Хорват улсын Загреб хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож буй. Тэднээс охидын 44 кг-ын жинд зодоглосон “Цагаанбаатар академи”, “Мон алтиус” ахлах сургуулийн тамирчин Т.Отгонжаргал медалийн салхи хагалж, шагналын тавцанд зогслоо. Тэрбээр эхний тойрогт Испанийн бөх Ирене Гарсия Санчес, дараагийнхад БНСУ-ын тамирчин Мүн Гавин, Колумбийн Мануэла Креспо, Туркийн Бегумназ Догруйоль нарыг илүүрхэж, хагас шигшээд шалгарсан юм. Аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Кларис Рибейротой учраа таарч, Загребийн дэвжээнд үзүүрлэн мөнгөн медаль хүртлээ.