Боловсролын багц хууль наймдугаар сарын 3-наас эхлэн хэрэгжиж байна. Тус хуульд зургаан гол өөрчлөлтийг оруулж, шинэчлэл хийж байгаагаа БШУ-ны сайд мэдээллээ.
Үүнд,
Нэг: Хөтөлбөрийн шинэчлэл. Сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг хөтөлбөрийн шинэчлэл хийх асуудлыг тус хуулиар хязгаарлаж байна. Багшийн эдийн засгийн, нийгмийн баталгааг гаргаж өгч чадаагүй байсан бол дээрх хуулиар нөхцөлийг бүрдүүлж, Боловсролын багц хуульд хөтөлбөрийн шинэчлэлийн менежментийг тусгайлан зааж өгч, тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангаж байна.
Хоёр: Багшийн хөгжил. Монгол Улсад багш бэлтгэх тогтолцоог шинэчилж байна. Багш мэргэжилтнүүдийг бэлтгэх их дээд сургуулиудад магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагыг тавина. Мөн ажлын байран дээр багшийг тасралтгүй суралцах боломжийг олгоно.
Гурав: Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог хөл дээр нь босгоно. Тодруулбал, Үндэсний чанарын үнэлгээний тогтолцоо нь дүнгээр хуурч ирсэн бол сурагчийн ахиц, дэвшил бүрийг үнэлэх шинэчлэлийг хийж байна.
Дөрөв: Салбарын санхүүжилтын асуудлыг уул уурхайн орлогоос шийдвэрлэнэ. Багшийн ажлыг хамгийн өндөр цалин, нийгмийн баталгаатай болгох тогтолцоонд шилжинэ.
Тав: Сургууль, цэцэрлэгийн захирлын ажлыг намын идэвхи бус хичээлийн зохион байгуулалт, хөгжүүлэлт, менежментийн асуудал, оролцоогоор үнэлнэ.
Зургаа: Ковидын үед хамгийн том эрсдэл үүссэн. Хичээлийн хоцрогдол арилгах том асуудлыг цахим шилжилтээр хийнэ. Мэдлэг,чадвар, хот хөдөөгийн сургуулийн ялгааг цахим шилжилтээр нөхнө.