Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Сербийн Белград хотод ирэх сарын 16-24-нд зохион байгуулна. Тус тэмцээнд хүч сорих тамирчдыг сонгон шалгаруулах сорилго барилдаан өнгөрсөн сард эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн есөн жинд болсон. Тухайн үед “Женко” клубийн бөх, Гавьяат тамирчин Б.Болортуяа эрүүл мэндийн шалтгаантай байсан тул эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн сорилго барилдааныг түр хойшлуулсан юм. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Болортуяа, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Отгонжаргал нарын сорилго барилдааныг “Говь ресорт” бэлтгэлийн баазад зохион байгуулжээ. Тэд гурван удаа барилдсан. Үүнээс Г.Отгонжаргал эхний тойрогт 8:5, дараагийнхад Гавьяат тамирчин Б.Болортуяа 3:1-ээр илүүрхлээ. Шийдвэрлэх тойргийн барилдаанд Б.Болортуяа эхний үед 3:0-ээр хожсон. Гэсэн ч хоёрдугаар үеийн 30 секундэд давхар хамж, дутуудан өндийхөд нь Г.Отгонжаргал мордох мэхээр цэвэр ялснаар Белградыг зорих эрх өвөртлөв.