“Ханжоу-2022” Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин сойж, 129 дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн тивийн наадамд 12 000 гаруй тамирчин 40 спортын61 төрөлд 481 багц медалийн төлөө авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж буй. Бид сониныхоо дугаар бүрт тус наадамд манай тамирчид хэрхэн оролцож, спортын ямар төрлөөс медаль хүртсэн талаар мэдээлж буй билээ.
Наадмын үеэр Азийн спортын сэтгүүлчдийн холбооноос таваас олон удаа тивийн “олимп”-ыг сурвалжилсан спортын сэтгүүлч, гишүүдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардууллаа. Манай улсаас МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан Азийн есөн наадам сурвалжилснаараа уг батламжийн эзэн болов. Мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Азийн долоон наадам сурвалжилснаараа батламж гарджээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар мөн батламж гардах юм байна.
Ханжоу хотын Азийн наадмын хэвлэлийн төвд зохион байгуулсан ёслолын үеэр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амжад Азиз Малик “Катарын сэтгүүлч найз нар Азийн наадмыг тав болон түүнээс олон удаа сурвалжилсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх санал анх гаргасан. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, БНСУ-ын иргэн Хи Дон Жун уг саналыг дэмжсэн юм. Гишүүн холбоодод тав болон түүнээс олон удаа Азийн наадамд ажилласан 96 сэтгүүлч бий. Тэднээс зарим нь батламжаа гардаж авлаа. Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах энэхүү хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Ханжоу хотод албан ёсоор эхэлж байна” хэмээн өгүүлжээ.
Спортын сэтгүүлчдийн эл ёслолд “Афин-2004” олимпын аварга, БНСУ-ын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Pю Сүн Мин хүрэлцэн ирж, батламжийн эздэд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр 2016 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй аж. Спортын хүрээлэлд “Сато” нэрээрээ танигдсан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар түүний гараас батламжаа гардан авчээ. Түүнээс гадна батламж авах болзлыг хангасан хоёр гишүүн удахгүй Ханжоу хотыг зорих гэнэ.
Манай тамирчдын хувьд өчигдрийн байдлаар Монголын усанд сэлэгч Б.Энххүслэн Азийн наадмын финалд үлдэж, нэгэн шинэ түүх бичив. Тэрбээр 200 метрийн чөлөөт сэлэлтийн шигшээ уралдаанд VIII байрт жагслаа. Түүний өрсөлдсөн зайд олимпын хошой мөнгөн медальт, Хонконгийн сэлэгч Шивон Хоги алт, БНХАУ-ын тамирчин Ли Бин Же мөнгө, Лиү Яа Шин хүрэл медаль хүртэв.
Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насныхны тэмцээнд эмэгтэйчүүдийн баг D хэсэгт эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй өрнүүлж, 21:15-аар хожжээ. Манайхан хоёр дахь тоглолтоо Йорданы багийнхантай өнөөдөр хийнэ. Тэмцээнд хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрх өвөртлөх нь. Тэгвэл дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх аж. Тивийн хоёр “олимп”-ын дараа (Инчон, Жакарта) “Ханжоу-2022”-т эргэн ирсэн спортын төрөл бол шатар.
Анх “Доха-2006”-ийн хөтөлбөрт багтсан ч 2010 онд Гуанжоугийн Азийн наадмын дараа хасагдсан юм. Шатрын тэмцээнд 21 орны 141 тамирчин оролцоно. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд их мастер С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийнхэд их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул нар оюунаа сорьж байна. Ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчид есөн өрөг тоглож, өнөөдөр аваргаа тодруулах нь. Азийн наадамд манай улсын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар 17 дугаарт эрэмбэлэгдэж байна.