зовниж “Өөр зүйлд сатааралгүй бэлтгэлээ сайн хийгээрэй. Олон юм бодож, сэтгэлээ чилээхгүй тэмцээнд оролцоно шүү. Амжилт гаргаасай гэж залбирч суудаг даа ” гэдэг.
-Медаль хүртэх үеэс ах, дүүсийн тань хүүхдүүд чөлөөт бөхөөр хичээллэдэг болсон уу?
-Аавын төрсөн дүүгийн охин өсвөр үе, залуучуудын тэмцээнд оролцож, хэдэн удаа түрүүллээ. Бид дэвжээнд хамт бэлтгэл хийдэг болохоор нэгнээсээ суралцаж, мэддэг, чаддаг зүйлээ харамгүй хуваалцдаг юм. Миний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр түрүүтэй. 2022, 2023 онд улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрх гардаж байв. Тамирчин болчихоод ОХУ-д болсон олон улсын тэмцээнд анх удаа оролцож, хүрэл медаль хүртчихээд урам авч билээ. Хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнээс хүртсэн болохоор тэр медальдаа их хайртай. Туузан дахь медалиудын эхэнд залаастай байдаг. Гэртээ ирээд ДАШТ-ээс хүртсэн мөнгөн медалиа шагналынхаа хамгийн дээр залсан. Тамирчин хүнд хүрэл медаль үнэтэй цэнтэй ирдэг. Ялбал медальтай, ялагдвал хоосон буцах тул алдаа гаргахгүй барилдаж, өөрт байгаа бүх ур чадвараа дайчилдаг юм.
-Дотоодын тэмцээнд жингийнхээ өрсөлдөгчдийг ялж, ДАШТ-ий эрх өвөртлөх амаргүй байсан биз?
-Миний жинд хүчтэй өрсөлдөгч олон. Тэднээс Б.Батцэцэг, О.Насанбурмаа эгч тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан. УАШТ-д эгч нартайгаа таарахдаа ялж, ялагдсан удаа олон бий. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д “Мөнгөн” нэрээр алдаршсан Гавьяат тамирчин О.Бурмаа эгчийг хожсоноор ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Тэмцээний үед эгч нарын нөмөр, нөөлөг их. Тэдний зөвлөгөөг сонсож, ур чадвараас нь суралцаж, үлгэр дуурайл авч өөрийгөө хөгжүүлдэг.
-Хэд хоног амраад бэлтгэлдээ орох байх. Ховорхон олддог амралтаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Гэртээ долоо хоног амраад бэлтгэлдээ орно. Миний хувьд шинэ оны дараа зохион байгуулах тив, дэлхийн тэмцээнд оролцож, олимпын эрх авахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. Монголын дасгалжуулагчид олон талын авьяастай. Тэд тэмцээний өмнө бариач, тогооч, сэтгэлзүйч болно. Дэвжээнд барилдах тамирчдаа дасгалжуулахаас гадна гэрийнхнээс нь дутахгүй анхаарал хандуулдаг. Багш, шавь хоёр сайн ойлголцож байж амжилт гаргана. ДАШТ-д оролцохын өмнө Б.Одончимэг, Ц.Цогтбаяр багш “Энэ жил чиний бэлтгэл сайн байгаа. Нэг юм дуулгана даа, хичээгээрэй” гэсэн. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах багш “Чиний дэлхийн медальтан болох цаг ирсэн. Сайн барилдаарай” гээд урам өгч байлаа.
-ДАШТ-д гурав дахь удаагаа зодоглосон болохоор сэтгэл зүйгээ сайтар удирдаж, дэвжээнд гарсан байлгүй.
-Миний сэтгэл зүй энэ удаа өмнөхөөсөө тайван байсан. Яарч тэвдэлгүй, бас олон зүйл бодож хямрахгүй барилдсан шүү. ДАШТ-д оролцсон эмэгтэйчүүдээс 50 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонжаргалын гал гарсан, үзэгчдийг огшоосон барилдааныг харж, дайчин, шийдэмгий, зоримог зангаар нь их бахархсан. Тэрбээр биднээс насаар дүү ч маш хөдөлмөрч. Тиймдээ ч дэлхийн дэвжээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Норвегийн Ослод 2021 онд зохион байгуулсан ДАШТ-д би хүрэл медалиас атгаад л алдсан. Их ч харамссан. Анх удаа оролцсон надад эмээж, сандарсан тал бий. Медалиас мултарсан тэр барилдаан олон зүйлийг бодогдуулж, дахиж ялагдахгүйг өдөр бүр сануулдаг байв. Тэр үед өрсөлдөгчөө хожиж яваад, алдаа гаргаж ялагдсан юм. Надад боломж байсан ч ашиглаж чадаагүй. Түүнээс хойш туршлага чамгүй хуримтлуулсны эцэст мөнгөн медаль хүртлээ.
-Та Азийн АШТ-ээс хошой хүрэл медальтай. Монголд өнгөрсөн жил болоход хүрэл медаль хүртсэн санагдах юм.
-Тийм ээ. Казахстанд энэ жил зохион байгуулахад хоёр дахь хүрэл медалиа зүүлээ. 2022, 2023 оны Азийн АШТ-д Казахстаны бөх Жамила Бакбергеновад хожигдсон юм. Тэр үед Белградын дэвжээнд дахин таарвал ялна гэж бодож байлаа. Би дотоод, гадаадын тэмцээнээс хүртсэн медалиа тоолдоггүй. Шагналын тууз медалиар хэдийн дүүрсэн. Ээж медалиудыг минь байнга арчиж, өнгөлдөг юм.
-Дандаа магтуулна гэж юу байх вэ. Багш нараасаа хааяа зэмлэл, шүүмжлэл сонсдог биз дээ?
-Тамирчин хүн магтаал, шүүмжлэлийг зэрэг дааж явах ёстой. Багш нартайгаа зөвлөлдсөнөөр 72 кг-д гурван жил өрсөлдлөө. Энэ нь олимпын жин биш. Тиймээс өөр жинд барилдаж, олимпын эрх авахыг зорьж байна. Одоо миний хүсэж буй зүйл бол Парисын олимпоос медаль хүртэх. Эрх олгох хоёр тэмцээн бий. Киргизэд Азийн АШТ, Туркт ДАШТ болно. Үүнээс өмнө УАШТ-д оролцож, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх эрх авна. Насанд хүрэгчдийн УАШТ-д өмнө нь надтай О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг эгч нар нэг бус удаа таарсан. Намайг бөхийн спортод хөл тавих үед мандаж явсан эгч нар. “Алдар” спорт хороонд тамирчнаар очиход Б.Одончимэг эгч шигшээ багт тамирчин байв. Харин одоо багш минь болоод бэлтгэл хийлгэж байна.