Хөдөөг хөгжүүлж, орон нутагт шилжин суурьшигчдад амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой, Засгийн газар энэ чиглэлээр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, аймаг, сумуудад нүүж очсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаашид хэрхэн дэмжих зэрэг асуултад хариулт өгч, олон нийтэд нэгдсэн мэдээлэл хүргэсэн “Хөдөөний сэргэлт” чуулган өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотод боллоо. Энэхүү арга хэмжээг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилтын нэг болох хот, хөдөөний сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан юм. Чуулганд Засгийн газрын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэд нийлсэн 1400 гаруй хүн оролцсоноос 1000 орчим нь сайн дураар бүртгүүлж, хүрэлцэн ирснийг зохион байгуулагчид онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хот, хөдөөний сэргэлт” сэдвээр чуулганы эхэнд илтгэл тавихдаа “Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг төсвөө өөрсдөө бүрдүүлж, бусад нь улсаас татаас авч байгаа нь бүс, орон нутгийн хөгжил туйлын тэнцвэргүйг харуулж байна. Төсвөө бие даан бүрдүүлдэг аймгуудын тоог олшруулж чадвал манай улсын аз жаргалын индекс, хот, хөдөөний хөгжлийн тэнцвэр хангагдана. Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа үндсэн зургаан багц асуудал (боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, төрийн бүтээмж, хот, хөдөөний сэргэлт)-ыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаж, 2050 он хүртэл үе шаттай ажил хийж, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Эдгээр нь бүгд харилцан хамааралтай, орон нутгийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орж буй. Харамсалтай нь, хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод буюу нийт газар нутгийнхаа 0.3 хувьд хэт төвлөрөл үүсгэн амьдарч байна. Их, дээд сургуулиудын 90, худалдаа, үйлчилгээний газруудын 84.2, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын 70.4, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 84, нийт хуримтлалын 76.5 хувь нь хотод төвлөрдөг. Энэ бол манай улс өнгөрсөн 30 жилд төлөвлөлтгүй, бодлогогүй явж ирсний гажуудал юм. Цаашид бид хөдөөг сэргээх, хөгжүүлэх замаар энэ асуудлыг илүү цэгцтэйгээр, бодлоготойгоор шийдэх хэрэгтэй. Улаанбаатарт төвлөрөхгүй байна гэдэг хөдөө сэргэх концепц гэдгийг олж харж, нийслэлийн төвлөрлийг шийднэ гэж дайрахаасаа илүү өрсөлдөхүйц хот бий болгох чиглэлд анхаарч, тархиа ажиллуулах шаардлагатай. Нийслэл, орон нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэхэд хандлага их чухал. Хөдөөнийхнийг бүдүүлэг, “орк” гэж цоллодог, нийслэл, орон нутгийнхан гэж ялгаварлан гадуурхаж, талцан хуваагддаг байдлаасаа ангижрах ёстой. Иргэд яагаад нийслэлд ирж суурьшдаг вэ. Мэдээж ажлын байр, үйлчилгээний чанар, хүртээмж чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, хотын иргэн байх гэсэн статус нөлөөлдөг. Ялангуяа их, дээд сургуулиа төгссөн оюутан, залуус хотод ажиллаж, амьдрахыг илүүд үздэг. Тиймээс бид дэд бүтцээс эхлээд хууль, эрх зүйн хүрээнд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээс гадна хандлагаа өөрчлөх нь чухал” хэмээн онцолсон юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20, бусдынхыг нь 10 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ. Үүний хүрээнд Засгийн газар шилжилт хөдөлгөөнийг идэвхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэлээ хангасныг тэрбээр мөн дурдлаа. Тухайлбал, орон нутаг руу шилжсэн иргэдэд ипотекийн гурав, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Ипотекийн зээлийг энэ оны эхний улиралд багтаан арилжааны банкуудаар олгож эхлэхээр болсныг дуулгав. Мөн дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэгчдийг эхний зургаан жилд татвараас 50-90 хувиар чөлөөлөх гэнэ. Түүнчлэн орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Аймгууд бүсчилсэн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогын арга хэмжээ болон нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаарх саналаа манай яаманд ирүүлсэн. Эндээс үзэхэд, 21 аймгийн 19-ийнх нь Засаг дарга “Өөрсдөө газраа олгодог болъё” гэсэн санал дэвшүүлсэн байна. Мөн хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулган, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Бүс нутгийг хөгжүүлэх гол гарц нь зах зээл юм. Эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхэд цаашид анхаарна. Экспорт болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих бодлогын арга хэмжээ авснаар манай улсын эдийн засаг 2023 онд 3.5-6 хувиар өсөх тооцоотой” гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Орхон, Говьсүмбэрээс бусад аймагт шилжин ирсэн хүний тоо нутгаа орхиж явснаасаа хэд дахин бага гарсан. Тухайн нутаг дэвсгэрээс явсан болон шилжин ирсэн иргэдийн зөрүү буюу цэвэр шилжилтийг тооцоход 1990-2019 оны хооронд 454 мянган хүн нийслэлд суурьшжээ. Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимжсэний улмаас Улаанбаатар анхны төлөвлөлтөөсөө давсан ачаалалтай болж, олон асуудал бэрхшээлтэй нүүр туллаа. Төвлөрөл нь нэг талаараа хөгжил дэвшил, эдийн засгийн хувьд олон давуу тал бий болгодог ч ганц байршилд хэт төвлөрөл үүсгэх нь улс, үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг эрсдэлтэй. Иймд Монгол Улсыг олон төвтэй хот болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Боомтын болон эрчим хүчний сэргэлтийн хүрээнд орон нутагт 1300 гаруй ажлын байр шинээр бий болгоно” гэв.
Чуулганаас анхаарал татсан зүйл нь 21 аймгийн Засаг дарга нарын уриалга байлаа. Тэд иргэдийг нутагтаа урьж, шинээр суурьшигчдад үзүүлэх дэмжлэг, боломжуудаа танилцуулж, “өрсөлдлөө”. Хэнтий аймаг гэхэд Улаанбаатараас шилжин ирсэн иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих зорилгоор 50-500 сая төгрөгийн зээл олгож, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулах, ажилд зуучлах, аялал жуулчлалын цогцолборт түшиглэн бизнес эрхлэх чиглэлээр газар олгох, төрийн албан хаагчийн орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар тооцож олгох, эмч, сувилагч, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 200 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэрэг боломжийг санал болгож байна. Зөвхөн 2023 онд төв суурин газарт 460 айлд газар олгохоор төлөвлөжээ. Мөн эрэлт хэрэгцээ өндөр, шаардлагатай мэргэжлээр суралцаж буй III, IV дамжааны оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох аж. Булган аймаг “Нээлттэй Булган-ээлтэй нутаг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шаардлагатай эмч, эмнэлгийн ажилтан, багшлах боловсон хүчнийг нэмэгдүүлэхийн тулд амьдрах орон байраар хангаж, өмчлөлийн болон зуслангийн газар олгохоор шийдвэрлэснээ зарлалаа. Мал аж ахуйн бизнес эрхлэх иргэдэд нээлттэй гэдгээ ч хэлэв. Дархан-Уулд өнгөрсөн жил 3000 гаруй иргэн шилжин ирсэн нь орон нутаг дахь хамгийн өндөр үзүүлэлт болсныг аймгийн удирдлага нь онцлоод “Нээлттэй Дархан” хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа дурдлаа. Нутагт нь бизнес эрхлэх хүмүүст ямар нэг дарамт үзүүлэхгүй, авлига, ашиг сонирхлоос ангид байлгахад анхаарахаа тэрбээр хэлсэн бөгөөд гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд орчны болон хүнсний аюулгүй байдлаа хангах ёстойг онцоллоо. Говь-Алтай аймаг “Сумын төвийн хөгжил, хөдөөгийн шинэчлэл” санаачилгын хүрээнд малын гаралтай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж, эхний шатны ажлуудаа хийж байгааг Засаг дарга нь дуулгалаа.
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан, өдгөө хөдөө амьдарч буй иргэдийн төлөөлөл ч чуулганд оролцож, туршлага, байр сууриа хуваалцлаа. Засгийн газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож буй болоод ч тэр үү, тэдний олонх нь эерэг, сайн сайхан зүйл ярьсан юм. ХБНГУ-д сэтгэл судлаачаар суралцаж ирээд, Булган аймгийн Хишиг-Өндөр сумд төвхнөсөн Х.Энхбилэг “Одоогоос таван жилийн өмнө нөхцөл байдал тэс ондоо байсан. Хөдөө рүү шилжиж байгаа иргэдэд үзүүлдэг ямар нэг дэмжлэг, туслалцаа байгаагүй. Засгийн газар орон нутгийн хөгжилд анхаарч, “Байрны зээл олгоё, ажлын байраар хангая, хүрч ирээч” гэж уриалж эхэлсэн нь сайшаалтай. Аймгуудын мэдээллийн төвтэй танилцлаа. Маш олон ажлын байр санал болгож байна. Орон нутагт бидний төсөөлж байгаагаас ч олон боломж бий. Иргэд үүнийг олж харж, хандлага, харах өнцгөө өөрчилж чадвал тэнд сайхан амьдрах боломжтой” гэсэн юм. БНХАУ-д байгаль орчны инженер мэргэжил эзэмшсэн, 2020 оноос хойш төрөлх нутагтаа буюу Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Ariya cafe” ажиллуулж буй Э.Арьяабазар “Хүүхэд, залууст шинэ соёл түгээх, уулзаад суух тухтай орчин бүрдүүлэх зорилгоор хөдөө кофе шопоо нээсэн. Анх 2020 оны зун нэгэн жижиг байшинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол дараа жил нь Мөрөн сумд хоёр дахь салбараа нээсэн. Орон нутагт юу шаардлагатайг олж харж, түүнд түшиглэсэн зүйл хийх нь өгөөжтэй” гэсэн бол Дорнод аймгийн Баянтүмэн сумд амьдраад 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа Л.Лхагвасүрэн дөрвөн хананы дундах соёлыг хоёр баганын доор багтаах амаргүй, хотоос хөдөө рүү шилжиж буй иргэдэд олон талын сорилт бэрхшээл тулгардаг, тэр бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэйг залууст анхааруулав.
“Хөдөөний сэргэлт” чуулгантай холбоотойгоор иргэд, олон нийт цахим сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлж, санал бодлоо уралдуулж байна. “Энэ уул минийх, тэр хайрхныг би өмчиллөө” гэж хошигноцгоох болов. Энэ нь Ерөнхий сайдын “Монгол Улс маш өргөн уудам газар нутагтай. Бараг хүн бүр нэг уул эзэмшиж амьдарч болохоор” гэж хэлснээс үүдэлтэй аж. Үүнээс үндэслээд иргэд орон нутагт газар олгох үйл явц ихээхэн хүнд сурталтай, түмэн бэрхшээлтэйг, зарим иргэнд уул байтугай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлдэггүйг, “Хэн ч, хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй” гэж ухуулж байгаагийнхаа эсрэг байдгийг асуудал болгон дэвшүүлсээр байна.