Гурав, дөрөвдүгээр ангийнх болов уу гэмээр сурагчид Эрүүл мэндийн төвийн гадаа жагсжээ. Тэднийг эмчийн үзлэг, эсвэл дархлаажуулалтад хамруулах ньгэж таамаглав. Багш нь бололтой хоёр бүсгүй сурагчдыг нааш цааш болгож, зохион байгуулж байгаа харагдлаа. Ээлжээ хүлээн дараалалд зогсох хүүхдүүдийн чимээ шуугиан, бужигнаан л тэндхийн нам гүм, эл хульбайдлыг эвдэж, “Энд ч амьдрал өрнөдөг шүү” гэж сануулах мэт. Бусдаар тэнд хүний анхаарал татах, нүдэнд өртөх зүйл ер ховор. Мотоцикл хөлөглөж, морьэмээллэсэн залуус хаа нэг дайралдахдаа гайхширч, сонжсон харцаар удаан гэгч ньширтэх ньхөдөөний ажин түжин амьдралаас хол хүмүүст сонихон тусаж магадгүй л юм. Түм түжигнэж, бум бужигнасан газраас анх удаа сумд ирж буй нэгэнд бол тэндхийн хэтэрхий эл хуль байдал хачирхалтай санагдаж болзошгүй. Харин бидний хувьд энэ нь шинэ дүр зураг биш байлаа. Хичээл сургууль амарч, аялал, зугаалга идэвхэжсэн, айлууд зусландаа гарч, иргэд хот хүрээг зорих нь олширдог зуны дэлгэр цагийг санагдуулам эл хуль, нам жим төрхийг жилийн дөрвөн улирлын турш “хадгалдаг”, хүн ам цөөтэй, хөгжил дэвшлээр дулимаг сум Монголд цөөнгүй болсон. Өнгөрсөн баасан гарагт очсон Сэлэнгэ аймгийн Хушаат сум яг л ийм байв.
Сэлэнгэ аймаг бол манай улсын газар тариалангийн гол бүс нутаг. Тус аймгийн сумдаас ургацын хэмжээ, үйлдвэрлэлээрээ Хушаат тэргүүн эгнээнд жагсдаг юм байна. Сумын Засаг дарга Н.Захирахбаатар ч “Манай сум 24 мянган га эргэлтийн талбайтай. Одоогоор газар тариалангийн чиглэлд 17 аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Монгол төмсний элит үр үйлдвэрлэдэг, 21 аймгийг үрээр хангадаг хоёр аж ахуйн нэгж бий. Зөвхөн “Витафит групп” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж тусгай сортын лууван тарьдаг компани ч байдаг. Манай сум сүүлийн 10 жилд газар тариалангийн салбарын үзүүлэлтээр улсад гуравдугаар байраас хойш орж үзээгүй. Улсын хэрэгцээний нийт үр тарианы 2-10 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн. Энэ салбараас төрсөн гавьяа шагналтан ч цөөнгүй” хэмээн бахдан өгүүлсэн юм. Улсын төсвөөс татаас авдаггүй зургаан аймгийн нэг нь Сэлэнгэ бөгөөд энэ амжилтад тус сум тодорхой үүрэг гүйцэтгэдгийг ч тэрбээр хэлсэн. Түүнчлэн газар тариалангийн ачаар иргэд ажил, орлоготой, ахуй амьжиргаа нь жилээс жилд дээшилж байгааг дурдав. Хачирхалтай нь, иргэд түүнээс өөр зүйл ярилаа.
Хушаат сум бэлчээр ус сайтай, ургамал ногооны гарц дориун учраас Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, баруун, зүүн хязгаараас ирж суурьшсан малчин цөөнгүй. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг баруун аймгийнхан зонхилдог аж. Ямар сайндаа л иргэд нь “Манай сум олон ястны өлгий болсон” гэж хошигнох вэ дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд малчид, тариаланчид, нутгийн уугуул, суугуул иргэдийн хооронд газар ашиглалтаас үүдэлтэй зөрчил, тэмцэл гаарч, энэ нь өрхийн ахуй амьжиргаанд ч нөлөөлж эхэлжээ. Тариалан эрхлэгчид нь “Малынхаа тоо толгойг хязгаарла. Манай сум эхнээсээ газар тариалангийн бүс байсан” гэж малчдыг гадуурхдаг гэнэ. Харин малчид “Тариалангийн бүс гээд бидний эрх ашиг, ахуй амьжиргааг боомилж болохгүй” гээд эсэргүүцдэг аж. Уулзсан хоёр хүн тутмын нэг нь энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлж байна. Орон нутгийн удирдлага ч “Бэлчээр нутаг, тариалангийн талбайгаас үүдэлтэй зөрчил тасардаггүй” хэмээн цухас дурдсан юм.
Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөний хөгжлийг тэнцвэржүүлэх замаар орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх бодлого баримталж байгаа. Үүний хүрээнд аймгууд шилжин ирэх иргэдэд таатай нөхцөл боломжуудыг санал болгож, хэнийг ч, хэзээ ч хүлээж авахад бэлэн, нээлттэй гэдгээ зарлацгаасан. Сэлэнгэ аймаг гэхэд хөдөөний хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой “Нээлттэй Сэлэнгэ” хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаад буй. Харин Хушаат сум зорин ирсэн хүн бүхнийг хүлээж авахгүй юм байна. Тодруулбал, малтай өрх шинээр суурьшуулахгүй байх шийдвэрийг орон нутгийн удирдлага гаргажээ. Тэрбээр “Манай аймгийг газар тариалангийн бүс гээд Засгийн газрын тогтоолоор баталчихсан. Тиймээс малтай өрх авахгүй. Харин тариа, ногоо тарьж, хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд нээлттэй. Сумаас баримталж буй үндсэн бодлогод нийцүүлж, эрчимжсэн мал аж ахуй эрхэлнэ гэвэл дэмжих бололцоотой. Төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар эндхийн ямар ч хүнд газар олгоход бэлэн” гэсэн юм. Гэтэл тариалан эрхлэгчид нь хүртэл хоорондоо зөрчилдөж, тэмцэлддэг гэх.
Хэдийгээр тус сум газар тариалангийн гол бүс нутагт хамаардаг ч хүн бүр, өрх болгон ийм аж ахуй эрхлэх боломжгүй. Улирлын чанартай ажил учраас тогтмол орлого олох боломжгүй, айлууд нь цөм хэрэгцээнийхээ ногоог хангачихсан байдаг тул энэ чиглэлээр худалдаа эрхлэх зах зээлгүй, эрхэллээ гэхэд усалгаа, арчилгаа, тээврийн зардал, хадгалах зоорь байгуулахаас эхлээд өртөг ихтэйг иргэд хэлсэн юм. Энэ сумынхны хувьд намрын улирал хамгийн хөл хөдөлгөөнтэй үе нь гэнэ. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, өрхүүд иргэдийг өдрийн 30-50 мянган төгрөгөөр ажиллуулдаг энэ үед сумд ажилгүй хүн үлддэггүй аж. Үнэ хаялцаад ч хүн олддоггүй гэсэн. Харин бусад үед иргэдийн, ялангуяа сумын төвийнхний худалдан авах чадвар, амьжиргаа эрс муудаж, дагаад дэлгүүр, ШТС-ын орлого нь хүртэл мууддаг юм байна. Тэнд “Петровис” группийн салбар ШТС-д ажилладаг эмэгтэй “Дархан-Уул аймгийн захын нэг хүнсний дэлгүүрийн хэмжээнд ч орлоготой байж чаддаггүй. Намар л орлого сайтай байдаг” хэмээн ярьсан юм. Сум, суурин газруудад нэгдсэн худалдааны гудамж байдаг бөгөөд тэнд нь дэлгүүр, цайны газрууд нэг дор байрладаг жишиг бий. Харин Хушаат сум цөөн хүн амтай учраас ийм гудамж байхгүй. Ердөө зургаахан дэлгүүртэй. Тэдгээр нь тархай бутархай байрладаг. Гэсэн ч орлого тааруу, бизнес эрхлэгчид нь өрийн дэвтэр дээрх тэмдэглэлээрээ өрсөлддөгийг наргиан болгож ярилаа. Ерөөсөө тэнд тариалангийн бус үйлдвэрлэл, бизнес, ажлын байр бараг үгүй. Хөнгөн блокны ганц үйлдвэр нь зах зээлээсээ хамаараад алдаг оног үйл ажиллагаа явуулдаг. Биднийг очиход ч цоожтой байв. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, захиргаа зэрэг нэг дор байрладаг хэдхэн “байшинд” л төрийн албан хаагчид нь төвлөрдөг юм байна. Эдгээр байгууллагын цалин хангамж бага учраас хүн тогтдоггүй гэнэ. ЗДТГ-т гэхэд зургаан хүний сул орон тоо байгааг удирдлага нь хэлэв. Эрүүл мэндийн төвд эмч, сувилагч нийлсэн таван хүний орон тоо гарчээ. Сургууль, цэцэрлэг, соёлын төвд ч багш, мэргэжилтэн ус, агаар шиг хэрэгтэй байгаа аж.
Хушаат сум 575 өрх, 2082 хүнамтай. Н.Захирахбаатар “Хүн амын тоо өсөж байгаа, шилжин ирэгсэд нэмэгдсэн” гэж ярьсан ч статистик мэдээлэл нь түүний хэлснээс зөрж байна. Энэ сумын хүн амын тоо 2021 онд 2125 байсан бол өнгөрсөн жилийн тооллогоор 2082 болж буурчээ. Өрхийн тоо 2021 оныхоос 10-аар цөөрч, одоогоос зургаан жилийн өмнөх түвшинд очжээ. “2022 онд танай сумд яг хэчнээн иргэн шилжин ирсэн, хэдэн хүн явсан бэ” хэмээн Засаг даргаас хэдэнтээ давтан асуугаад ч хариулт авч чадаагүй юм. Тэрбээр хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нарийн, бодит мэдээлэл өгсөнгүй. Орон нутагт нь шилжин ирж буй иргэдийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж ирснийг нь асуухад “Энд ажиллаж, амьдардаг гаднын иргэдийг харьяалалдаа авч, өмчлөлийн газар, эрхлэх ажилтай болгох чиглэлд анхаарч ирсэн. Мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг зөвшөөрөлтэй нэг аж ахуйн нэгжээрээ дамжуулаад шинээр барилга, байгууламж, хашаа барих иргэдэд шаардлагатай түүхий эд, материалыг 30 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэр гаргасан. Суурьшлын бүсээ тэлэх, иргэдэд өмчлөлийн газрыг нь төвөг чирэгдэлгүй олгох бодлого баримталж байна. Сэлэнгэ аймаг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөгөө ирэх зургадугаар сард батална. Үүний дараа суурьшлын бүсийн өргөтгөсөн хэсэгт иргэдэд газар олгох нөхцөл бүрдэнэ. Мөн ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор дуудлагын засвар, үйлчилгээний төв, малын түүхий эд боловсруулах газар байгуулахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Ганц салбарын үзүүлэлт, шагнал, урамшууллын хэмжээгээр орон нутгийн хөгжил үнэлэгддэггүйн бодит жишээг Хушаат сум харууллаа. Хэдий тус сум газар тариалангийн салбарт чухал бүс нутагт тооцогддог ч нийгмийн хөгжлийн үзүүлэлтээр баруун, алслагдсан аймгийн зарим сумаас ч дор харагдав. Харьцангуй төвийн бүсэд хамаардаг хэрнээ нэг км ч хатуу хучилттай авто зам тэнд алга. Саяхныг хүртэл иргэд нь Орхон голыг бярваазаар гаталж, хот хүрээг зорьдог байсан гэх. Төрийн байгууллагууд нь бүгд модон жорлонгоосоо салаагүй. 300 гаруйхан сурагчтай ерөнхий боловсролын сургууль нь гэхэд өөрсдийн гэсэн ариун цэврийн байгууламжгүй, Соёлын төв өргөөнийхийг “зээлж” ашигладаг юм билээ. Сумдын бодит нөхцөл байдал ийм л байна.
Хушаат сумын иргэдтэй уулзаж, ахуй амьдралыг нь сонирхлоо. Тэд тулгамдаж буй асуудлаа ярьсан юм.
МАЛ МАЛЛАХАД БЭРХШЭЭЛТЭЙ
Б.ДЭЛГЭР (малчин):
-Би Увс аймгийн Тэс сумын харьяат. Энд ирээд 10 гаруй жил боллоо. Бог, бод нийлсэн 400 гаруй тооны малтай. Малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулж өдий хүрсэн. Энд мал маллахад улам бэрхшээлтэй болж байна. Тариалангийн талбайн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр малын бэлчээр хумигдлаа. Зун, намарт тариа, ногооны ид ажлын үеэр хэдэн малаа өдөр, шөнөгүй, өөд, уруугүй дагадаг. Тариалангийн талбай руу орчихвол өчнөөн сая төгрөгийн өрөнд унана шүү дээ. Нэг поль руу 30, 40 адуу захлаад гарахад л эзнийг нь 5-6 сая төгрөгөөр торгодог. Малынхаа тоо толгойг өсгөх хэцүү, өсгөхгүй байх бүр бэрхшээлтэй. Малчид, тариаланчид гэж хоёр хуваагдаж, хэрэлдсэн улс манай сумд байна.
СУМААС АХМАДУУДЫГ ДЭМЖДЭГГҮЙ
Б.СОНГОО (өндөр настан):
-Би Орхоны сангийн аж ахуйд мярнуусан хонины үржүүлэг хариуцсан техникчээр 35 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Эндхийн уугуул биш ч бага залуу наснаасаа амьдарсан. Бусад газартай харьцуулахад манай сум айхавтар цэцэглэн хөгжсөн зүйл алга. Сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Ганцаараа амьдардаг учраас яаж ийгээд болгоод л байна. Захиргаанд ажилладаг охин маань надтай ижил хэмжээний цалин авдаг. Залуучууд яаж хүргэдэг юм бол. Өрөвдөх юм. Нэг “Портер” түлш 450 мянган төгрөгийн ханштай байна шүү дээ. Сумаас ахмадуудыг дэмжих чиглэлд анхаарч, дорвитой ажил хийдэггүй.
МАЛЧДЫГ ХАВЧИН БООДОГ
Ц.МӨНХБАЯР (малчин):
-Би Баян-Өлгийгөөс нүүж ирээд 14 жил болж байна. Эрчимжсэн мал аж ахуй руу шилжинэ гээд яриад л байгаа. Дорвитой ахиц алга. Эртнээсээ нааш хөдөө нутагт тааваараа амьдарч, мал сүргээ идээшлүүлээд дадчихсан хүмүүсийн хувьд энэ нь тийм ч хялбар зүйл биш. Малынхаа үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг аль болох сайжруулахыг хичээх юм. Даанч сум, орон нутгийн удирдлагаүүнийг ойлгохгүй, хэдэн малчнаа хавчиж боосоор байна. Бэлчээр нутаг, тариалангийн бүсээ хамгаалах нь зөв ч малчдыг илт гадуурхаж, ад шоо үзэж болохгүй. Гаргаж буй бодлого, шийдвэрээрээ “Манай сум тариалангийн бүс нутаг учраас та нар малаа цөөл, ногоо тарь, тариалан эрхэл” гэж тулгаж байна шүү дээ. Хүний амьжиргаатай холбоотой ярвигтай асуудал. Газар тариалангийн бүс гэдгээрээ малын хөлийн татвар ч ихээхэн нэмэгдсэн. Нэг малаас дунджаар 3000 төгрөг авдаг. Малын тоо толгойг зохицуулах ийм бодлого барьж байж давхар дарамт учруулаад байгаа нь зохисгүй.
МЭРГЭЖИЛГҮЙ ХҮНД АЖИЛ ОЛДОХ НЬ ХОВОР
Э.ӨЛЗИЙЖАРГАЛ (Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш):
-Манайх 2020 оны намар энд нүүж ирсэн. Би Завхан аймгийн уугуул, нөхөр минь Увсынх. Бид өмнө нь Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод, мөн 2015-2016 онд Хушаат сумд амьдарч байсан. Олон газарт амьдарч үзээд, харьцуулаад, хүүхдэд хамгийн ээлтэй, тохиромжтой нь сум гэж үзсэн юм. Сургуулийн дотуур байранд багшаар ажиллаж байгаад өнгөрсөн оны намраас эхлэн монгол хэл, уран зохиолынхичээл зааж байна. Нөхөр минь хоёр жил гаруйн хугацаанд эрхэлсэн ажилгүй, гэртээ сууж байгаад 2022 оны хавраас “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Хушаат хэсгийг хариуцсан монтёр, байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа. Бидний хувьд хоёул эзэмшсэн мэргэжилтэй тулдаа ажлын байртай золголоо. Мэргэжилгүй хүнд бол хөдөө ажил олдох нь ховор. Овсгоо самбаатай хүн бол тухайн сум, орон нутагт шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлж болох юм. Гэхдээ бэрхшээлтэй. Манай сумд үйлдвэрлэл, үйлчилгээ төдийлөн хөгжөөгүй. Иргэд баяр ёслол болоход, хүүхдийнхээ төрсөн өдрийнбялууг авахдаа хүртэл Дархан-Уул аймгийг зорьдог.
ШИЛЖИЖ ИРЭХЭД ТААТАЙ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ
Б.ГАНТОГТОХ (Тариалан эрхлэгч):
-Хушаат сумд ирээд таван жил болж байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор ирсэн. Тийм ч таатай хүлээж аваагүй. Өмчлөлийн газар авах хүсэлтээ хоёр жил гаруйн дараа шийдвэрлүүлсэн. Энд малчид гэлтгүй тариаланчид хүртэл нэгнийгээ үздэггүй. “Энэ надаас илүү зүйл хийчих вий, минийхээс том газарт тариа, ногоо тарьчих вий” гэсэн хандлагаар бие биетэйгээ барьцаж, хэл ам гаргадаг. Сум жижиг учраас нэг газарт болсон яриа нөгөөд дамжихдаа хурдан. Зарим нь нэгнийгээ чадах зорилгоор талбай руу нь адуу, мал тууж оруулдаг л гэнэ. Малаа шөнө хонуулаад, үүр цүүрээр гаргадаг ч гэж ярьдаг. Янз бүрийн зүйл дуулддаг. Би эхэндээ томоохон хэмжээний хүлэмж байгуулахаар зорьж байсан бол одоо өрхийнхөө хэрэглээг хангах хэмжээнд төмс, хүнсний ногоо тарьж байна. Өвөл, хаврын цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу тээвэр хийдэг.
БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ ТУЛДААЛ БОЛЖ БАЙНА
Б.ЦЭНД (эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн):
-Сумд амьдрал амаргүй байна. Ажил, орлогогүй, нэгнээ бараадсан, өр зээл тавьсан хүмүүс. Эрчүүд нь өвөл, хавартаа самар, модонд явж, ахуй амьжиргаагаа залгуулж байна. Эмэгтэйчүүд нь үр хүүхдээ харж, ар гэрээ хариуцаж үлддэг. Манай сум байгалийн баялагтай тулдаа л болж байна. Жимс, самар ургадаггүй, тариа, ногоо тарьдаггүй байсан бол яах вэ. Үе үе ингэж боддог юм. Байгалийн нөөц баялаг хэмжээтэй шүү дээ. Хэзээ нэгэн цагт барагдана. Ургацын хэмжээ ч багасна. Тиймээс шинэ чиглэлээр ажлын байр бий болгох хэрэгтэй. Бараа, бүтээгдэхүүн энд маш үнэтэй. Ирэх болгондоо 50, 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Урд дэлгүүрт 1000 төгрөгөөр худалдаж байгаа бүтээгдэхүүнийг хойдох нь 2000-аар зарж байх нь хэвийн зүйл. Хяналт тавьдаг юм уу, бүү мэд. Бэлэн мөнгөтэй хүн ховор. Цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Сумд дундаж цалин 400-600 мянган төгрөг байдаг. Сургуулийн нярав гэхэд 550 мянган төгрөгийн цалинтай. Олон жил ажилласан багш нар, захиргааны улсууд л гайгүй цалин авдаг гэсэн. Ийм хөгжилгүй, бага цалинтай газарт хэн ч үр хүүхдээ амьдруулахыг хүсэхгүй.