Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан цөөнгүй ажил зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр нийтэд танилцууллаа. Өнөө жил эвлэлээс "Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хангах хөшүүрэг мөн" гэсэн уриа гаргажээ. МСНЭ 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 4000 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэж, 21 аймагт буюу үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага юм. Онцлууштай нь өнөө жил эвлэл хүний эрхийн байгууллагуудтай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эл өдрийг тэмдэглэнэ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирсэн гуч дахь жилийн босгон дээр ийн Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр ажиллаж буй байгууллага, эвлэл, холбоодтой хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Тодорхой хэлбэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагууд ирэх өдрүүдэд хүний эрх, сэтгүүлчийн ёс зүйг дээшлүүлэх, иргэний мэдэх эрхийг хангах чиглэлээр хамтарч ажиллана. Учир нь сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн салбарынхны нэр хүнд Улстөрч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн нэгэн адил уначихсан. Тэр хэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусдын мэдэх эрхийг хангах эрх чөлөө нь хумигдаж буй. Гэтэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг олон нийтийн эрх байдаг. Тодорхой хэлбэл, олон нийтийн мэдэх эрхийг хангах гэж л сэтгүүлч ажилладаг.
"Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хангах хөшүүрэг мөн" гэсэн нь зүгээр нэг уриа биш юм. Өөрөөр хэлбэл, эл уриан дор нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгуй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг 2023 оны дөрөвдүгээр 17-ноос 2023 оны тавдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулна. Аяны хүрээнд Монгол дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөв байдал, эрх зүйн орчин, чиг хандлага, сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг хөндсөн олон талт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахын сацуу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум зохион байгуулах аж. Форумын үеэр Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, «Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналтан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Цахиур-2023" -ын Гран при шагналтныг тодруулна. Түүнчлэн хүний эрх, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө эв санааны нэгдлээ илэрхийлэх олон олон ажлыг үргэлжлүүлэн оны турш зохион байгуулах юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан мэргэжлийн холбоо, хүний эрхийн байгууллагатай хамтран оролцоно. Сэтгүүлчид энэ цаг үед эрх, эрх чөлөөгөө шаардаж эдлэхийн зэрэгцээ олон нийтэд мэдээлэл түгээхдээ ёс зүйдээ онцгой анхаарах шаардлагатай байгаа. Ёс зүйн суурь зарчмуудаа эргэж харах хэрэгтэй. Сэтгүүлчдэд нэг томоохон сорилттой тулгарсан. Улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн томоохон эрх ашгийн маргаанд санаатай болон санаандгүй орж байна. Тэгэхээр хамтарсан багаараа сэтгүүлчийн нэр хүндийг өсгөх, ур чадварыг өсгөхөд нягт нэгдэж ажиллана" хэмээсэн.
Мөн Засгийн газар хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, идэвхтнүүдийг айлган сүрдүүлэх явдлыг эцэс болгож, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэх, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даан ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг Эмнести Интернэшнл онцолсон билээ.
Тухайлбал, “Эмнэсти” интернешнлийн Удирдах зөвлөлийн гишүүн Т.Жанерке "Энэ онд дэлхий даяар Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглал батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тус тусдаа, дор бүрдээ тэмдэглэдэг байсан хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хамтдаа тэмдэглэх гэж байна. Монголын Эмнести Интернэшнл ч гэсэн Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг баталгаажуулахын төлөө хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх хамтарсан энэ аянд нэгдэжбайна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд суурилсан чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээлэл нь хүний бусад бүх эрхийг хамгаалахад амин чухал. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажлын үр дүнд эрүү шүүлт, ялгаварлан гадуурхалт, авлига, албан тушаалын зэрэг гэмт хэргүүдийг илрүүлж, баримтыг олон нийтэд мэдээлэх нь хүний эрхийн зөрчлийг арилгах, засгийн газарт хариуцлага тооцох анхны алхам болдог. Гэвч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах, Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, дарангуй дэглэм рүү ухрах байдал дэлхий дахины олон орондажиглагдажбайна. Тухайлбал Орос улсад дайны талаар мэдээлснийх нь төлөө хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд дуудан, үйл ажиллагааг нь зогсоож байна. Афганистан, Этиоп, Мьянмар, ОХУ болон дэлхийн бусад орнуудад сэтгүүлчдийг хорьж шийтгэсээр байна. Ойрх Дорнод, Африкийн бүс нутгуудад эрх баригчид шүүмжлэлт үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаалд оролцсон, хүний эрхийн үйл хэрэг болон улс төрийн үйл ажиллагаа явуулсан хэргээр хүмүүсийг дур мэдэн баривчлах, саатуулах, ял шийтгэх, дарамтлах зэргээр аюулгүй байдалд нь халдаж байна. Засгийн газар хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, идэвхтнүүдийг айлган сүрдүүлэх явдлыг эцэс болгож, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэх, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даан ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг Эмнести Интернэшнл онцолж байна" гэв.