Сурын харваа нь үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон. Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд алдаршжээ.
Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно. Жишээ нь, мэргэ үед зөвхөн алдар цуутай мэргэн харваачид өрсөлддөг бол далд үед харьж яваа, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг журамтай. Он цагийн уртад өргөжин тэлж, улам боловсронгуй болсон сур харваа нь цуваа, багийн, холч зэрэг төрөлтэй байсан бөгөөд өдгөө халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах болжээ. Урианхай харваанд зөвхөн эрчүүд оролцдог бол буриад, халх сурын харваанд хүйс үл хамааран харвадаг.
Нум сум: Нум нь хөвч, гичир, их бие, бариул, шийр, хайгуул гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Харин харваач хүн нум, сум, эрхийвч, ханцуйны боолт, бүсэвч буюу агсуурга, ховд буюу сум хийх сав, хоромсого буюу нум хийх савтай байдаг.
Сур харвааны төрөл
Урианхай сурын харваа: Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж, оролцогч тус бүр дөрвөн сум тавин цэц мэргэнээ сорьдог болсон. Суран байг нь “чих” гэх ба эхний чихийг “магнай” хэмээгээд ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”, гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ.
Буриад сурын харваа: Байны сур нь бортого хэлбэртэй, 8х10 сантиметр хэмжээтэй байна. Сурын талбайг засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд, түүнээс 2.2 метр зайтай зурхай татаж харвадаг. Буриад харвааны нум сум нь багагүй онцлогтой. Тодруулбал, нумаа эртнээс эвэр элэгтэй хийдэг байсан буриадууд их бие болон сумаа ихэвчлэн хулсаар хийдэг заншилтай байв. Ихэнх нутагт нумын элгийг хайнагийн эврээр хийдэг бол цөөн хэсэг нь буга, хандгайн эвэр ашигладаг байжээ. Түүнчлэн нумыг харваачийн биеийн өндөртэй холбоотойгоор янз бүрийн урттай хийж, их болон бага гарын гэж ангилдаг.
Халх сурын харваа: Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд 30 сур өрж харвах агаад бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, уран гоёмсог, хөндий суран сүлжмэлийг “сур” хэмээн нэрийднэ. Сураа давхарлан тавьсныг “домбо” гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд тус бүр гурван хасаа хөндлөн тавьсныг “хүзүү” хэмээн нэрлэнэ. Голын хоёр домбо нь улаан байх ба хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг “зурхай” гэдэг. Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг.
Сурын уухай
Уухай нь харваачдын сүр хүч, онч мэргэнийг бахдан магтаад зогсохгүй дуу хөгжмийн нэгэн төрөл зүйл болдог ба сур харвахад нэгдүгээрт урьж, уриалсан уухай, хоёрдугаарт байгаа оносон баярын уухай, гуравдугаарт угтан авсан самбарын уухай гэж хуваана.
Сур харваачдын цол:
- Нэг түрүүлбэл ”Улсын мэргэн”
- Хоёр түрүүлбэл ”Даян мэргэн”
- Гурав түрүүлбэл ”Даяар дуурьсах мэргэн”
- Дөрөв түрүүлбэл ”Дархан мэргэн цол”
- Улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваачид ”Гарамгай харваач цол”
- Гуравдугаар байр эзэлсэн харваачид ”Гоц харваач” цолыг тус тус хүртээнэ.