Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл дэх Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. 1999 онд байгуулагдсан эл сургууль 24 багш, 342 сурагчтай бөгөөд БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус улсын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн дээрх сургуулийгүүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлээд, үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Түүнчлэн тэрбээр “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой Монголын баялаг юм” хэмээн тодотгов. Тэгвэл Сөүл дэх Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын “Монгол сурагчид тав тухтай орчинд боловсрол эзэмшиж, салбар бүрт манлайлагч болох нь миний мөрөөдөл” гэв. Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэхэд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаснаа дуулгалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл дэх Монгол сургуулийн захирал Юү Хэ Гынд энэ үеэр батламж, сурах бичгүүдийн хамт гардуулсан юм. Тус сургууль нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрддөг аж. Өдгөө дэлхийн 16 улсын 39 хотод 59 монгол сургууль, хэл соёлын төв байнгын үйл ажиллагаа явуулж буй гэнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол сургууль, хэл соёлын төвүүдийн багшийн мэргэжил заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд Гадаад харилцааны яам Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран мэргэжлийн заах арга зүйн цуврал цахим сургалтыг нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, 100 гаруй багшийг хамруулжээ. Мөн олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ судалгааг өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Хэлний бодлогын зөвлөлийн Европ, Ази дахь салбар зөвлөлүүдийг байгуулан ажиллаж буй юм.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулаад, төрийн бүтээмжийг сайжруулахаар төлөвлөж буй, “Авлигатай тэмцэх жил” гэж анх удаа зарласан зэргийг дурдав. Манай улсын ДНБ 2021 оны байдлаар 43.6 их наяд төгрөгт хүрсэн. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгаа тэлж, гадаадын хөрөнгө оруулалт татахыг зорихоо Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, ДНБ-ий хэмжээг ойрын хугацаанд 60-70 их наяд төгрөгт хүргэх боломжтой хэмээн үзэж буйгаа хэлэв. 2021 онд нэг хүнд ногдох ДНБ 4566 ам.доллар байсан бол 5500-д хүргэх боломж бий гэж үзэж байгаа аж. Ерөнхий сайд “Засгийн газар илүү уян хатан, хурдан ажиллая. Та бүхэн оролцоотой байна уу” хэмээн хүссэн юм.
Уулзалтад ирсэн иргэд БНСУ-д олон монгол хүн ажиллаж, амьдарч байгаа ч Консулын зүгээс хүн хүчтэй холбоотойгоор иргэдэд хүрч ажиллахад анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байв. Мөн тус улс дахь монгол иргэд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл муу, оюутнууд өдөрт хоёрхон цаг ажиллаад зардлаа олоход бэрхшээлтэй байдаг, Улаанбаатар-Инчон чиглэлийн онгоцны тийзийн үнийгхөнгөлөх шаардлагатай зэрэг асуудал тулгарч буйг дурдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНСУ дахь Монголын ЭСЯ, Консулын ажилтны тоог нэмье. Энд байгаа бүтэц том байх ёстой бол ачаалал багатай газраас нь орон тоог хасъя” хэмээгээд, эл асуудлыг 3-4 сарын дотор шийдэхийг Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын даргад даалгасан юм. Энэ мэтчилэн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд болон салбарын сайд нар илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дахь айлчлал өнөөдөр үргэлжилнэ.